Ч.Ундрам: Их, дээд сургуулийн засаглал нь хараат бус, судалгаа, санхүүжилт шийдэгдсэн байх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Боловсролын багц хуулийн төслийн эргэн тойронд УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Боловсролын багц хуулийн төслийг өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд, энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Хүн амын боловсрол улсын хөгжилд нөлөөлөхүйц чухал сэдэв. Хуулийн төслийг хэрхэн боловсруулж, дэмжүүлэхээр оруулж байгаа вэ?

-Намрын чуулганаар анх удаа орж байгаа Боловсролын багц хууль шинэчилсэн найруулга гэдэг утгаараа олон шинэ асуудал тусгасан. Тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарсан хуулийн төсөл боллоо. Боловсролын багц хуулийн хамгийн чухал агуулга нь хувийн сургуулиудын хувьсах зардал, статусын тухай асуудал юм. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд төрөөс санхүүжилт авдаггүй. Тэгвэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд хувийн сургуулиуд төрийн бус байгууллагын статусаар үйл ажиллагаа явуулж, улсад татвар төлөхгүйгээс гадна улсын төсвөөс хувьсах зардал болох нэг хүүхдийн 600 орчим мянган төгрөг авч үйл ажиллагаа эрхэлж ирсэн. 1990 оноос хойш боловсролын салбар орхигдож боловсролын чанар, хүртээмж муудсан учраас магадгүй бодлогын чанартай хувийн сургуулиудыг дэмжиж ирснийг үгүйсгэхгүй.

Өнөөдөр хувийн сургуулиуд хамгийн сайн хөрөнгө оруулалттай, стандартад нийцсэн барилга байгууламжтай болсон байна. Өндөр цалингаар сайн багш нарыг цуглуулж, хөтөлбөр, сургалтын чанараа сайжруулдаг. Эцэг, эхээс өндөр сургалтын төлбөр авч, ашгийн төлөө хэв шинжтэй ажиллаж ирсэн учраас улсдаа татвараа төлөх нь шударга тогтолцоо болно. Мөн ашгийн төлөө сургалтын байгууллага нь хүүхэд бүрийн тоогоор хувьсах зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс авах нь зохихгүй. Боловсролын багц хуулиар энэ асуудлыг шийдэхээс гадна багшийн чанарыг сайжруулахад чиглэсэн цалин урамшуулал, нийгмийн баталгаа, ёс зүйн асуудлуудыг хуульд тусгасан. Багц хуулийг дагаад элсэлтийн ерөнхий шалгалт, Боловсролын үнэлгээний төв, магадлан итгэмжлэл, холбогдох стандартууд, сурах бичгийн зөвлөл гээд бүгд өөрчлөгдөнө. Тиймээс Боловсролын багц хууль боловсролын салбарын реформ болно гэж байгаа юм.

-Боловсролын салбарт мэдээж сайжруулах зүйл их буйг хэн хүнгүй л ярьж байна. Төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн чанарыг нь ялгаж эрэмбэлж, тоог цэгцлэх үү?

-Их сургуулиудыг эрэмбэлэх нь зөв. Олон нийтэд тухайн сургуулийн чанарыг эрэмбэлж бодит мэдээллийг нээлттэй болгох ёстой. Сурталчилгаагаар өөрсдийн сургуулиа хамгийн том, хамгийн мундаг гэсэн хэр нь очихоор маш доогуур түвшинд байх нь олон. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар эрэмбэлж сургалт, судалгааны чанар, оюутанд үзүүлж буй үйлчилгээ гэх мэтчилэн шалгуур үзүүлэлтээр жагсаах хэрэгтэй. Энэхүү жагсаалтыг магадгүй хувийн сургууль ч тэргүүлж болно. Үүний тулд тухайн боловсролын байгууллага сургалт, судалгаа, бусад үйлчилгээндээ анхаарч чанар сайжирна. Иргэд сурталчилгаанд хууртагдахгүй, хүүхдийнх нь орох гэж байгаа сургууль хэдэд жагссаныг бодитоор харах боломжтой болно.

-Та багц хуулийн төсөл дээр дээд боловсролын хуулийн ажлыг хэсгийг ахалж байгаа, тус салбарт ажилласан туршлага ч танд байна. Багц хуулийн хүрээнд дээд боловсролын салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт гарах бол?

-Байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтраад 21 аймагт хэлэл­цүүлэг өрнүүлсний үр дүнд уг хуулийн төсөл боловсруулагдсан юм. Дээд боловсролд төрийн өмчийн их сургуулиудын засаглалыг улс төрөөс хараат бус болгох, сургалт, судалгааны хэмжээ, чанарыг сайжруулж үйлдвэрлэл, зах зээл, практиктай холбох асуудлууд орж байна. Мөн ахисан түвшний сургалт, хувийн сургуулиудын чанарыг дээшлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг сайжруулж олон давтамжтай зохион байгуулдаг болох зэрэг асуудлыг хуулийн төсөлд оруулахаар бэлтгэж байна.

-Тодруулбал, дээрх асуудлуудаа хуулийн төсөлд хэрхэн тусгаж байна вэ?

-Их, дээд сургууль төрөөс хараат бус байсны үр дүнд судалгааны эрх чөлөө үүсэж, шинжлэх ухаан хөгждөг. Төрийн шийдвэрт академик буюу шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт, шүүмж орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр Дээд боловсролын тухай хуульд их, дээд сургуулийн засаглалыг төрөөс хараат бусаар, удирдах зөвлөлд олон нийтийн мандаттай төлөөлөл орж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Удирдах зөвлөлд ажил олгогч, судалгааны захиалагчдын төлөөлөл олон нийтийн мандаттайгаар оролцож ажиллах нь дээд боловсролын чанарт сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Мөн удирдах зөвлөлийг хариуцлагажуулж мандат олгосон нөхдөдөө тайлагнадаг болгох хэрэгтэй. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд хэт их төрөөс хамааралтай байх нь засаглалыг сул дорой болгодог. Ер нь бол сургууль цэцэрлэгийн удирдах зөвлөлд олон нийтийн төлөөллийг оруулж ирэх нь зөв. Тэгэж байж олон нийтэд үйлчилдэг байгууллага болох юм. Төрийн өмчийн сургуулиуд нөөц бололцоогоо хуваалцаж, хамтран ажиллах хэрэгтэй. Нэг талд нь онолын суурь судалгаа хийгдэж байхад нөгөө талд нь илүү практикт нэвтрүүлэх чиглэлээр судалж нэг сэдэв мөртлөө уялдаа холбоогүй, чанарын хувьд сул үр дүн гаргах явдал зарим чиглэлд байна. Жишээлбэл, ковидын эсрэг эм бүтээхэд МУИС-ийн хими, биологийн профессорууд, АШУҮИС-ийн профессоруудтай хамтарч ажиллавал илүү үр дүнтэй байж болох л доо. Манай зургаан их сургууль хоорондоо санамж бичиг байгуулж, гарын үсэг зуран хамтран ажиллаад эхэлсэн нь энэ хамтралын давуу талыг олж харсных гэж бодож байна. Түүнчлэн дээд боловсрол олгох хичээлийн кредит цагийн үргэлжлэх хугацаа яг хэд вэ гэсэн стандарт манайд байдаггүй. Холбогдох яамнаас журам гаргадаг ч их, дээд сургуулиуд ижил түвшинд мөрддөггүй учраас энэ асуудлыг хуульд тусгах зайлшгүй шаардлагатай.

-Төрийн өмчийн их, дээд сургуулийн хараат бус байдлыг хөндөх нь зүйтэй санагдлаа. Тэгвэл тэдний санхүүжилтэд нь өөрчлөлт орох уу?

-Их сургуулиудын хувьд хамгийн том асуудал нь санхүүжилт байдаг. Одоогоор төрийн өмчийн их, дээд сургуулиуд төрөөс санхүүжилт огт авдаггүй. Санхүүжилт байхгүйгээс үүдэн сургуулиуд маань гол орлогын эх үүсвэр болох бакалаврын сургалт руугаа анхаараад байдаг. Их, дээд сургуулиудын орлогын 90-ээс дээш хувь нь сургалтын орлого байгаа. Тэгвэл гаднын томоохон их сургуулиудын орлогын томоохон эх үүсвэр судалгааны санхүүжилт байдаг. Манай хувьд судалгааны санхүүжилт мөн бага байгаагаас ахисан түвшний сургалт руугаа анхаарахгүй байна. Тиймээс төр, хувийн хэвшил их сургуулиудад судалгааны захиалгаа өгдөг байх ёстой. Мөн магистр, докторын хөтөлбөрийг тэтгэлэг­тэй болгох хэрэгтэй. Профессорууд судалгааны санхүүжилтээрээ ахисан түвш­ний суралцагчдыг цалинжуулж судалгаа хийлгэж болно. Түүнчлэн шинжлэх ухааны бүтээлүүдийн нэгдсэн санг үүсгэх ёстой. Бүх түвшний дипломын ажилд оюуны өмчийн хулгай их гарч байна. Шинжлэх ухааны бүтээлүүдийн нэгдсэн санг үүсгэснээр оюуны өмчийн хулгайгаас сэргийлэх, мэдлэгийг эргэлтэд оруулж, бусад судлаачид, байгууллагад уншуулдаг, үргэлжлүүлэн судалдаг болох давуу талтай. Түүнчлэн олон улсын мэдлэгийн сан буюу “web of science” гэж олон улсын нэгдсэн мэдээллийн байдаг. Уг санг бодлогоор Монголын их, дээд сургуулиудад эрхийг нь авч нээлттэй болгох хэрэгтэй. Тэндээс судлаачид мэдээлэл авч, мэдлэгийн эргэлтэд оруулж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааныг хөгжүүлэх боломж юм. Дээд боловсролын чанарыг сайжруулахад Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн сан зэрэг байгууллагуудыг улам чадавхжуулж, агентлагийн түвшинд ажиллуулж байж, боловсролын систем тогтолцоогоороо сайжрах нөхцөл бүрдэнэ.

-Боловсролын салбарын хүний нөөцийг сайжруулахад цалин урам­шуулал мэдээж нөлөөлөх байх. Тэдний нийгмийн баталгааг хангахад хэрхэн анхаарах вэ?

-Улсын хэмжээнд төрийн үйлчилгээний албанд 50 мянга гаруй багш бүртгэлтэй байдаг, төрийн үйлчилгээний бүхий л төрлийн албан хаагчидтай адил бодлого, цалин, урамшууллын системээр энэ ажлын байр зохицуулагддаг. Тиймээс “Төрийн боловсролын үйлчилгээний алба” ч гэдэг юм уу нэрлээд Төрийн албанд тусад нь ангилал бий болгож, багш нарын цалин, ажиллах орчин нөхцөл, нэмэлт урамшуулал зэргийг ялгаатай байдлаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Цаашид ч бид багш нарын эрх зүйн байдлын тухай хуультай болж багш нар өөрсдийн мэргэжлийн холбоотой болох нь зүйтэй. Эрх зүйн орчин бүрдвэл багш нар өөрсдийн эрх ашиг, багшид тавигдах шаардлага, ёс зүй, цалин урамшууллаа мэргэжлийн холбоогоороо дамжуулан ярьж, хэлэлцэн шийдэх боломжтой. Хүүхдэд тэгш боломж, хүртээмжтэй боловсролыг хүргэхийн тулд тодорхой стандартчилсан хөтөлбөрийн дагуу явах нь хамгийн чухал. Стандартыг орчин нөхцөл, сурах бичиг гэх мэт материаллаг зүйлээр хэмжиж болох ч гол агуулга болох сургалтын агуулга, заах арга зүйд нь стандарт тогтоох ёстой. Сургалтын хөтөлбөр буюу агуулга, заах арга зүй, сурах бичиг зэрэг нь стандартын дагуу хэрэгжиж эхэлсэн үед алслагдмал сумын хүүхэд, хотын захын хүүхэд, төвийн хүүхэд бүгд чанартай боловсрол эзэмших нөхцөлтэй болж амьдралын тэгш гарааны боломжоор хангагдах юм.

-Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн үйл ажил­лагаанд анхаарч, нарийн мэргэ­жилтэй, үйлдвэрийн ажилтан бэлтгэх хэрэгцээ манай улсад байгаа. Энэ асуудалд хуулийн зохицуулалтыг яаж тусгав?

-Энэ хуульд Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтарсан дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв Боловсролын яам руу шилжих юм. Ингэснээр боловсролын шаталсан тогтолцооны уялдаа холбоо хангагдаж халамжийн байгууллага бус боловсролын байгууллага гэдэг утгаараа үйл ажиллагаа явуулна. Мэргэжлийн боловсролын хуулийн төсөл боловсруулж өргөн барих ажлын хэсэг байгуулагдсан байгаа, миний бие уг ажлын хэсэгт гишүүнээр орсон. Мэргэжлийн боловсролын хувьд сурч байгаа суралцагч бүрд 200 мянган төгрөг олгодог нь халамжийн шинж чанартай болгоод байгаа юм. Тэрхүү олгож буй тэтгэлгийг суралцагчийн идэвх оролцоо, хөдөлмөрийн зах зээл, эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшихтэй нь уялдуулж олгодог болох нь илүү оновчтой. Сургуулийн техник, тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, орчин нөхцөлөө сайжруулах ч боломжтой болно. Ингэхгүй бол хавтгайрсан халамжийн систем рүү шилжих гээд байна.

-Хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй мэргэжлүүд бий болоод байна. Хүний нөөцийн тэнцвэртэй байдлыг яаж хангах ёстой вэ?

-Орон нутагт очиход малын эмч, шүдний эмч, бага ангийн багш, инженерүүд эрэлт ихтэй байдаг. Манай хуучны боловсролын систем орон нутгийн захиалгаар хүний нөөц бэлтгэх, сургалтын төрийн сангаас тэтгэлэг олгодог байсан. Гэтэл өнөөдөр орон нутгаас ирж байгаа хүүхдүүд хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэхгүйгээр эрэлт багатай мэргэжлээр сурч, ирээдүйд ажилгүйчүүдийн тоог нэмэх эсвэл өөр мэргэжлээр ажиллах болдог. Тиймээс тухайн орон нутгийн эрэлт, захиалгаар мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Сургалтын төрийн сангаас тэтгэлэг аваад, орон нутагтаа эргэж очоод дөрвөөс таван жил ажиллах зарчмаар сургах боломжтой. Үүний дараа дуртай газраа ажиллах нь тухайн хүүхдийг сонголт болдог байх жишээтэй. Ингэж ирээдүйн мэргэжилтнээ орон нутгийн хөгжилтэй уялдуулахгүй бол өнөөгийн дээд боловсрол, мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоо улам нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээл дэх тэнцвэргүй байдал арилахгүй.

-Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авах эрхтэй. Гэсэн ч тэгш бас хүртээмжтэй боловсролын асуудлыг та нэлээд ярьдаг шүү дээ. Тэгш, хүртээмжтэй боловсрол гэдгийг хэрхэн ойлгож, хэрхэн зохион байгуулах хэрэгтэй юм бол?

-Одоогийн орж ирсэн багц хуулийн төсөлд ялгаатай байдлыг хүндэтгэж сурах боломжоор нь хангах асуудал хангалттай тусгаагүй. Олон ястан, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чанартай боловсрол хүртэж амьдралын тэгш гарааны боломжоор хангагдах эрхтэй. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхад түүнд багшлах хүний нөөц, сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байдаг. Тэдгээрт шаардлагатай төсөв мөнгийг суулгаж, хэрэглэгдэхүүнээр хангахад анхаарах ёстой.  Олон ястны хувьд хос хэлээ төгс эзэмшсэн байх шаардлагатай. Баян-Өлгий аймгийн жишээн дээр ярихад тус аймгийн Засаг дарга нь сургалтын хөтөлбөрөө баталж, сурах бичиггүй сүүлийн 30 жил явж байна. Төрийн зохицуулалт байхгүй учраас элсэлтийн ерөнхий шалгалтаар тус аймгийн хүүхдүүд сүүл мушгих жишээтэй. Харин хос хэлтэй болох хөтөлбөрийн дагуу суралцаж, ном сурах бичигтэй байснаар энэ хоцрогдол арилах юм. Энэ мэтчилэн тэгш, хүртээмжтэй боловсрол олгох асуудлыг хуульд маш сайн тусгах хэрэгтэй.

-Боловсролын багц хуулийг бодит байдалд дүн шинжилгээ хийж, судал­гаатайгаар, тус салбарт реформ хийх хэмжээнд боловсруулж байгааг та онцол­лоо. Одоо хуулийн төсөлд дахин нэмж оруулах шаардлагатай асуудал үлдсэн үү?

-Энэ хуулийн төсөлд орхигдсон ч ажлын хэсгийн зүгээс нэмж тусгахаар ажиллаж буй өөр нэг санал бол боловсролын үнэлгээний асуудал. Монгол Улсад боловсролын үнэлгээ хаягдсан, үнэлгээ хийдэг мэргэшсэн, мэргэжлийн хүн байдаггүй. Жишээ нь, TOEFL-ийн шалгалт болон үнэлгээний цаана тухайн үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага өндөр түвшинд ажиллаж шалгалтын дүнд үндэслэн шалгалтын материалаа сайжруулах, алдаа дутагдлаа засах зэрэг тасралтгүй сайжрах процесс явагдаж байдаг. Харин манай Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт зохион байгуулж байгаа байдал нь агуулгын хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч хангалтгүй байна. “Тухайн хүүхэд аль хичээлдээ сайн түүгээрээ л шалгалт өг” гэж багш чиглүүлж байгаа нь буруу. Хүүхдийн эрхэнд халдаж байгаа асуудал. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Түүнчлэн сургуулиудын хяналт шалгалтын асуудлыг тусгах хэрэгтэй байна. Нэг сургуулийг дүүргийн, нийслэлийн, улсын мэргэжлийн хяналт, аудитын газар гэх мэтчилэн олон газар хянаж, шалгадаг. Багш, эрхлэгч нар тэр их шалгалтын хооронд цааснаас цаас, тайлан гэж явсаар үндсэн үүргээ мартаж орхидог. Нэг байгууллага нь тэр сургуулиа шалгадаг болгох ёстой. Хуульд энэ талаар огт оруулаагүй байсныг ажлын хэсгийн зүгээс нэмж тусгахаар ажиллаж байна. Хүүхдийн мэдээллийн нууцлалын асуудлыг ч хуульд оруулахаар судалж байгаа. ЭЕШ-ын дүнг Боловсролын үнэлгээний төвийн сайтад бүтэн жилийн турш нэр, хаяг, оноотой нь байршуулсан байдаг. Энэ нь бага оноо авсан хүүхдүүдэд сэтгэл зүйн дарамт болж, найзууд нь шоолох тохиолдол ч цөөнгүй гарч байсан тухай мэдээлэл бий. Тэр бүү хэл амиа хорлох асуудалд тулсан тохиолдол бий гэдгийг сурагчдын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр хэлж байсан. Тиймээс Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн боловсролын салбартай болох нэн шаардлагатай. Боловсролын салбар хүний эрхийг дээдэлж байж бидний хүүхдүүд цаашид хүнлэг, энэрэнгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бий болгоно. Жилд нэг л удаа элсэлтийн ерөнхий шалгалт авч хүүхдийн амьдралыг нэг өдөр шийдэж болохгүй. Тэдэнд сайжрах боломж олгох ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.114.140) 2021 оны 10 сарын 08

Ene huuhen uuruu tsever zuv es zuig surah heregtei. Daraa n iim yum yariarai.uuruu bagsh bhdaa mungu avdag bsn gsn bizde

0  |  0
ДЭЭЛНИЙ ЗАХ(103.212.118.206) 2021 оны 10 сарын 08

Дээлгий зах нь өндөрдсөн учраас онцгүй байна

0  |  0
Top