­Андрей Михнев: Монгол Улсыг чинээлэг улс болох баттай замдаа яваа гэдэгт гүнээ итгэдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн Андрей Михневтэй Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн болон хэтийн төлөв байдал, ковид-19 цар тахлын үед тулгамдаж байгаа сорилт, бэрхшээл, Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд зэрэг өргөн сэдвийн хүрээнд ярилцлаа.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев олон улсын эдийн засгийн хөгжлийн салбарт 27 жил ажиллахдаа Латин Америк, Саб-Сахар Африк, Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Хойд Африк, Европ, Төв Азийн 30 орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх, реформ шинэчлэл хийх чиглэлээр ажилласан туршлагатай. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.


-Та Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн ажлаа хүлээж аваад хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар тун өөдрөг төсөөлөлтэй байсныг тань тодхон санаж байна. Хоёр жил гаруйн дараа эргээд харахад Монголын талаарх таны бодол өөрчлөгдсөн үү?

-Хоёр жил хагасын өмнө Монгол Улсад анх удаа зочлон ирээд, “Монгол Улсын хөгжилд хэрхэн, яаж дэмжлэг болох вэ” гэдэгт өөрийн туршлага, мэдлэгээ уралдуулж, сонсож, судалж, таньж мэдэх гэж л явж байлаа. Энэ үетэй харьцуулахад одоогийн миний туршлага, мэдлэгийг адилтгаж боломгүй юм. Хоёр жил хагасын хугацаанд олон талуудтай ойр хамтран ажилласан байна. Монгол Улсын олон газруудтай танилцсан, нөхцөл байдлыг биеэрээ мэдэрч, нүдээрээ дүгнэн харж байлаа. Засгийн газрын бодлого, төлөвлөлт, иргэдийн санаа бодол, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хүсэл эрмэлзлэл гээд олон талын өнцгөөс мэдээлэл ч авлаа, судалгаануудад ч хийлээ. Энэ хугацаанд Монголын талаар миний итгэл үнэмшилд нэг зүйл огт өөрчлөгдөөгүй. Би Монгол Улсыг чинээлэг улс болох баттай замдаа яваа гэдэгт гүнээ итгэдэг. Тийм учраас Дэлхийн банк энэ тал дээр улам бүр баттай зогсож, хөгжлийн замыг нь дэмжих ёстой гэж итгэсээр ирсэн, цаашдаа ч энэ бодол маань өөрчлөгдөхгүй.

 

ЦАР ТАХАЛ УСТАХЫГ ХҮЛЭЭГЭЭД СУУХ АРГАГҮЙ, ДАСАН ЗОХИЦОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ

 

-Ковид-19 цар тахалтай байгаа ч Монгол Улс эдийн засгаа өөдрөгөөр төсөөлж байна. Манай улсын экспортод гаргадаг голлох түүхий эдийн үнэ ч сүүлийн жилүүдэд өслөө. Та ч гэсэн хэллээ. Монгол Улсыг чинээлэг улс болох баттай замдаа яваа гэдэгт итгэдэг гэлээ. Та Монгол Улсын одоогийн нийгэм, эдийн засгийн байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Хамгийн чухал нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжүүлсэн нийгэм, эдийн засгийн бодлого их тууштай байж ирсэн. 2016 онд эдийн засгийн хямралаас гарах үедээ эхлүүлсэн эдийн засгийн реформ шинэчлэл тун зөв байсан. Ингэснээр 2019 он гэхэд цар тахал эхлэх үед реформ үр дүнгээ өгөөд эхэлсэн байсан. Төрийн санхүүгийн тогтолцоо бэхжигдэж, төсвийн сахилга бат сайжирсан, төлбөрийн тэнцэл эерэгжсэн дүр зураг ажиглагдаж байлаа. Улмаар 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөрөө Азидаа тэргүүлж эхэлсэн. Удалгүй цар тахал тохиолоо. Дэлхий нийтээрээ, Монгол Улс ч өртлөө. Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг асар их хүчин чармайлт гаргасан хэдий боловч Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг вэ гэдгийг цар тахал харуулсан. Цар тахлын хариу арга хэмжээнд Монгол Улс цаг алдаагүй. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн систем, салбарын бэлэн байдлыг хангахын төлөө шуурхай арга хэмжээ авч ажилласан. 2019 оны дөрөвдүгээр сараас ард иргэд, бизнесүүдийг ковид-19 цар тахлын сөрөг нөлөөлөл, цочролоос хамгаалах үүднээс дэмжлэг эхэлсэн. Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, үйл ажиллагааг дэмжих үүднээс санхүүжилт олгож бодитоор дэмжлэг үзүүлсэн хамгийн анхны олон улсын байгууллагын нэг нь Дэлхийн банк болж байлаа. Цар тахлын эсрэг үйл ажиллагаанд 80 орчим сая ам.долларыг Монгол Улсад шууд дэмжлэг болгон үзүүлсэн байна. Энэ бүх арга хэмжээг авсан хэдий ч 2020 онд эдийн засаг таваас дээш хувиар агшсан. Хэрвээ Засгийн газар дээрх хариу арга хэмжээг аваагүй бол, олон улсын байгууллагуудаас шуурхай дэмжээгүй бол энэ агшилт илүү өндөр байх байсан. Харин 2020 оны сүүл гэхэд эдийн засаг эргээд сэргэх шинж харагдах болсон. Нэг ёсны шинэ хэв буюу цар тахалтайгаа дасан зохицож, өсөлтийн хэв маяг руугаа эргэж орох шинж тэмдэг илэрч эхэлсэн. 2021 онд энэ хэв маяг илүү тодорч ажиглагдах боллоо. Тийм ч учраас энэ оны Монгол Улсын эдийн засгийг өсөлттэй хэвээр нь буюу 4.5 хувийн өсөлттэй дуусгана гэж харж байна. Гэхдээ олон жилийн туршид Монголд тулгарч ирсэн бэрхшээл, сорилтууд хаашаа ч алга болоогүй, цар тахлын үед ч байсаар байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдал байсаар байна гэсэн үг. Эрдэс баялгийн салбараас хэт хамааралтай, олон улсын зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ уналаа гэхэд эдийн засаг цочролд ордог. Нөгөөх нь экспортын зах зээлийн төрөлжөөгүй байдал байна. Цөөхөн зах зээлээс хэт хамааралтай. Мөн импортын хамаарлыг дурдаж болно. Импорт мөн цөөн хэдэн зах зээлээс хэт хамааралтай байна. Энэ байдлыг саяхан үүссэн шатахууны хомсдолын жишээ харууллаа шүү дээ.
 


-Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн талаар, ер нь цар тахлын дараа дэлхий ертөнц яах вэ гэдэг асуудлыг бүгд ярьж байна. Цар тахал ч удаан үргэлжлэх шинжтэй. Ийм нөхцөлд Монгол Улс эдийн засагтай яаж анхаарах ёстой вэ?

-Ковидын дараах эдийн засагт ч гэсэн Монголд өнөөдөр тулгарч байгаа олон асуудал, сорилт яг хэвээрээ байх болов уу гэж бодож байна. Ковид-19 өмнө нь байсан бэрхшээл асуудлуудыг нь улам бүр тодотгож л өгсөн. Эрүүл мэндийн салбараар жишээлээд аваад үзье. Цар тахлын ачаалал нь эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, хүний нөөцийг 100 хувь шавхаж байна шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээ шинэ технологийн ашиглах байдал дээр анхаарах асуудлууд байсныг цар тахал тодотгож харуулсан. Бас нэг жишээ нэмэхэд, ковидоос шалтгаалж өнгөрсөн хавраас эхлээд хилийн боомтуудын үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, эдийн засагт ямарваа нэг хэмжээгээр цохилт боллоо. Төсвийн орлого буурах, хувийн хэвшлийн компаниудын, экспорт, импортын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон. Зөвхөн нүүрсээр жишээлээд харахад ямар их хүндрэл, асуудлуудыг дагуулж байгааг бид бүхэн харж байна. Тийм болохоор зах зээлд нэг нэрийн түүхий эдийн хэт төвлөрөл зэрэг өмнө байсан асуудлууд ямар ноцтой байв гэдгийг цар тахал улам тод харууллаа. Таны хэлсэн үнэн. Ковид-19 мөддөө алга болох шинжгүй байна. Тийм болохоор бид цар тахал үгүй болохыг хүлээгээд суух аргагүй. Шинэ хэвийн байдалд дасан зохицож зөв ажиллахаас өөр сонголт байхгүй. Монгол Улсын хувьд ковидын өмнө ч чухал хэмээн үзэж байсан реформ шинэчлэлийн ажлууд ямар их ач холбогдолтой вэ гэдэг цар тахлын үеэр ч харагдлаа. Шинэчлэлүүдээ тууштай үргэлжлүүлэх нь чухал байна.

 

ДЭЛХИЙН БАНКНААС МОНГОЛ УЛСАД ИДЭВХТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ 14 ТӨСӨЛ БАЙНА

 

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв байдлын талаар сонирхолтой дүгнэлт хэлсэн танд баярлалаа. Дэлхийн банкнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн голлох төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл өгөөч. Ихэвчлэн аль салбарт, ямар үр дүнтэй хөрөнгө оруулалт хийв?

-Эхлээд нэг тайлбар өгье.

Дэлхийн банк санхүүгийн жилээр төсөл, хөтөлбөрүүдээ явуулдаг. Энэ нь зургаадугаар сарын 30-нд эхлээд дараа жилийнхээ долоодугаар сарын 1-нд дуусдаг. Мөн 2021 оны долоодугаар сарын 1-нд дууссан санхүүгийн жилд бас нэг өөрчлөлт орсон. Монгол Улс урд нь Олон Улсын Хөгжлийн Ассоциацаас санхүүжих боломжтой улс байсан бол Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас санхүүжилт авах эрхийг 2020 онд авч, Монголын статус өөрчлөгдсөн. Бага орлоготой улс гэж тооцогдохоо болиод дунд орлоготой улсад тооцогдох болсон. Тэгэхээр Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй нөхцөлд найдах биш илүү арилжааны нөхцөлөөр, уян хатан байдлаар олгогдсон санхүүгийн эх үүсвэрүүд Монголд нээгдсэн гэсэн үг. Гэхдээ ОУСБХБ-ны санхүүжилтийн нөхцөл ч мөн ялгаагүй хүү багатай, урт хугацаатай байдаг. Хөгжлийнхөө хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохирох хэрэгслээ сонгох боломж илүү тэлсэн ч гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилийг аваад үзэхэд Дэлхийн банкны Монгол Улсад хэрэгжиж байгаа багцын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байгаа. Одоо яг идэвхтэй хэрэгжиж байгаа 14 төсөл байна. Нийлбэр дүнгээрээ бараг хагас тэрбум ам.долларын дүнтэй. Сүүлийн хоёр жилд хэрэгжсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээс танилцуулъя. Нэгдүгээрт, төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийг дурдах ёстой. Энэ бол макро түвшинд хэрэгжсэн төсвийн бодлогыг дэмжсэн, нийгмийн хамгаалал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжсэн үйл ажиллагааг дэмжсэн хөтөлбөр байлаа. Дараа нь шинээр эхлүүлж байгаа нэг төслийг онцлохыг хүсэж байна. Энэ бол Монгол Улсын мал аж ахуйн салбарын үр шимийг дээшлүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл юм. Эдийн засгийн төрөлжилтийг хангах, бүтцийн өөрчлөлтийг дэмжихтэй мөн энэ төсөл холбогдоно. Нийгмийн хамгааллыг илүү оновчтой болгох чиглэлээр бас нэг төсөл хэрэгжиж байгаа. Цар тахлын зориулалттай 80 сая ам.долларын дэмжлэгийг ч мөн дурдаж болох юм. Түүнчлэн уур амьсгалын чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүдээ нэлээн үр дүнтэй гэж харж байгаа. Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн нэмэлт санхүүжилт байна. Төвлөрсөн дулааны сүлжээг дэмжих чиглэлээр мөн төсөл хэрэгжүүлдэг. Монгол Улсын 300 гаруй суманд иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн дэд бүтцийн хөгжил, санхүүг захиран зарцуулах тогтолцоог дэмжсэн буюу Орон нутгийн хөгжлийн санг дэмжих, шаардлагатай бол нэмэлт санхүүжилт олгох, тухайн орон нутагт ажиллах амьдрах орчныг сайжруулах төсөл явуулдаг. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбогдуулж төсөл баталлаа. Улаанбаатар хотод өнөөдөр түгжрэл их, анхнаасаа одоогийн хэмжээний хүн ам, нийгмийн төлөвлөлт хийгдээгүй болохоор асуудлууд хуримтлагдсан байна. Үүнд, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх чиглэлээр зургаадугаар сард төсөл батлаад хэрэгжилт эхэлж байна.

-Улаанбаатар хотод тулгамдсан нэг асуудал нь яах аргагүй түгжрэл л дээ. Хотын хөдөлгөөний эрчмийг бууруулах төсөл нь хэрхэн хэрэгжих вэ?

-Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөс Улаанбаатар хотын тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоон бий болгох, түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй зам, тээврийн коридорыг бий болгох зорилго бүхий “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг дэмжихэд 100 сая ам.долларын зээлийг баталсан. Хурдацтай хотжилтоос шалтгаалан улсын нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатарт хотын зам, тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Улаанбаатарт 1100 км урттай гудамж, замын сүлжээ байгаа нь тархай бөгөөд хоорондоо төдийлөн холбогдоогүй. Нийтийн тээврийн үйлчилгээ тааруу, гудамж, замууд үер болон бусад байгалийн гамшигт өртөмтгий байгаа нь оршин суугчдын амьжиргаанд нөлөөлж, эмзэг, бага орлоготой иргэдэд илүүтэй хор хохирол учруулж ирсэн. “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслөөр гудамж, замын коридоруудад дэд бүтцийн санхүүжилт хийхээс гадна нийтийн тээврийн илүү сайн нэгдсэн систем бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Мөн хотын захиргаанд зам, тээврийн төлөвлөлт, менежментийн үр дүнтэй институц бий болгоход тус дөхөм үзүүлэх стратегийн судалгаа, чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.

 

МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГОО БОДЛОГОД СУУЛГАХ ТАЛААСАА ОЛОН УЛСАД ЯЛГАРЧ БАЙНА

 

-Та бүхэн хөрөнгө оруу­лалтынхаа үр дүнг ямар байгаасай гэж хүсдэг вэ. Дотор нь буцалтгүй тусламж гээд ангилахаар ямар дүн гарах бол?

-Бид зөвхөн хэмжээ гэхээсээ илүү үр дүнд анхаардаг. Монгол Улсын хөгжлийг дэмжих чиглэлээр өөр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай хэр сайн уялдаж байна гэдэг талаас илүүтэй анхаардаг. Санхүүжилтээ хаана олгох вэ, өөр бусад эх үүсвэрээс тухайн чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаа бол давхцуулж болохгүй гэх талаас нь мөн бодолцоно. Мөн Дэлхийн банк нь зөвхөн санхүүжилт олгоод зогсохгүй мэдлэг олгогч гэдгээрээ онцлог. Дэлхийд тэргүүлэгч шинжээчид төсөл, хөтөлбөрийг боловсруулах шатнаас эхлээд оролцож ажилладаг. Олон улсын шилдэг туршлага, Монгол Улсад хийсэн судалгаануудыг ашиглаж, Монголын талын хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудтай мэдлэг, туршлагаа солилцож, бүхий л үе шатанд нээлттэй, хүртээмжтэй байлгах тал дээр анхаардаг. Буцалтгүй тусламжийн тал дээр хэд хэдэн чиглэлээр 30 сая ам.долларын буцалтгүй тусламж хэрэгжиж байгаа.

-Дэлхийн банкнаас улсуудад дүгнэлт судалгаа хийх, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн Дэлхийн банк мэдлэг, туршлагыг хуваалцдаг юм байна. Тэгэхээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд хэр хэрэгжиж байгаа гэж Дэлхийн банк үздэг вэ. Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг дэмжих чиглэлээр та бүхэн ажлууд хийдэг шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Тогтвортой хөгжлийн зорилго дэлхийн аль ч улсад хамгийн эрхэм дээд зорилтууд байдаг. Тухайн зорилтууд дээрээ тулгуурлаад улс өөрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлээд явдаг. Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн зорилгоо өөрийн бодлого, төлөвлөлтөд албажуулан суулгах талаасаа дэлхийн олон улс дотроо ялгарч чадаж байгаа. Саяхан тогтвортой хөгжлийн зорилгын талаар томоохон арга хэмжээ зохион байгуулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга бүгд оролцлоо. Үүнээс хамгийн дээд түвшиндээ асуудалд ихээхэн анхаарч, ач холбогдол өгч байна гэдэг харагдаж байна. Засгийн газрын хувьд ч ялгаагүй. “Алсын хараа-2050” үзэл баримтлал ч гэсэн тогтвортой хөгжлийн зорилгод тулгуурласан байгаа нь харагддаг. Гэхдээ тогтвортой хөгжлийн зорилгод хүртлээ Монгол Улсад их зүйл хийгдэх ёстой. Энэ тал дээр тууштай яваад байхаас өөр аргагүй. Тогтвортой хөгжлийн тухайд үр дүнтэй ажил хийгдэж болох жишээг ядуурлын түвшин дээр тодорхойлж хэлье. Монгол Улс ядуурлыг бууруулах, улмаар алга болгох тал дээр зорилгоо тодорхойлчихсон. Дэлхийн банк ч Монгол Улсыг дэмжих гол чиглэлийн нэг ядуурлын асуудал гэж боддог. Сүүлийн 30 жилээр аваад үзэхэд ядууурлын нөхцөл байдал өөр болсон, сайжирсан зүйлс олон байна. Гэхдээ сүүлийн таван жилийн тухайд хот, хөдөөд ядуурлын түвшин харьцангуй байгаа юм. Хөдөө, орон нутагт ядуурал буурсан ч Улаанбаатар хотод буураагүй. Үндэсний түвшинд ашиглаж байгаа ядуурлын шугамаар аваад үзэхэд сүүлийн хэдэн жил Улаанбаатар хотод ядуурлын түвшин 27 хувь дээрээ гацсан байна. Гэтэл сүүлийн тав, зургаан жилийн эдийн засгийн өсөлтийг харахад маш сайн явж ирлээ. Цар тахлын жилийг эс тооцвол эдийн засгийн өсөлт сайн байсан. Тэгэхлээр эдийн засгийн өсөлт бүх давхаргад хүрч, хүртээмжтэй өсөлт байгаагүй нь харагдсан. Бид дөнгөж ярьж эхлэхдээ Монгол Улс чинээлэг улс болох замдаа яваа гэж хэлсэн. Гэхдээ үүнийг хүн бүрд наалдацтай хүргэх хөгжил, эдийн засгийн дэвшил байх ёстой. Иргэд ядуурлаас гарч байх ёстой. Өрхийн орлого өсөж байх ёстой шүү дээ.

-Монгол Улсад ядуурлыг бууруулахад тулгамдаж байгаа бэрхшээлийн талаар Дэлхийн банкнаас судалгаа явуулж байсан. Үүнд, гол асуудал нь юу байв?

-Монгол Улсад ядуурал бага насны хүүхдийн дунд зонхилж байгааг судалсан байдаг. Ядуу таван хүн тутмын хоёр нь 15-аас доош насны хүүхэд байгаа нь том асуудал. Хөдөлмөрийн насны хүн ам дундаа ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүмүүс хамгийн ядуу байсан. “Ядуурлыг бууруулахад үйлчилгээний хүртээмж, зохистой ариун цэвэр, найдвартай халаалт хангамжийн асуудал саад тотгор үүсгэж, 25-29 настай залуу эмэгтэйчүүдийн 70 хувь нь мэргэжлийн буюу дээд боловсрол эзэмшсэн бо­ловч дээд боловсролын дип­лом нь зохистой цалинтай хөдөл­мөр эрхлэх баталгаа болохгүй байна” гэж судлагдсан. Монголд хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эдийн засгийн идэвхгүй, ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн 10 жилд ялихгүй нэмэгдсэн байхад харин эрэгтэйчүүдийн оролцооны түвшин 2018 онд 70 хувь хүрсэн нь түүхэн өндөр үзүүлэлт байсан нь анхаарал татсан. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхдүүд учраас ойрын жилүүдэд залуучууд олноороо ажиллах хүчинд нэгдэхээр байна. Тиймээс л ажлын байр олноор бий болгох шаардлагатайг дахин хэлье.

 

МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙГААС ГАДНА ОЮУН УХААНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ ТУЙЛЫН ЧУХАЛ

 

-Монгол Улсад хот, хөдөө­гийн ялгаа хэр байна вэ. Ерөнхийдөө хот, хөдөөд ялгаатай асуудлууд байдаг л даа. Тиймдээ ч та бүхэн Монгол Улсын нийт сумдад хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлж байгаа байх?

-Үнэмлэхүй дүнгээр аваад үзвэл хөдөөгийн ядуурал их хэвээр байгаа. Улаанбаатар хотод ядуурлын түвшин 27 хувь байхад, хөдөө, орон нутагт ойролцоогоор 30 хувь байна. Харин дээр яриад байгаа бол сүүлийн жилүүдийн бууралтын үзүүлэлт юм. Хөдөө ядуурал илүү сайн буурч байгаа бол хотод буурахгүй байна гэсэн үг л дээ. Тиймээс хот болон хөдөөд хаана нь ч гэсэн ажиллах шаардлага байна. Хотод ядуурлын түвшин буурч эхлэх, хөдөө, орон нутагт нөхцөл байдлыг сайжруулах, ядууралтай үргэлжлүүлэн тэмцэх ёстой гэсэн үг. Хамгийн гол арга зам юу гэхээр хүмүүст, өрхүүдэд бодит орлогоо нэмэгдүүлэх боломжийг л олгох хэрэгтэй. Мөнгө өгөх бус мөнгө олох арга замыг нь нээх, ажлын байрыг ихээр бий болгох эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг олгох ёстой юм.

-Эдийн засгийг төрөлжүүлэх нь Монгол Улсын хувьд бас их чухал болоод байгаа. Энэ тухайд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг дэмжих нь хэр өгөөжтэй юм бол?

-Эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг бол Монгол Улсын хувьд амин чухал зүйл. Гэхдээ төрөлжилтийг зөвхөн бараа, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд чиглэсэн охор сэтгэлгээгээр харах бус өргөн хүрээнд задалж харах ёстой. Өөрөөр хэлбэл урт хугацааны өсөлтийг хангах капиталын төрөлжилт буюу хүмүүн капитал, байгалийн капитал, хүний гараар бий болсон дэд бүтцийн капитал, цаашилбал засаглал, тэр дотроо эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, институтын тогтолцоог оруулж болно. Эдгээр нь өөр өөр салбар зэрэг сайн хөгжих суурийг бий болгодог гол хэмжигдэхүүнүүд. Жишээлбэл, байгалийн капитал дотроо эрдэс баялаг, усны нөөц, газрын нөөц гээд үнэ цэнийг авчирдаг зүйлс ордог. Уул уурхайн салбараас шалтгаалж яг одоо энэ төрлийн капиталыг Монгол Улс идэвхтэй ашиглаж байна. Цаашдаа байгалийн капиталаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар хайр гамтай, хариуцлагатай ашиглах ёстой гэж боддог. Байгалийн капиталыг түлхүү ашиглаад байгаа уул уурхайн салбарыг аваад үзэхээр яах аргагүй Монгол Улсын хамгийн их бүтээмжтэй салбар нь. Аялал жуулчлалын салбар, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй гээд аль ч салбартай харьцуулсан илүү бүтээмжтэй салбар нь уул уурхай байна. Тийм ч учраас өнөөдөр хамгийн их бүтээмж гаргаж чадаж байгаа салбараасаа капиталыг аваад нөгөө салбар руу өгнө гэдэг байж боломгүй зүйл, эдийн засаг унана гэсэн үг. Эдийн засгийн төрөлжилтийг ярихдаа уул уурхайн салбараасаа татгалзаад, бусад салбар хөгжинө гэж ойлгож болохгүй. Эрдэс баялаг, эрдсийн орлогодоо тулгуурлаад бусад салбараа хөгжүүлж босгож авах хэрэгтэй. Уул уурхайд хөрөнгө оруулахын зэрэгцээ оюун ухаанд хөрөнгө оруулах нь Монгол Улсын хувьд одоо туйлын чухал гэж харж байна. Хүмүүн капиталаа хөгжүүлэх, засаглалаа бэхжүүлэх шаардлагатай. Олон улсын өрсөлдөх чадвар гэдгийг капиталын төрөлжилт талаас нь харахаас өөр арга байхгүй. Монгол Улс хойд, урд хөршөөсөө татгалзаад төрөлжих биш шинэ зах зээл, шинэ сувгуудыг нээх тухай бодох хэрэгтэй.

-Монгол Улс 1991 оны хоёрдугаар сард Дэлхийн банкны гишүүн орон болсон. Энэ жил Монгол Улс, Дэлхийн банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож байна. Энэ түншлэлийн харилцааны үр дүнг та товчхон дүгнээч?

-30 жилийн хугацаанд үнэхээр үр өгөөжтэй, амжилттай хамтран ажилласан гэж хардаг. Үүнийг мэдээж Монгол Улсын ололт, амжилтаас ч харж болно. Тухайлбал, Монгол Улсын дотоо­дын нийт бүтээгдэхүүн 30 жилд дөрөв дахин өссөн байна, үүнд бидний дэмжлэг туслалцаа тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулсан болов уу.  Энэ он жилүүдэд Дэлхийн банк улам бат бөх, бас найдвартай түнш нь болж иржээ. Хэрэгцээтэй үед нь дэмжлэг үзүүлдэг анд нөхөр болжээ. Олон ч хямралыг давж гарахад хамтарч, дэмжиж ажилласан. Үүний хажуугаар Дэлхийн банк мэдлэгийн чухал эх үүсвэр байж ирсэн. Нэг ёсондоо бид 30 жилийн өмнөх Монгол Улс, 30 жилийн дараах Монгол Улсыг харьцуулаад дүгнэхэд өнөөгийн Монгол Улсаар маш их бахархдаг.

-Цар тахлын жилүүдэд Дэлхийн банкны гишүүн орнуудын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар өөрчлөлт орж байна уу. Монголд ирсэн сорилт, бэрхшээлүүд бусад оронд ч адил тулгамдаж байгаа болов уу. Дэлхийн банкны цар тахлын үед улс орнуудад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээнд өөрчлөлт оров уу?

-Ийм хямралт үед Дэлхийн банкны хэрэгцээ, дэмжлэгүүд олон улсад өсдөг. Дэлхий нийтийг хамарсан томоохон хямрал тохиоход ялангуяа ядуу буурай орнуудад үзүүлдэг дэмжлэгээ Дэлхийн банк нэмэгдүүлдэг. Жишээлбэл, цар тахлын үед Дэлхийн Банкнаас олон улсын хэмжээндээ эрүүл мэндийн хариу арга хэмжээ, дархлаажуулалтыг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтыг ихээхэн нэмэгдүүлсэн байдаг. Сүүлийн хоёр жилийн турш Дэлхийн банк санхүүжилтээ олдоцтой байлгах тал дээр түлхүү анхаарсан. Тиймдээ ч нийт санхүүжилтийн хэмжээг нэмэг­дүүлэх, түргэвчилсэн байдлаар олгох тусгай горимыг нэвтрүүлэх тал дээр түлхүү анхаарсан байна.

-Дэлхий дахинд Монголтой ижил хөгжиж буй бөгөөд эдийн засгийн хувьд ойролцоо орнуудтай харьцуулахад Монгол Улсын давуу болон сул тал гэвэл ямар дүгнэлт гарах бол?

-Олон улсын хөгжлийн чиглэлээр 27 жил ажилласан туршлагадаа үндэслээд дүгнэхэд нэг л зүйлийг баттай хэлнэ. Адил улс гэж байдаггүй. Гэхдээ Монгол Улсын хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн улс орнууд дотроо сурах ч юм байна, суралцуулах юм ч бас байдаг. Зүүн Европын улсууд дээр жишээ авч байгаа юм шүү. Засаглал талаасаа зах зээлийнхээ бодит хэрэгцээ, шаардлагад үйлчилдэг институцын тогтолцоо бүрдүүлсэн тэдний туршлага бас их сонирхолтой, энэ талаас бусад улсаас суралцах зүйлс байна. Тодруулбал, уул уурхайн таваарыг экспортолдог Канад, Норвеги зэрэг орнууд, мөн мал аж ахуй, түүний экспортоос хамааралтай Уругвай, Бразил, Шинэ Зеланд зэрэг оронтой харьцуулалт хийж болох юм. Зүүн Өмнөд Азийн Сингапур, Солонгос, Малайз зэрэг сайн туршлага бүрдүүлж байгаа орнуудаас суралцах зүйлс бий.

 

МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛЛААС ЗАРИМ УЛСАД СУРАЛЦАХ ЗҮЙЛ ИХ БИЙ

 

-Бусад орны хувьд Монгол Улсаас юу суралцаж болох вэ?

-Монголын нэг ялгагдах зүйл нь ардчилал байгаа. Бүс нутагтаа Монгол ардчиллыг цогцлоосон гэдгээрээ ондоошино. Цэвэр ардчиллыг хөгжүүлэх гэж энэ бүс нутагтаа “зовж зүдэрч буй” улс цөөнгүй шүү дээ. Ялангуяа Азийн бүс нутагт авторитар дэглэм амь бөхтэй байж, эдийн засгийн хөгжилд үр нөлөөгөө үзүүлэх үзэгдэл их байна. Тийм болохоор Монгол Улс орчин үеийн ардчилсан тогтолцоондоо тулгуурлан эдийн засгаа хөгжүүлээд аваад явах сайн жишээ байна. Төгс төгөлдөр гэсэн үг биш ч авах юм олон байгаа. Монголд бас нэг ололттой тал нь эдийн засгийн өсөлтийн зүй тогтол нь анхаарал татахуйц, үлгэр болохуйц байдаг. Тууштайгаар эдийн засгийн өсөлтийг харуулна гэдэг тийм ч амар биш, ховор үзэгдэл. Гэтэл 2017-2019 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөө тасралтгүй хадгалж чадлаа. Өмнө нь ч бас өсөлтөө хадгалж байсан. Эдийн засгийн сэргэлт, өсөлт дээр бодитоор, популист бусаар анхаарлаа, хамаг хүч чадлаа төвлөрүүлж чадвал үр дүн гардаг гэдгийг Монголын жишээнээс харж болно. Бас нэг жижиг жишээ хэлье. Үүнд, монголчууд хэдийн дассан байдаг л зүйл шиг харж байж болох, гэтэл зарим улсад энэ зүйл биелээгүй, үр дүн гараагүй явж байгаа. Энэ бол төлбөрийн систем ашиглалт юм. Дебит, кредит картыг ашиглаж байгаа байдал, ухаалаг утасны хэрэглээ, интернэт банкны үйлчилгээ зэргийг анх яаж ашиглаж эхлээд, хэрхэн яаж энэ түвшиндээ хүрсэн гэдгийг харахад их сонирхолтой кейс гарах байх. Монголд одоо бэлэн мөнгө авч явдаг хүн бараг байхгүй шүү дээ.
 

-Дэлхийн банкнаас Монгол Улсад оруулах 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гарсан уу. Төлөвлөгөөнөөсөө танилцуулж болох уу?

-Одоо бэлтгэж байгаа зарим төслийг онцлоод тайлбарлая. Засгийн газраас санал болгон, хамтран бэлтгэж, бид санхүүжүүлнэ. Энэ бол махны үнэ цэнийн гинжин хэлхээтэй холбогдуулаад тээвэр, логистикийг хөгжүүлэх төсөл юм. Монгол Улс нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Гэсэн хэдий ч бүтээмж бага. Тээвэр логистикийн өндөр зардалтай. Малчны хотхоноос хэрэглэгч хүртэлх өртөг өндөр. Тийм болохоор тээвэр логистик, үнэ цэнийн гинжин хэлхээ гэсэн чиглэлээр төсөл хэрэгжих юм. Ирэх жил хэрэгжих бас нэг чухал төсөл бол цахим шилжилтийн төсөл байна. Бид “Ухаалаг засаг” төслийг Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн. Тэр төсөл маань дуусах шатандаа явж байгаа. Тус төсөл амжилттай хэрэгжсэн ч гэсэн цаана нь үр дүн гаргах боломжууд үлдсэн, төрийн үйлчилгээг цахимжуулж, илүү чанартай, хүртээмжтэй болгох боломжууд байна. Ирэх жил Монгол Улсын Засгийн газрын зүгээс цаг үеэ олсон бодлогын реформ хийх томоохон хэрэгцээ шаардлага гарлаа гэхэд бид төсвийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top