ОЛОН ӨНГӨ: Хүүхэд хүнстэйгээ ирдэг үү?

2021 оны 10 сарын 09

Өчигдөр Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд хүүхдүүд эрүүл саруул, эхийн бие сайн байгаа аж. Эх оронд минь нэг дор гурвын гурван шинэ хүнээр бүл нэмлээ. Нэг хүүхэд төрүүлж өсгөхөд л ямар ачаалалтай байдаг билээ дээ.

Хүүхдээ хөхүүлэх, нойргүй хонох, хуурайлах, арчлах, бөөцийлөхөөс эхлээд бүхий л үүрэг хариуцлага гурав дахин нэмэгдэнэ. Энэ үед гэр бүлийнх нь гишүүдийн тусламж дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй. Сүүлийн үед төрөлт нэмэгдэж байгаа. Хүн төрнө гэдэг хүнс нэмэгдэнэ гэсэн үг. Монголчууд “Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэж хэлдэг. Тийм ч байх.

Гэхдээ л цар тахлын энэ үед эдийн засгийн байдал хүндхэн, юмны үнэ гаарч байгаа. Нэг хүүхдийн живх, сүү, өлгий даавуу хэрэглэдэг байсан бол энэ нь гурваар үржинэ гэхээр хэрэглээ нь талийж өгнө. Төр засгаас тэтгэмж дэмжлэг өгдөг хэдий ч бүхий л хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй. Аав, ээжүүд хүүхдийнхээ тэтгэмжийг ихэвчлэн хадгаламжинд хийж ирээдүйд нь үүцэлдэг. Тийм болохоор ихэр төрсөн жаалууддаа төр засгаас илүү анхаарал тавих нь чухал буй за.

Эцэг, эхчүүд нүдээ гархилтал хүүхдээ бөөцийлөхийн зэрэгцээ мөнгө төгрөг бодож шаналахыг хүсэхгүй шүү дээ. Өвдвөл зэрэг өвдөж, уйлвал зэрэг уйлж, өлсвөл зэрэг өлсдөг амь нэгтэй ихрүүдийг өсгөх ч чанга ажил даа. Хөөрхөн үрсийн талаар гэгээлэг зүйл бичих гэхээр цаанаасаа л эдийн засаг, мөнгө төгрөг рүү хөрвөчихөөд байх юм.

Нялх үрсийн хайр ивэлгэсэн үнэрээр хорвоог зөөллөн уяраасан ийм гэгээн мэдээг ихрүүдийн тэтгэмжийг нэмье гэсэн итгэл өгсөн уриагаар ацаглаад, хүүхэд хүнстэйгээ ирдэг үү гэсэн эргэлзээ төрсөн асуултаар өндөрлөе дөө.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(192.82.72.159) 2021 оны 10 сарын 09

Medeej hudlaa. Yaj hunsteigee ireh yum? Zugeer l tolgoi holboj tsetserheh ug sh dee

0  |  1
Top