ОЛОН ӨНГӨ: Худаг дээр

2021 оны 10 сарын 21

Үе тэнгийн яруу найрагчдадаа нутгаа гайхуулан давхиж явлаа. Зоогийн шанд гэж өгөөжөө өгсөн шанд бий. Дундговь аймгийн Сайнцагаан сумын хойхон талд Зоогийн овооны энгэрт адуу мал багшраад, морь мотоцикл давхилдаад хөл ихтэй байв. Зоогийн шандны ус ходоодонд сайн гээд настайчууд ам сайтай тул аймгийн төвөөс том, жижиггүй зорьж очих.

Насан багын дурсамж хадгалсан худгийн асгарт дөрөө мулталж буулаа. Гэтэл яг л миний 16 нас дүрээрээ зогсож байх нь тэр. Сөөсийсөн шаргал гэзэгтэй, нимгэн шар царайтай, дүрлэгэр алаг нүдтэй охин биднийг гайхан бүлтийтэл ширтэн угтав. Биесээ хараад хөөрсөн бидэн “Хүү хаа” гээд л дуу шуутай байсан биз. Мөнөөх охинд шүлгийн цомгоо бэлэглэж “арын хаалгадав”. Охин гайхах, баярлах зэрэгцэн инээмсэглэв.

Намрын өвс хивэх ямаа худаг дээр ямбатай нь аргагүй үлдчихээд ус тамшаалан уух аж. Тэгсэн атлаа ижил сүргийнхээ араас сэтгэл хоёрдонгуй майлаад миний багадаа эрхлүүлж ааруул хуруудаа хувааж иддэг байсан “Алаг бөөрт”-тэй адилхан харцаар надаас ус горьдох шиг ширтэв. Юм ингэж давхцана гэж байх уу даа. Яг л тэр үед өөрийн эрхгүй дурсамжийн мананг ярсхийн, ховоо ховоогоор уудлах шиг  онгоц дүүргэж эхэллээ. Бүх л дурсамж энэ худагт нуугдчихсан ч юм шиг.

Хамгийн сүүлд хэзээ ховоо татлаа даа. Тэр жилийн гантай зун санаанд буув. Суганы булчирхайгаа цочтол хонь мал усалдаг байж билээ. Худаг дээр наранд шарагдан хөлсөө дуслуулж, зүдэж ядаж байтал айлын цангасан адуун сүрэг тоос манаруулаад тачигнаад л ороод ирнэ. Хэдэн ишиг хургыг минь хэмхэлчих шахна. Энэ үед саахалт айлын адуучин хүүд цухал төрсөн хэр нь дуран тавиад хүрээд ирдэггүй юм байх даа гэж битүүхэн харна. Ичимхий бүрэг, гэнэн цайлган, гэрэвшингүй дүр нь санаанд тодров.

Мотоциклын дуу пархийхэд л гэнэт цочиж одоо цагтаа эргэн ирлээ. Мөнөөх нар шиг шаргал охин эр хүн шиг эрэмгий сурмагаар төмөр хүлэг хөлөглөн гүвээ даван одох нь тэр. Ай даа, миний 16 нас энэ гүвээгээр даваад явчих шиг л гуниг төрөн хоцров. Гэхдээ би алаг морьтойгоо галигуулдаг байсан.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zo(64.119.25.54) 2021 оны 10 сарын 21

Huduuguu hamgaalaach ee Baga nas shig chini ergeshgui alga boloh ni

0  |  0
Top