ЖЕНЕВИЙН УУЛЗАЛТЫН ҮР ДҮН I АНУ, Оросын харилцаа сэргэж эхлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

- Путин, Байден нарын уулзалт ҮР ДҮНГЭЭ үзүүлж эхэллээ гэв -

АНУ болон ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн Женевт хийсэн уулзалт эерэг үр дүнгээ үзүүлж эхэллээ гэж Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов мэдэгдлээ.

Владимир Путин, Жо Байден нарын өнгөрсөн зургаадугаар сард хийсэн дээд хэмжээний уулзалт даруухан болсон ч үр дүнтэй байлаа хэмээн хоёр улсын удирдагч өөрсдөө ч дүгнэсэн билээ. Дээд хэмжээний уулзалт хоёр талын харилцаанд аюултай мухардлаас гарах арга зам болсон гэж жил бүрийн Америк-Оросын бизнесийн зөвлөлийн хуралдааны нээлтийн үеэр Оросын Элчин сайд дүгнэсэн байна. Антоновын хэлснээр, юуны түрүүнд Орос, АНУ-ын хооронд стратегийн тогтвортой байдлын талаарх яриа хэлэлцээ сэргэжээ.

Хоёрдугаар шатны зөвлөлдөх уулзалт есдүгээр сарын 30-нд Женевт болсон талаар Элчин сайд ярьжээ. АНУ, Оросын төлөөлөгчид зэвсгийн хяналтын зарчим, зорилт, түүнчлэн стратегийн нөлөө үзүүлж болзошгүй талаар ярилцсан байна.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Америк, Оросын Ерөнхийлөгч нарын уулзалт стратегийн тогтвортой байдал, зэвсэглэлд хяналт тавих ажилд эерэг нөлөө үзүүлсэн гэж мэдэгдсэн юм. 2018 оноос хойш болсон АНУ, Оросын Төрийн тэргүүнүүдийн анхны дээд хэмжээний уулзалтын ач холбогдол, үр дүн ямар байх талаар дэлхий нийтэд таамаг, эргэцүүлэл өрнөсөн юм.

Эерэг үр дүн

Хоёр их гүрний удирдагч нүүр тулан уулзаж, хэлэлцээрийн ширээний ард суусан нь өөрөө эерэг үр дүн гэж ажиглагчид дүгнэсэн. Энэ нь зөвхөн АНУ, ОХУ төдийгүй дэлхий нийтэд эерэг дохио аж.

АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүд хэлэлцээнийхээ дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “Стратегийн тогтвортой байдлын чиглэлээр хоёр талт цогц яриа хэлэлцээ эхлүүлэхийг эрмэлзэж байна. Яриа хэлэлцээгээр дамжуулан зэвсэглэлийг хянах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний үндсийг тавихыг зорьж байна” гэжээ. Тэгвэл энэхүү зорилт биелэлээ олж эхэлснийг шинжээчид хэлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Саналын зөрчилдөөнийг үл харгалзан хэлэлцээ найрсаг уур амьсгалд, харилцан ойлголцоход дөхөмтэй боллоо” гэж дүгнэсэн.

Хуримтлагдсан асуудал шийдлээ олсон

Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаанд хэтэрхий олон асуудал шийдэгдээгүй хуримтлагдсан гэж үздэг. Эдгээрийн нэг болох дипломатуудын асуудал шийдэгдсэн гэж үзэж болно. Талууд Элчин сайдуудаа харилцан татсан нь Орос, Америкийн харилцаанд хар толбо болсон. Харин өдгөө дипломатуудаа эргүүлэн ажиллуулж, АНУ-ын Төрийн департамент, ОХУ-ын Гадаад хэргийн яам дипломат хамтын ажиллагааны асуудлаар зөвлөгөөн хийжээ.

Одоо АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрууд визийг бүрэн олгож эхэлжээ. Визийн асуудал Москвагийн буруугаас болоогүй ч ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрууд визээ бүрэн хэмжээгээр олгосоор байна гэж ОХУ-аас Вашингтонд суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдэгдэв.

Москва, Вашингтон сүүлийн жилүүдэд хориг арга хэмжээний улмаас эрс цөөрсөн Элчин сайдын яамдынхаа орон тоог нэмэгдүүлэх аж.

Хор хөнөөлтэй дүгнэлт

АНУ-д суугаа Оросын Элчин сайд Антонов мөн Америкийн Конгрессын гишүүдэд хандан Орос руу чиглэсэн “хор хөнөөлтэй хандлагаас” татгалзахыг уриалжээ. Тэрбээр мөн “Москва болон Вашингтон дэлхий дахинд тулгарсан хэд хэдэн асуудлаар яриа хэлэлцээ хийсэн” гэжээ. Орос, АНУ Арктикийн талаар, цаг уурын өөрчлөлтийн асуудал, Афганистан, БНАСАУ, Сири, Ираны цөмийн  хэлэлцээрийн асуудлаар тогтвортой яриа хэлэлцээ өрнүүлсэн байна.

Дэлхий дахинд тулгараад байгаа асуудлын дийлэнх нь хил дамнасан асуудал байна гэж Оросын Элчин сайд хэлжээ.

Үүний өмнө ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Москва, Вашингтон хоёр Арктикийн бүс нутгийн асуудлаар хамтарч ажиллах ёстой гэсэн юм. Мөн дэлхийн цаг уурын өөрчлөлт, коронавирусний цар тахалтай хамтран тэмцэх ёстой гэжээ. Тэрбээр мөн АНУ-ын Конгрессыг Оросын эсрэг дүгнэлтүүдээс татгалзахыг уриалжээ. Америкийн хууль тогтоогчид буруу дүгнэлтээрээ хоёр орны харилцааг нураахаар оролдож байгаа нь гайхмаар зүйл болохыг тэрбээр онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Конгрессын гишүүдийг хор хөнөөлтэй арга барилаас татгалзаж, Оросыг хаасан “хөшигнүүдийг” нээхийг уриалжээ. Оростой харилцан хүндэтгэсэн яриа хэлцэл хийхээс өөр арга байхгүй гэдгийг конгрессменүүд ойлгох цаг нь болсон гэж Элчин сайд Антонов ч дүгнэжээ.

ОХУ-ын Шадар сайд Вашингтонд айлчилна

ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч Алексей Оверчук Вашингтонд айлчилж, Америкийн засаг захиргааны болон бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийх талаар АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов мэдэгджээ.

Алексей Логвинович Оверчук АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид, бизнесменүүдтэй уулзахдаа хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар яриа хэлэлцээ хийх аж.

Түүнчлэн Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн мэдэгдсэнээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд Орост айлчилж, уулзалтууд хийх юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top