"Эхлэл"-д ЭХЛЭХ боломж өгье

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Одоогоос таван сарын өмнө Засгийн газрын тэргүүний хэлсэн үгийг эхэнд эшлэе.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй Төрийн ордонд уулзахдаа  “Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь  явуулах ёстой... Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя” хэмээн хэлж байсан.

Ерөнхий сайд ийн хэлснээрээ Монголд бизнес эрхлэхэд амаргүй, төрийн дарамт их болохыг ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн өмнө хүлээн зөвшөөрсөн гэхэд болно.

Харамсалтай нь, харьд биш эх нутагтаа хөдөлмөрлөж, бүтээж улс орондоо эрвийх дэрвийхээрээ хувь нэмрээ оруулахаар сэтгэл шулуудсан олон олон бизнес эрхлэгчид төрийн төмөр нүүртэй тулсан хэвээрээ байгаа нь  “Эхлэл” брэндийг үүсгэн байгуулагчдад тулгарсан асуудлаас тодорхой харагдаж буй юм.

“Эхлэл”-ийн  залуус Монголдоо анх удаа импортыг орлосон Монгол брэндийн гар утас үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэх гэж буй талаараа олон сарын өмнөөс албан ёсоор мэдэгдэж байсан. Бүр тодруулбал, “Хулан 21” гар утсыг Монгол угсрахдаа гадаадад хийгдэх эд ангийн хэмжээг 80 хувь, дотоодод хийгдэх эд ангийн хэмжээг 20 хувь байлгана. Цаашлаад дотооддоо хийх эд ангийн хувь хэмжээг үе шаттайгаар өсгөх бодлого барина гэдгээ мэдэгдэж байсан.

Түүнчлэн “Хулан 21” гар утсыг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхийн тулд, уг төслийн хөгжүүлэлтийг есөн сарын турш хийхдээ, олон арван залуусыг ажлын байраар хангасан. “Эхлэл” компанийн бий болгосон 200 ажлын байр цар тахлын хүндрэлтэй энэ үед 200 айл өрхийн ахуй амьжиргаанд эерэгээр нөлөөлж байгаад эргэлзэх хэрэггүй. Тэдгээр ажлын байрууд цаашид ч тогтвортой хадгалагдахын хэрээр эдийн засагт урт хугацаанд үр ашиг дагуулах нь ойлгомжтой байгаа.  Цаашид олон олон Монгол брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ирээдүйн боловсон хүчнүүдээ бэлтгэхээр сургууль хүртэл байгуулаад амжсан байгааг хэлэх нь зөв байх.

Нэг ч гэсэн ажлын байрыг хадгалж авч үлдэх нь  нэн чухал байгаа цар тахлын энэ үед “Эхлэл”-ийн залуус хил, гаалиар бүтээгдэхүүнийхээ эд анги, шаардлагатай зүйлсийг татан авахдаа хууль, журмын талаар дутуу дулимаг мэдээлэлтэй байснаасаа үүдэн алдаа гаргасан байгаа юм. Гэхдээ энэ нь Монголдоо хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байгаа залуусыг дэвслэх үндэслэл болох учиргүй.

Гэтэл иргэдэд, хувийн хэвшилд элдэв хүнд сурталгүйгээр  үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгтэй төрийн холбогдох байгууллагуудын зүгээс сүүлийн өдрүүдэд  “Эхлэл” брэнд рүү чиглэсэн мэдээ, мэдээллийг хийж, сошиалаар ч тэднийг элдэвлэж буй нь тун харамсалтай юм.

Монгол Улс газраа ухаж олборлосон  зэс, нүүрсээ хил давуулж жилдээ хэдэн ам.долларын орлого олдог. Олсон хэдэн ам.доллароо буцаагаад импортын худалдан авалтдаа зориулаад урсгачихдаг. Тэгвэл “Эхлэл”-ийн залуус энэ л буруу жишгийг халж, техник, технологийн бүтээгдэхүүн угсарч, үйлдвэрлэж, гадагшаа урсдаг мөнгөний урсгалыг Монголчуудынхаа хэтэвчинд үлдээхийг зорьж байгаа. Тиймээс шинэ шинэ эхлэлийг түүчээлж буй “Эхлэл”-ийг дэвсэх биш дэмжих л хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(203.23.49.103) 2021 оны 10 сарын 10

ДЭМЖИНЭ

2  |  0
Top