ЭМГЭНЭЛ

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

СУРМААЖАВЫН ТҮВДЭННЯМ
 

(1954-2021)
 

Бидний эрхэм хүмүүн С.Түвдэнням нь 2021 оны аравдугаар сарын 18-нд зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдов.

С.Түвдэнням 1954 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэнгол багийн нутаг Үнхэлцэг хэмээх газар малчин ард Сурмаажавын 6 дахь хүүхэд буюу айлын 2 дахь хүү нь болон мэндэлжээ.

Тэрээр 1963 онд дунд сургуульд элсэн суралцаж, 1971 онд Төгрөг сумын дунд сургуулийн 8-р ангийг, 1973 онд Алтай хотын 10 жилийн сургуулийг тус тус төгсөн, МУИС-ийн эдийн засгийн ангид суралцаж байгаад ОХУ ын Москва хотод Олон Улсын Харилцааны дээд сургуульд элсэн суралцсан юм. Тус сургуулийг 1980 онд олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, Гадаад Явдлын Яам түүний харьяа байгууллагад Атташе, референ орчуулагчаар 1986 он хүртэл, 1986 оноос хойш "Монголын Залуучуудын үнэн" сонины сурвалжлагч, "Монголын спортын мэдээ" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч, Монголын спортын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, парламент сонины эрхлэгч, Их шавийн дээд сургуулийн багш, ОУЭЗБД сургуулийн олон улсын эдийн засгийн бизнесийн менежментийн тэнхимийн ахлах багш, Их засаг их Сургуулийн "Чингис-Соосо" олон улсын харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллажээ. 

1990 оноос Монголын спортын сэтгүүлчдийн холбоог нөхдийн хамт үүсгэн байгуулж, анхны ерөнхийлөгчөөр ажиллан, 1990 оны 12 сард тус холбоог төлөөлөн Сөүл хотноо болсон Ази тивийн спортын сэтгүүлчдийн их хуралд оролцож, Монголыг спортын сэтгүүлчдийн холбоог олон улсын байгууллагад элсүүлэхэд нөхдийн хамт магнайлан оролцож байжээ. 

С.Түвдэнням нь Монголын зохиолчдын эвлэлийн болон Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн байсан ба Биеийн тамир, спортын болон Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан юм. 

1976 оноос уран бүтээлийн ажилдаа шамдаж, "Бодлын дагина", "Нутгийн цэцэг", "Улсын аварга Д.Хадбаатар" ном, Дархан аварга Ж.Мөнхбаттай хамтран "Хаях би яараагүй байхад унах чи юунд яарна вэ" номын 1, 2 дугаар дэвтэр, Д.Пүрэв-Очиртой хамтран "Дэлхийн зарим улс үндэстнүүдийн бөхийн барилдаан", Нисэхийн хэмээх "Аюуш арслан", "Төгрөг бидний нутаг", "Төгрөгийн хөх шастир" түүхэн судалгааны ном, Ч.Ванжилтай хамтран Говь-Алтай аймгийн "Төгрөг сумын хүчит бөх, хурдан морины нэвтэрхий толь", Ө.Насанжаргалтай хамтран "Жүдо барилдааны сурах бичиг", "Гэгээн бага нас "Төгрөгийн он жилүүд", "Бизнес эрхлэгчдийн ёс дэг соёл", Н.Гантулгатай хамтран "Угтаалцайдамын хүү" аварга Д.Хадбаатарын тухай хөрөг нийтлэл дурсамж зэрэг сэтгүүл зүй, яруу найраг, түүхэн судалгаа шинжилгээний нийт хориод ном товхимол бичиж хэвлүүлж байжээ.

С.Түвдэнням нь 1977 онд Ардын хувьсгалын 55 жилийн ойн баяр наадамд төрөлх нутаг Төгрөг сумандаа түрүүлж, сумын заан цол хүртсэн түүхтэй.

С.Түвдэнням нь бичиг соёлын өндөр ур чадвартайн дээр аливаа үүх түүх болоод удам судрыг судлах судалгаа шинжилгээний талаар ихийг хүүрнэн өгүүлдэг ой тогтоолт цээж сайтай, ёс суртахуунлаг, ажилч хичээнгүй, тэр тусмаа уран бүтээлийн тухайтад өндөр хариуцлага бүхий нэгэн байв.

Тэрээр Улаанбаатар хот дахь Говь- Алтай аймгийн Төгрөг сумын нутгийн зөвлөл гэх төрийн бус байгууллагыг анхлан санаачлан үүсгэн байгуулагчдын нэг байлаа. Тэр нутаг орноо болон ахан дүүсээ гэсэн нэгэн үзүүрт чин сэтгэлтэй хүмүүн байлаа.

Монголын сэтгүүл зүйн болоод спортын салбар, төр нийгмийн ажилд оруулсан хувь нэмэр идэвх зүтгэл, ажилч хийчээнгүй, тууштай зан чанарыг төр засаг өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэргээр шагнаж байсан юм. 

Таны эх нутаг, элгэн түмнээ гэсэн эгэлгүй чин сэтгэл, ажилч хичээнгүй, зарчимч, шулуун шударга зан харилцаа, мөн чанарыг үүрд санан дурсах болно.

Талийгаачийн хань ижил, үр хүүхдүүд, ач зээ нар, ахан дүүс, төрөл төрөгсөд, дотны анд найзууд болон түүний мэргэжил нэгт нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум.

Говь- Алтай аймгийн Төгрөг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл

Төгрөг сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.47.41) 2021 оны 10 сарын 19

Um ma ni bad me hum

1  |  0
Otgonbaatar(103.26.195.157) 2021 оны 10 сарын 19

Гүн эмгэнэл илэрхийлье

0  |  0
Top