З.Баянсэлэнгэ: МАХН зөвхөн Н.Энхбаяр даргын шийдвэрээр МАН-тай нэгдээгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЯМАР Ч ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ТАВАН ЖИЛ ШҮҮХЭЭР ШАЛГАГДАЖ, ЭЦЭСТЭЭ НАДАД ХОЛБОГДСОН АЛБАН ТУШААЛЫН ГЭХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСАН

 

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэтэй УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үр дүн, МАН, МАХН-ын нэгдэл болон түүний албан тушаалын гэмт хэрэгт яагаад холбогдсон, хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж байгаа зэрэг асуудлаар ярилцлаа. Тэрбээр гэр хорооллоос сонгогдсон анхны эмэгтэй гишүүн, Барилга, хот байгуулалтын анхны эмэгтэй сайд зэрэг сонирхолтой тодотголыг өргөж яваа эмэгтэй улстөрчдийн нэгэн төлөөлөл билээ.


-Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд таныг намынхаа зүгээс өндөр үүрэг оролцоотой ажилласан гэж сонссон. Сонгуулиар ажилласан таван бүсийнхээ үйл ажиллагаанд чиглэл өгч, зохион байгуулалт хийсэн. Ажлын төв дунд нь байсан хүний хувьд сонгуулийн үр дүнг яаж дүгнэх вэ?

-Нөхөн сонгуулийн үр дүнг миний хувьд төдийлөн хангалттай гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Э.Батшугар 2020 оны УИХ-ын сонгуульд мөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж 23960 санал буюу их өндөр санал авч байсан. Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид өрсөлдсөн. 28 дугаар тойрогтоо өөрийн гэсэн дэмжигчтэй, намын гишүүдтэй, залуучуудаас дэмжлэг сайтай, олонд танигдсан нэр дэвшигчийн хувьд нөхөн сонгуулийн үр дүн ихээхэн өндөр хувьтай гарах хандлага ажиглагдаж байсан. МАН, МАХН нэгдсэн үр дүн ч сонгуульд гарах болов уу гэсэн хүлээлт байлаа.

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн таагүй уур амьсгал, цар тахлаас шалтгаалж нийт санал өгсөн хүмүүсийн 51.5 хувийн саналаар ялалт байгуулсан ч харамсалтай нь, сонгогчдын ирц 48 хувьтай гарлаа. Ирц дахин санал хураалт явуулах хэмжээнд хүрсэн нь ч хангалттай үзүүлэлт байсангүй.

-МАХН суурьтай Э.Батшугар МАН-аас УИХ-ын гишүүн боллоо. Нийгэмд хэрхэн ажиллах талаар нь сайн, муу хүлээлтүүд байна л даа. Ямартаа ч энэ хүн УИХ-д орсноороо ямар үүрэгтэй ажиллах бол?

-Э.Батшугар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү гэдгээрээ олонд танигдсан. Энэ үүднээсээ ч нийгмийн сүлжээнд янз бүрээр хэлэгддэг л дээ. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт бол өөр, Э.Батшугар хэдийн танигдсан байсан гэж түрүүнд хэлсэн. Энэ хүнд цаг үед олон хүний итгэлийг өвөртөлж, ачааг үүрэлцэж улс төрийн гараагаа эхлүүлж байгаа, өмнө нь Монголбанканд банкны системд дижитал орчныг бий болгохын төлөө чармайн ажилласан туршлага, хоёр намын нэгдэл, нэгдсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд дүгнэхэд ч ажлын бүтээмж, үр дүнгийн хувьд ихээхэн хүлээлт, найдвар тавьж байгаа.

-Намын мөрийн хөтөлбөр гэхээр МАН-ын мөрийн хөтөлбөр болж байгаа юу. Өнөөдөр МАХН байхгүй болчихсон, түүх л үлдсэн үү?

-Өнгөрсөн гуравдугаар сард улсын Дээд шүүхэд нам татан буулгах хүсэлтээ өгсөн. Өнөөдөр МАХН гэсэн улс төрийн хүчин байхгүй. МАН гэсэн улс төрийн хүчин болсон. Нэгэнт МАН болсон учраас бүх талаараа МАН болох ёстой. Адаглаад намын гишүүд нэг болох ёстой. Тиймээс МАХН-ын гишүүд хувьсгалт намынхаа батлахыг хадгалж үлдээд, МАН-ын батлах авах ажлыг үргэлжүүлсээр байна. Гишүүдийн гуравны нэгд нь батлах олгогдсон. Мөрийн хөтөлбөрийн тухайд хэлье. Улс орны хөгжилд туслах бодлогуудыг боловсруулах, ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбар, зорилтот бүлгийн иргэдэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэхэд хоёр намд аль алинд нь мөрийн хөтөлбөрийн зорилтууд урьд нь ч байсан. Энэ мэт олон зорилтоо хамтаар, нэгдсэн хүчээр хэрэгжүүлэхийн төлөө хоёр нам нэгдсэн. Нэгдсэн мөрийн хөтөлбөрөөс Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан, хэрэгжиж байгаа төслүүд цөөнгүй бий. Жишээлэхэд, өрх бүрд орон сууц хөтөлбөр, боловсролын шинэчлэлүүд хэрэгжиж байна.

-Ерөнхийдөө та хоёр намын нэгдлийг дэмжиж байгаа бололтой. МАХН-ыг МАН-д нэгтгэх шийдвэрийг ганц Н.Энхбаяр дарга гаргасан, нөхөн сонгуульд хүүгээ гаргах төлөвлөгөө гэдэг ч юм уу хар бараанаар бас ярих юм аа. Энэ тухайд бас байр сууриа хэлэхгүй юу?

-МАН, МАХН өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсан ойгоор 10 жил тусдаа үйл ажиллагаа явуулсан намууд нэгдлээ шүү дээ. Нэгдээсэй гэсэн хүлээлт ард түмэн, намын гишүүд, дэмжигчдын дунд олон жил байсаар ирсэн. Ганцхан жилд, сонгуультай холбоотойгоор гэдэг ч юм уу шийдэгдсэн асуудал биш. Хоёр нам нэгдэх нийгмийн шаардлага байгааг олон удаагийн хуралдаанаар хэлэлцэж, хэд хэдэн ажлын хэсэг гарч явсан. Үүнд, эхний эгнээнд нэгдлийг дэмжиж байсан хүмүүсийн нэг нь би. Сонгинохайрхан дүүрэгтээ намынхаа хурлыг хийгээд намын үүрүүдийн дарга нартай ярилцаад, намынхаа гишүүдээс эвлэлдэн нэгдэх асуудлыг дэмжиж байгаа эсэх саналыг нэгбүрчлэн авахад 70 гаруй хувиар дэмжсэн. 10 жил тусдаа явсан намуудын алдсан зүйл нь Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцож чадаагүйд байдаг. Тэгвэл нэгдлийн үр дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг нэр дэвшүүллээ. Угаасаа нэгдэх асуудлыг Н.Энхбаяр дарга ганцаараа шийдэхгүй. Хувь хүмүүс хоорондын тохироогоор албан тушаал, суудлын төлөө хоёр нам нэгдсэн гэх байдлаар худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хэсэг явсан л даа. Тийм юм байхгүй ээ. Хоёр нам хоёулаа угшил түүх нэгтэй, адилхан зүүн төвийн үзэл баримтлалтай намууд. Ямар нэг албан тушаалтан бус ард түмэн хожих тухай асуудал энд яригдаж байгаа юм. Хамгийн гол нь МАХН-ын гишүүдээс удаа дараа санал авсны үр дүнд нэгдэхээр болсон. Та бүхэн санаж байгаа бол 2016 онд ч МАХН-ын ахмад гишүүдээс МАН-тай нэгдэх уриалга гаргаж, УИХ-ын сонгуульд эвсэж орох тухай асуудал хүртэл яригдаж байсан.

-Тэгвэл та МАХН-ынхаа өнгөрсөн 10 жилийг товч дүгнэвэл?

-МАХН 10 жил тусдаа бие даасан улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа алдсан нь ч их, оносон ч арвин. 50 гаруй мянган намын гишүүн, 30-40 мянган дэмжигчтэй гуравдагч хүчний байр суурийг эзэлж чадсан. Энэ жилүүдэд ард түмний аж амьдралыг сайжруулах, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах олон төсөл, хөтөлбөр саналуудыг удаа дараа Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нарт тавьж байсан. Харамсалтай нь, эрх баригч намын хэмжээнд байр суурь эзэлж чадахгүй байсан учраас санаачилсан төсөл, хөтөлбөрүүд ажил хэрэг болж чадаагүй нь бидний тулгамдсан асуудал байлаа. Эрх барьж байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж байсан. Гэтэл ард түмний амьдрал өдрөөс өдөрт хүндэрч, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хүлээгээд суух аргагүй болсон л доо. Улс орны хөгжил, ард түмний амьдралыг өсгөхөд цогц бодлогоор шийдвэрлэх, улс төрийн хямралаас гарах тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой л доо.

-Тодорхой хэмжээнд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, дуу хоолойгоо өргөж явсан МАХН нь ч байхгүй боллоо, АН дотроо хагаралтай байна. Монгол Улсад улс төрийн намуудын нөхцөл байдал юу болж хувираад байгаа юм бэ. Нэг намын тогтолцоо, нэг намын дарангуйлал гэх асуудлыг улстөрчид ярих боллоо?

-Ардчилсан нийгэмд нэг намын тогтолцоо тогтох ямар ч боломжгүй. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, сонгуульд өрсөлдөх гээд ардчилсан нийгмийн олон үнэт зүйл өнөөдөр хадгалагдаж байна. Монголд 30 гаруй нам байна. Энэ намууд идэвхтэй үйл ажиллагаа явуулаад, улс орны хөгжилд хэрэгцээтэй бодлого, хөтөлбөр боловсруулах, ард түмэндээ танилцуулах, санал асуулга явуулах, Засгийн газрын шүүмжлэлтэй ажлуудыг эсэргүүцэх зэргээр өдөр тутам хийх ажлуудаа эрчимтэй болгох хэрэгтэй. Эдгээр ажлаа хийхгүй мөртлөө сонгууль болохоор гарч ирдэг, гэнэт ухаарсан мэт асуудлыг ярьдаг, нуугдмал байж болохгүй. Жишээлбэл, “Үнэн ба зөв” намын дарга нь гээд А.Отгонбаатар л яваад байдаг. Намын гишүүд, дэмжигчтэйгээ нийлээд асуудлыг тавих ёстой. Гэтэл энэ олон нам намын даргаас цаашгүй болсон. Улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй явуулахгүй намуудыг ард түмэн яаж мэдэх билээ. Намуудаа танихгүй байхад тэр намаас нэр дэвшигчийг ард түмэн яаж сонгох уу. Улс төрийн намууд ижил гараанаас өрсөлдөх, мөнгөөр сонгуульд өрсөлдөхгүй байх орчин манай улсад үнэндээ бол дутагдалтай. Сөрөг хүчний байр суурийг идэвхтэй илэрхийлж байж энэ дутагдлаа нөхнө. Сөрөг хүчний байр суурийг эзэлнэ гэдэг ард түмний дэмжлэгийг авах тухай ойлголт шүү дээ. Хааяа нэг харагдах, хааяа нэг хэвлэлийн бага хурал хийснээр үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэх утгагүй.

-Одоогийн Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ. Таныг гишүүн байх үетэй харьцуулахад нөхцөл байдал дордов уу, дээрдэв үү?

-Намайг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед МАН, МАХН, АН, Иргэний зориг ногоон нам, Монгол үндэсний ардчилсан нам болон гурван бие даагчтай УИХ үйл ажиллагаа явуулж байсан. Цөөнхийн төлөөлөл харьцангуй олон, Засгийн газар нь дандаа хамтарч байгуулагдаж байсан. Цөөнхийн дуу хоолой хүчтэй байсан цаг л даа. Хамтарсан ч гэсэн шүүмжлэлтэй хандах байр сууриа илэрхийлсээр байдаг. Тэр үетэй харьцуулахад өнөөдрийн нөхцөл байдал хоёр ч удаа олонхоороо УИХ, Засгийн газраа нэг нам дангаараа бүрдүүллээ. Сөрөг хүчний дуу хоолой сул байгаа нь үнэн. Гэхдээ энэ нэг намын ноёрхол бус, ард түмний сонголт. Ямар ч аргаар байсан хамаагүй нэгэнт гарч ирсэн сонголтод үнэлгээ өгөх бололцоогүй. УИХ-ын гишүүд амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь чухал. Засгийн газар цар тахлын үед олон хүнд сорилттой тулгарч байна. Эрүүл мэндийн салбар, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих маш том шаардлага үүслээ. Цар тахлаас шалтгаалж гарч байгаа олон хүчин зүйлийг тухай тухайн үед нь хурдан шийдээд бөөгнүүлэхгүй байх нь Засгийн газрын үүрэг. Өнөөдөр зохион байгуулалтын алдаа дутагдалтай асуудлууд их байна. Төрийн албан хаагчид энэ амаргүй цаг хугацаанд чин сэтгэлээсээ хичээж ажиллах шаардлага үүслээ. Яагаад гэвэл бүх л хүн бухимдал гэдэг зэвсэг гартаа атгачихаад харилцаанд орж байна. Хэн нэгний санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагаанаас бүтэн салбар хэлмэгдэх эрсдэл бий боллоо. Улсын Онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс уялдаатайгаар бодлогоо цэгцлэх цаг нь болжээ. Урлагийн тоглолт зохион байгуулахдаа зөвшөөрөл олгож байгаа хүмүүс нь онцгой комиссоосоо зөвшөөрөл авдаггүй юм уу. Талбай дээр жагсах биш салбарын яаманд нь очоод хандаж болдоггүй юм уу. Энгийн зохион байгуулалт сул байгаагаас иргэд бухимдаж, халдвар авч хохирч, жижиг асуудлуудаар том гавьяагаа нурааж байна.

-Таниас асуухгүй өнгөрч болохгүй л дээ. Та тав гаруй жил шүүхийн асуудалтай байгаа. Албан тушаалын гэмт хэрэг гэх хэрэгт холбогдуулж АТГ-аас ч таныг шалгалаа. Ямар үндэс­лэлээр хэн таныг буруутгаад өдийг хүрэв. Асуудал шийдэгдэж байна уу?

-2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хийсэн томоохон ажил нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөр байлаа. Эмзэг болон зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн дээд тал нь 40 метр квадраттай орон сууцыг түрээслээд өмчлүүлэх зорилготой хөтөлбөр байсан. 2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны зээлийг судалж байх явцад “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг давхар шалгасан. 14 тэрбумын өртөгтэй буюу өндөр өртөгтэй хөтөлбөр гэдэг утгаар шалгасан байх. Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөрийг баталсан. Гэтэл зөвхөн төслийг хэрэгжүүлсэн тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд намайг шалгаад, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхтэй Сангийн яамыг, алх цохисон Ерөнхий сайдыг шалгаагүй. Бусдыгаа шалгах ёстой гэсэн үүднээс хэлээгүй. Угтаа бол Засгийн газраа бүрэлдэхүүнээр нь шалгах нь зүйтэй байсан. Засгийн газар хуралдаанаараа хамтын шийдвэр, олонхын саналаар асуудлыг шийддэг. Засгийн газрын гаргасан шийдвэр Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн акт болдог. Надад Засгийн газрын тогтоол дээр буюу хуулин дээр Эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан гэсэн үг. Таван жил шалгалаа. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард шүүх хурал болоод, хэргийг прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын худалдаж авсан 14 тэрбумыг бүхэлд нь миний улсад учруулсан хохирол гэж үзсэн нь бодит биш тогтоогдохгүй байгааг шүүхээс тогтоосон. Тэр 14 тэрбум төгрөг улсын төсөвт суугдсан. Миний улсад учруулсан хохирол гэж шалгахаар төсвийн хуулиа зөрчиж байгаа юм. Мөн 14 тэрбум төгрөгөө үнэт цаасаар авсан. Үнэт цаасаар авсан зүйлийг бэлэн мөнгө мэтээр тэр чигээр нь хохирол гэж үнэлэх боломжгүйг эцэст нь шүүх тогтоолоо. Энэ бүгд үнэт цаасанд холбогдох хууль, төсвийн хууль, Үндсэн хуулиа зөрчиж зөвхөн Худалдан авах ажиллагааны холбогдох хуулиар намайг буруутгаж шалгасан оролдлого болсон. Энэ бүгдийг шүүхийн байгууллага тогтоож, хохирол тогтоогдохгүй, шүүх шийдвэр гаргах боломжгүй хэмээн үзэж прокурорт буцааж шийдвэрлэсэн.

-Таван жилд хэдэн удаа шүүх хур­лаар орсон бэ. Зөвхөн албан тушаа­лын хэрэг юм уу, авлига, албан тушаалын гэмт хэрэг гэсэн зүйлчлэл үү?

-Зургаан удаа шүүх хуралд орсон. Албан тушаалын хэрэгт холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар тогтоол батлуулсан гэж зүйлчилсэн. Авлигатай тэмцэх газраас бол авлигын болон албан тушаалын хэргийг аль алийг нь шалгадаг учраас л би шалгагдсан. Үүнээс биш авлига авсан, өгсөн зүйл надад байхгүй. Шүүхээр явах таван жилийн хугацаанд намайг саар муугаар янз янзаар бичиж л байсан, түрээсийн орон сууцны хөтөлбөрийн 14 тэрбум төгрөгийг би ганцаараа аваад, үрээд, идсэн юм шиг хардалтууд явж л байсан. Үнэндээ бол бэлэн мөнгө ч биш 14 тэрбум төгрөгтэй тэнцэх үнэт цаас шүү дээ. Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газраар тогтоол боловсруулаад батлуулах үүрэгтэй. Миний ажил үүргийг миний эсрэг зүйлчлэл болгоод тавьсан. Хариуцлага хүлээх ямар ч хэрэг хийгээгүй. Гэхдээ жирийн нэг хөтөлбөрийг буруугаар ойлгож шалгаснаар таван жил шалгагдлаа.

-Прокурорт буцаасан учраас хэрэг шийдэгдэж дууссан гэж ойлгож болох уу?

-Прокурорыг тухайн хэргийг нотол гэсэн. Таамгаар Эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй. Нотолж чадахгүй бол тэр хэрэг биш. Гэм буруугийн шинжүүд байгаагүй.

-Одоо 2024 оны сонгуульд өрсөлдөх, улс төрд эргэн ирэх бодол танд байна уу?

-Шүүхийн хэрэг шалгагдаж дуустал сонгуульд өрсөлдөх, улстөржих хүсэл эрмэлзлэл байгаагүй. Хэргийг үнэн зөвөөр шалгуулж, нэрээ цэвэрлэх нь надад чухал байсан. 2020 онд сонгуулийн менежерээр ажилласан. Миний хувьд улс төрийн амаргүй замыг туулсан. 10 жил эмэгтэй хүнийхээ хувьд улс төрийн хүнд хатуу тэмцлүүдийг хийж явлаа. Хийгээгүй, үйлдээгүй хэрэгтээ 48 хоног хоригдож хүртэл үзлээ. Улс төрийн зам надад дардан сайхан байсангүй. Нэг талдаа УИХ-ын гишүүн, сайд болж нэр хүндтэй төрийн албыг хашиж байсан боловч түүнээсээ илүү хэцүү замыг туулсан. Гэхдээ надад шантрах зүйл байсангүй. Нэгэнт улс төрийн амаргүй замыг сонгосон болохоор цаашдаа ч хоёр намын нэгдлийг бэхжүүлэх, гишүүдээ батжуулах, бүх талаараа нэгэн цул болоход хувь нэмрээ оруулж, өөрийн хүч бололцоогоо дайчилж ажиллана. Улс төрийн замаас ухрах бодол байхгүй. Цаашдаа миний хийж хэрэгжүүлж чадах зүйлс байвал зүтгэнэ.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.97) 2021 оны 10 сарын 22

ih hural horongo huraaj abah hubi omch horongo huraah geed bainaa.

0  |  0
zochin(103.26.194.97) 2021 оны 10 сарын 22

huni horongo huraaj deremdej abaad zugtaah gejinaa. tuslaara humuuse. derem

0  |  0
зочин (202.55.191.194) 2021 оны 10 сарын 21

хувьтай азтай л байна даа

0  |  0
зочин(202.21.104.98) 2021 оны 10 сарын 21

алмас

0  |  0
Зочин (122.201.24.138) 2021 оны 10 сарын 21

Ямар ч л байсан Энхбаяраас зүүгдээд амьдралаа дээшлүүлж чадсан л эмэгтэй. Одоо бол тэрбумаас доош мөнгийг мөнгө гэж тоохгүй болсон гэлцэх юм билээ.

0  |  0
зочин(202.55.188.39) 2021 оны 10 сарын 21

Угаасаа л нэг нам биз дээ, юугаа солиороод байгаа юм. Нэгдэх нь зөв байсан. Улс төр хийж байгаа болохоос буяны байгууллага ажиллуулж байгаа биш. дур дураараа ярих юм

0  |  0
Иргэн(202.126.90.28) 2021 оны 10 сарын 21

Энэ ч бас шоронгоос аврагдаж байгаа биз

0  |  0
махн(103.212.117.248) 2021 оны 10 сарын 23

жоохон хүүхэд хуурч байгаа биш.та нар хулгайч.дээрэмчин.шантаажчин. энхбаярынхаа өөдөөс юуч дуугарч чадаагүй байж ингэж ярьж яаж болно.харин чиний хэргийг эргэж харж болох юм гэж хүрэл баавай хэлсэн гэх

2  |  0
х(64.119.27.200) 2021 оны 10 сарын 21

Хөөрхийдөө бас нэг хэлмэгдсэн бүсгүй шүү дээ өөрөө их дайчин мундаг эмэгтэй шүү дээ

1  |  1
Z(202.9.47.41) 2021 оны 10 сарын 21

Энэ хулгайч тэрбумыг хуссын бнлэээ

1  |  0
зочин(192.82.67.156) 2021 оны 10 сарын 22

Хөөрхий МАН тай нэгдэж байж шоронгоос мултарсан.Хирээ мэдэхгүй бас хулгай хийнэээ бас.Энхбаярын суганы үс.

2  |  0
Top