Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан энэ сарын 16-нд болно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааныг зохион байгуулах систем болон онцлох, шинэ дүрмүүдийн талаар Монголын үндэсний бөхийн холбоо, “Хил хязгааргүй спорт” ТББ-аас өнөөдөр /2021.10.13/ мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ
 


"Эрхэт Монгол" группийн хамтран зохион байгуулж буй үндэсний бөхийн мэргэжлийн лигийн "А" ангиллын улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан аравдугаар сарын 16-нд "Бөхийн өргөө"-нд үзэгчгүйгээр болно.
 
Барилдааныг ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болгох юм. 

Барилдааныг илүү сонирхолтой болгохын тулд чөлөөт бөхийн спортын дүрмээс оруулж, бөхчүүдэд идэвхийн оноо тооцох аж.



Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирал , Спортын сэтгүүлч Н.Тамир “МҮБХ, "Хил хязгааргүй спорт" ТББ, “Эрхэт Монгол” группийн хооронд гурван талын гэрээ байгуулж, дөрвөн жилийн хугацаанд хамтарч ажиллахаар болсон. Энэ хугацаанд сар бүр лигийн барилдаан зохион байгуулна. Лигийн тэмцээн гэдэг бол дэлхий дахинд олон жилийн хугацаанд тогтвортой явагддаг. Тэр хэмжээгээр тэмцээнд оролцсон тамирчдын ур чадвар өсөж, сайжирдаг.

Бид барилдаанд оролцсон бүх бөхчүүдэд оноо өгнө. Тухайлбал, Түрүүлсэн бөх 1500 оноо, үзүүрлэсэн бөх 1000 оноо, шилдэг 32-т үлдвэл 70 оноо гэх мэт оноолох юм. Жилийн эцэст бөхчүүдийг цуглуулсан оноогоор нь жагсаана. Улмаар өндөр оноотой бөхчүүдийн дунд илүү өндөр чансаатай тэмцээн зохион байгуулах юм. Энэхүү барилдаан нь бөхчүүдийн хөдөлмөрийг үнэлэх, тогтмол бэлтгэлтэй байлгах зорилготой. Лигийн эхний барилдааныг аравдугаар сарын 16-нд "Бөхийн өргөө"-нд үзэгчгүйгээр зохион байгуулах гэж байна” гэлээ.  



Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Цар тахлын үед барилдаан зохион байгуулагдахгүй, бэлтгэл сургуулилт тогтмол хийхгүй байгаа зэрэг асуудлуудад дүгнэлт хийж, цар тахлын нөхцөл байдалд тааруулан нэг ээлжинд дөрвөн хос буюу найман бөх дэвжээнд гарах барилдааныг зохион байгуулж байгаа юм.

Ингэхдээ шинэлэг барилдаан оноолтын системийг нэвтрүүлж, туршиж байгаа. Тухайлбал чөлөөт бөх, жүдо гэх мэт бусад спорттой адил оноо олгох шүүлтийн системийг хийж байгаа. Үүнээс бусад барилдаан Үндэсний бөхийн холбооны уламжлалт бөхийн барилдааны дүрмийн дагуу зохиогдоно” гэв.



“Хил хязгааргүй спорт” ТББ-ийг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бат-Эрдэнэ “Барилдааны оноолтыг өөрчилсөн. Хөл бөмбөг, гар бөмбөг  гэх мэт “Их спорт”-ын дүрмээр буюу хасагдах журмаар явагдана. Бөхийн барилдааны сугалаа өнгөрсөн ням гарагт болж, барилдах бөхчүүд болон оноолт тодорхой болсон байгаа.

Барилдааны дүрмийн хувьд уламжлалт үндэсний бөхийн барилдааны дүрмийг баримтална. Гэхдээ барилдах хугацаа заасан.Тухайн хоёр бөх барилдаж эхлэхэд идэвхийн оноо тоолно. Хаялцахгүйгээр цаг дууссан тохиолдол идэвхийн оноог нь харж, оноо ихтэйг нь давуулна. Барилдааны үргэлжлэх хугацаа ялгаатай. 1,2-ын давааны үндсэн цаг 10 минут байна. Үүний дараа нэмэлт цаг гаргаж, барьц сонгоно. Ойролцоогоор 18 минут орчим болно гэж тооцсон. Харин 4,5-ын давааны үндсэн цаг 15 минут байна. Энэ бол Монголын Үндэсний бөхийн холбоонд заасан барилдааны албан ёсны хугацаа юм. Тиймээс бөхчүүд тогтсон хугацаанд уран мэхийг уралдуулан барилдах хэрэгтэй болж байна” гэлээ.

ШАГНАЛЫН САН

  • Шөвгийн 32-т үлдсэн 16 бөх тус бүр 120.000 төг
  • Нэг давсан 8 бөх тус бүр 200.000 төг
  • Хоёр давсан 4 бөх тус бүр 250.000 төг
  • Шөвгийн 4-т үлдсэн 2 бөх тус бүр 500.000 төг
  • Үзүүрлэсэн бөх 1.500.000 төг
  • ТҮРҮҮЛСЭН бөх 3.000.000 төг


БАРИЛДААНЫ ОНООЛТ

БАРИЛДААНЫ ДҮРЭМ:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top