“Праг хотын амьтны хүрээлэн-Зүүнгарын говь” шуудангийн марк гүйлгээнд гарлаа

2021 оны 10 сарын 05

Монгол, Чех хоёр орны найрамдалт харилцаа, тахь сэргээн нутагшуулсан үйл ажиллагаанд зориулж, Праг хотын Амьтны хүрээлэнгийн зураач Ян Соваакийн бүтээсэн тахийн сүрэг бүхий  “Праг хотын амьтны хүрээлэн-Зүүнгарын говь” сэдэвт шуудангийн маркийг гүйлгээнд гаргаж байна.

Маркийг үйлчилгээнд гаргах нээлтийн ажиллагаанд БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр, Чех улсаас Монгол Улсад суугаа Онд бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржий Бродский, Зүүнгарын говийн тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга О.Ганбаатар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, “Монгол шуудан” ХК-ий гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Ч.Батсансар, “Монгол шуудан” ХК-ий Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улс, Чехословак улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, улмаар 1956 онд Улаанбаатар, Праг хотноо тус тусын Элчин сайдын Яамыг нээж байсан түүхтэй. Чехословакийн холбоо задарсны дараа  1993 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех улстай дипломат харилцаагаа  дахин тогтоож улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын болон орон нутгийн харилцааны чиглэлээр  олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байдаг. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Зүүнгарын говьд тахь сэргээн нутагшуулах зорилгоор  Праг хотын  Амьтны хүрээлэнгээс анх 1998 онд нэг азарга, хоёр  гүү илгээсэн бөгөөд тэднийг тээвэрлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, Герман улсын иргэн Кристиан Освальд нар хамтран зохион байгуулжээ.

Эдгээр тахиудаас чехээр “Зета”, монголоор  “Од” нэртэй  гүү Монгол нутагт дасан зохицон  нутагшиж олон удаа унагалсан юм. 2007 оноос эхэлж Праг хотын  Амьтны хүрээлэн, 2011 оноос Чех улсын хөгжил хамтын ажиллагааны байгууллага, Нийслэл Праг хотын захиргаа Зүүнгарын говьд тахь сэргээн нутагшуулах ажилд хөрөнгө оруулалт хийх төслүүдийг эхлүүлсэн. Праг хотын Амьтны хүрээлэн нь 2012-2019 онд Европын орнуудын амьтны хүрээлэн, тахь үржүүлгийн газраас 30 толгой тахийн гүү, 2016 онд Хустай нурууны байгалийн цогцолборт газраас нэг азарга,  гурван гүүг өөрийн хөрөнгөөр  санхүүжүүлэн тээвэрлэж Зүүнгарын говьд сэргээн нутагшуулсан нь зэрлэг тахийн популяцын тоо толгойг өсөн нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.76.178) 2021 оны 10 сарын 05

Чех улстай манайх ийм дээр үед дипломат харьцаа тогтоосон байсан юмуу, ёстой мэдээгүй юм байна

1  |  0
Top