Л.Энх-Амгалан: Хөдөө орон нутагт уул уурхайн чиглэлээр анги нээсэн бол Улаанбаатарт тэр чиглэлийг хорино

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.20/ үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажиж гарлаа.

Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжлийн асуудал юм. Ингэснээр хөдөө орон нутагт байгаа боловсон хүчнээ чадавхжуулахад чухал ач холбогдолтой.

Өмнө нь Улаанбаатар хотоос их, дээд сургуулиудын салбарыг орон нутагт байгуулах шийдвэр гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Яагаад гэхээр энэ нь механик нүүдэл байсан.

Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байна. Нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байгаа нь сэтгэл эмзэглүүлэм юм. Гэхдээ бид их дээд сургуульд сурч байгаа оюутнуудаа буруутгаж болохгүй. Үндсэндээ хот хөдөөгийн боловсролын ялгаа бүх түвшинд бий болсон. Тиймээс цаашид Улаанбаатарт олгож байгаа боловсролыг орон нутагт олгодог болох нь чухал юм. Хамгийн гол нь төгссөн оюутнуудын хэдэн хувь нь ажлын байртай болсон бэ гэдэг үзүүлэлтээр их, дээд сургуулийн чанарыг хэмждэг болъё гэж байгаа юм.

Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна.

Ингэхдээ салбарыг биш сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Ингэхдээ Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд байгаа дотуур байр, барилга байгууламжийг ашиглаж, өргөтгөх замаар цогцолборуудаа байгуулах юм.

Мөн ирэх оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа" гэв.

Эцэст нь тэрбээр төгсөхөөс өмнө ажлын байртай болдог оюутнууд байдаг. Тухайлбал, электрон технологи, зам тээвэр барилгын анги байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нартаа Улаанбаатарт олгож байгаа багш ажилчдын цалинг олгох, орон сууцны ипотекийн зээлд хамруулах боломжоор хангах асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг тодотгов.

Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд 10-15 мянган оюутныг суралцах боломжоор хангах зорилготой байгаа аж. Эдгээр гурван аймагт уул уурхайн чиглэлээр анги нээсэн бол Улаанбаатар хотод давхардсан анги, мэргэжлийн хичээл байхгүй болох зохицуулалтыг хийнэ гэлээ. Хувийн сургуульд магадлан итгэмжлэх олгох ажлын Боловсрол шинжлэх ухааны яам хийдэг. Тиймээс хөдөө орон нутагт мэргэжил, хөтөлбөр давтагдахгүй байх боломжийг их дээд сургуулийн тусгай зөвшөөрөлтэй холбон хийнэ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.8) 2021 оны 10 сарын 20

Улсын гэх бүх сургуулиа нэгтгээд цэгцлэх хэрэгтэй дээ

0  |  0
Mergen(107.77.229.102) 2021 оны 10 сарын 20

Ene aimgiig hotiin stadustai bologchuul hugjliin neg shatruu alhlaa \nHotod vldej bgaa surguuliin tulbriin nemeh heregtei. \n

0  |  0
Top