Ч.Галсан: Мод бол ертөнцөд үлдээж буй миний хөшөө юм

2021 оны 10 сарын 06

“Аянгат цагийн тууж” номоороо дэлхийн уран зохиолын хаалгыг дэлдээд орчихсон монгол хүн гэдгээр нь түүнийг олон нийт мэднэ. Монголоос уран бүтээлээрээ өрнө дахинтай шууд харилцаж өөрийн гэсэн уншигчидтай болсон цорын ганц зохиолч бол тэр юм. Түүгээр ч зогсохгүй нэг сая мод тарина хэмээж байсан тэрбээр энэ онд уг зорилгодоо хүрсэн аж. Одоо хоёр сая мод тарих зорилт руугаа орон ажиллаж байгаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэл­тэн, зохиолч Чинагийн Галсантай түүний ажил, үйлсийн талаар ярилцсанаа хүргэж байна.


 

“ХҮНИЙ ГАРААР БҮТЭШГҮЙ ХӨШӨӨ ДУРСГАЛАА БОСГОВ БИ” ГЭДЭГ ШИГ

БИ ХӨШӨӨГӨӨ СИЙЛЖ БАЙГАА

 

-Таны ойрд төвлөрч буй ажлын сонин сайхнаас энэ удаагийн яриагаа эхэлье. Дэлхий нийтээрээ цар тахалтай байгаа энэ үед гадаадад байгаа уншигчиддаа хүрч ажиллах амаргүй байгаа байх. Одоо ямар уран бүтээл дээр төвлөрч байгаа вэ?

-Бичдэг юм ч яахав бичсээр байгаа. Намтраа бичээд долоон жил болж байна. Долоон жил нэг номтой зууралдлаа. Нэг ном гээд байдаг бараг таван боть болох байх аа. Анхны боть нь гурван жилийн өмнө гарсан. Хоёр дахь боть нь 2022 оны хоёрдугаар сард гарна даа. Би монгол хүний дундаж наслалтаар бодоход харьцангуй урт насалжээ. Одоо 77 настай. Дэлхийн хэмжээнд юу ч биш л дээ.

Одоо цагт хүмүүс залуужаад, хүн төрөлхтний нас уртсаад, хөгширнө гэдэг ойлголт улам холдож байна. Дээхэн үед 40, 50 настай хүн их хөгшин санагддаг байлаа. Европын хөгжилтэй орны хүмүүс олон жил амьд байснаа л их юм үзлээ, нас насаллаа гэж боддог. Манай нүүдэлчин ухаанаар бол бүтээсэн, харсан, мэдэж амьдарсан юм л амьдрал болж байгаа юм. Европын 70 настай хүмүүс юу ч үзээгүй, залуугаараа амьдралд өөрийгөө тушаана. Тэгээд тэтгэвэртээ гарч аваад, сая нэг ертөнцөө харж эхэлдэг дээ. Тэгтэл манайхны жаахан хүүхдүүд, малчин банди нар чинь аль хэдийн амьдрал, дэлхийн байдлыг таньчихсан, өөрийн гэсэн бодолтой болсон байдаг. Малчин хүн өглөө болгон уулын орой дээр гарч алсыг хараад, хонио хариулж явахдаа, адуугаа хураагаад ирэхдээ ертөнцийн тухай бодож л явдаг шүү дээ. Энэний цаана ийм юм бий, тэрийг давбал тийм юм бий гээд. Хүний ухаанаар бус, өөрийн толгойгоор боддог болохоор бидний нас их гэж боддог юм. Гурван төрийн нүүр үзсэн гэдэг шиг би хэдэн ч төрийн нүүр үзчихэв дээ. Би чулуун зэвсгийн үед, уулын мухарт жижигхээн эсгий гэрт төрөөд, хөлд орохдоо ертөнцийн гол юмыг таньсан байгаа юм. Нүүж явахдаа дэлхий ертөнц хязгааргүй юм гэх мэтээр амьдралыг хүүхэд байхаасаа л мэдэж эхэлсэн. Цаашилсаар Электроникийн үеийн бодол санаанд, дэлхийн хурлуудаар ороод өөрийнхөө саналаа хэлж байна. Орчин үеийн нийгмийг хамт бүтээлцэж явна даа. Ингээд бодохоор нэг насанд хүн төрөлхтний бүх туулсан үеийг үзчихсэн. Тэгээд ерөөсөө бичиж дуусахгүй байна. Би бодож байна гэдэг чинь Монголын ард түмний бодол дэлхийн тавцанд гараад ирсэн байна гэсэн үг. Би их хувь заяатай төрсөн байна л даа. Тэр эсгий гэрт, хамгийн доор төрж дээшээ цойлсоор хүн төрөлхтний оргил өөд явж байна. Энэ агуу их хувь заяа юм. Монгол гэдэг нэрийг дэлхийн тавцанд чирээд гарсан цөөн хэдэн хүний нэг нь би яахын аргагүй мөн.

-Таны зохиол, бүтээлүүд герман хэлээр гардаг ч  монгол ахуй, нүүдэлчдийн амьдралыг шингээсэн байдаг гэх юм билээ. Ер нь таны бүтээлийг уншсан жуулчид Монголд цөөнгүй ирнэ биз?

-Манай охин жуулчны хөтөч хийдэг. Тэгээд Монголд ирсэн жуулчдаас нэг ижил асуулт асууж л дээ. Та яагаад Монголд ирэв гэхэд 60-70 хувь нь Чинагийн Галсангийн зохиолыг уншаад ирлээ гэж хариулсан байгаа юм. Би өөрийнхөө ухааныг энэ бол миний юм биш ард түмний юм гэж ойлгодог. Тиймээс олсон мөнгөөрөө ард түмэндээ, эх орондоо юм бүтээнэ гэж боддог доо. Том том орд харш бариулахад миний мөнгө хүрэх л байсан. Нэг сая модонд хэчнээн төгрөг орно гэж та нар бодож байна. Нэг мод тарина гэдэг чинь доод захаар бодоход 15-20 мянган төгрөг болдог. Үүнийг нэг саяар үржүүлэхээр юу болох вэ. 

-Таныг нэг сая модоо тариад дууссан. Одоо хоёр сая мод тарих зорилт тавиад ажиллаж байгаа гэж сонссон. Яагаад заавал мод тарьж байгаа юм бэ. Уран бүтээлээ туурвиад явах нь танд хамаагүй амар байхгүй юу?

 -Мод бол миний амьдрал. Мод бол миний ирээдүй. Мод бол миний ертөнцийг таних түлхүүр юм. Ертөнцөд үлдээх миний хөшөө юм. Пушкины хэлдгээр “Хүний гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгов би” гэдэг шиг би хөшөөгөө сийлж байгаа. Өглөө босоод л сийлж байна. Ном бичих яахав миний мэргэжил. Нэг сая мод гэж хэлэхэд амархан. Нэг сая төгрөг гэдэг шиг. Тэр хэмжээний мөнгө захын хүнд байдаг болж л дээ. Сая мод гэдэг чинь арван мянга, нэг түмэн зуун мод юм. Өөрийнхөө хөшөөг хаа сайгүй ургуулж байна даа. Бусад хүмүүсийн хөөцөлдөн байж гантиг, чулуу, шавар, мод хадаар хийсэн хөшөөнүүд чинь хуучраад нэгэн цагт үгүй болоход миний хөшөө бол ургасаар л байх юм. Мод өөрийгөө тарьдаг. Энэ дунд хашааны ард нэг улиасан төгөл байдаг юм. Хоёр, гуравхаан жижиг гологдол улиас суулгаад хоёр жилийн дараа ирээд хартал бүхэл бүтэн айл болчихсон байсан.  Мод гэдэг чинь өөрийгөө үржүүлээд л яваад байдаг байхгүй юу. Ном бичих мод тарих миний мэргэжил болчихжээ. Анх мод тарьж эхэлж байхад чинь ай их бэрхшээл таарч байлаа. Энэ хөрш хашааны авгай гарч ирээд надад “Муу зөнөг төгцөг минь мод гэдгийг чинь хүн тарьдаггүй юм. Мод өөрөө ууланд ургадаг юм мэдэв үү. Чиний мод тарина гэж юу л бол. Тийм их мөнгөтэй юм бол сагсуураад байлгүй бидэнд өгчих. Бидний амьдрал хүнд байна” гэж байлаа. Одоо тэр эмэгтэй ач хүүхдүүдээ дагуулаад хаа нэг явж байдаг.  Өлгийтэй ач хүүгээ дагуулаад модны сүүдэрт сууж байхад би хүүхдүүддээ “Энэ хүний хүүхдүүдэд их сайн хандаж, гэртээ оруулаад сайн хооллоод гаргаж байгаарай” гэж хэлдэг юм. Миний үндсэн философи хатууг зөөлнөөр цохих юм. Муу юм их хийсэн хүнд улам их тус хүргэх. Яагаад гэвэл тэр хүний сэтгэлийг зовоох, ичээх бодолтой. Энэ заримдаа ажиллаад, заримдаа ажилладаггүй юм. Нөгөө сайн юм хийж явахад зам цагаан байдаг, муу хийж явахад зам хар байдаг гэсэн эртний үг одоо их эргэлзэхээр болчихсон байх шүү.

 

МОД ТАРИНА ГЭДЭГ МЭДЛЭГТЭЙГЭЭР, ӨӨРИЙН ХАР АМИА БИШ

ҮНЭХЭЭР БАЙГАЛЬ ЭХЭЭ БОДОЖ ТАРЬДАГ ЗҮЙЛ

 

-Яаж яваад мод тарих болчив оо?

-Би хүнд их юм өгсөн. Өөрийнхөө өгсөн зүйлийг ихэд битгий бод гэж ард түмэн хэлдэг юм билээ. Гэхдээ ингээд бодоход ээ их олон юм өгсөн байна. Германд уулзалт хийж ирээд нутагтаа очиж мөнгө тараадаг байлаа. Эхлээд 50 мянган төгрөг өгсөн. Дараа нь 100 мянган төгрөг өгдөг боллоо. Ингэж зүгээр мөнгө тараах нь миний явах зам биш байж. Манай хүүхдүүд “Ааваа та ингэж мөнгө тарааснаар асуудлыг шийдэхгүй. Хүмүүсийг улам л шуналтай болгоно” гэсэн юм. Нөгөө хүмүүс чинь улам л авахын донтой болоод байсан. Эхлээд 50 мянган төгрөг өгөхөд их баярлана аа. Баярлалгүй яахав. Тэгсэн дараа нь нэг мотоцикл өгөх арга байна уу өвөө гээд ирнэ. Мотоцикл аваад өгчихөөр хоёр жилийн дараа нэг машинтай л болчихмоор байна ахаа таны арга ухаан юу байна гээд ингээд л яваад байдаг. Үүнийг мэдээд бага хүү минь “Ааваа ерөөсөө таны үр дүнгүй цацаад байгаа мөнгөөр сан байгуулъя” гээд сан байгуулсан. “Чинагийн Галсан” сан 10-аад жил ажиллаж байна. Нэг сая модоо тарьж дуусаад хоёр сая мод тарих ажлаа эхлүүлээд явж байна.Зөвхөн мод тарих биш. Их олон ажил төр засагт амжуулж өгч байна даа. Хэрвээ мэддэгсэн бол, боддог ухаантай хүн байвал. Сүүлийн арван жилд хоёр удаа зуд боллоо. Хоёр удаа тэжээл, тээврийн цуваа явуулсан. Тэр нутгийнхан мэднэ ээ. Мөн малын үйлдвэр угсааг сайжруулах ажил хийж байна. Боловсрол, сургууль, соёлын тал дээр ч их анхаарч байгаа.

-Малын үйлдвэр, угсаа гэснээс таныг тэмээ худалдаж авч байсан гэх юм билээ?

-26 жилийн өмнө их нүүдэл хийсэн. Их хөгийн юм л даа. Говийн нутгаас 500 тэмээ худалдаж авна гэж тооцоолоод их маадгар очлоо. Ер нь мөнгө хүрнэ гэж бодоод бүх мөнгөө авлаа. Тэр үед мянгатын дэвсгэрт гарсан байсан юм. Хоёр 70 кг гурилын тампуунд 80 кг бэлэн мөнгөтэй. Да хүрээ захаас шинэ супер 53 худалдаж авлаа. Тэгээд хажуугийн суудлыг нь авч мөнгөө тавиад дээр нь өөрөө суугаад, ардаа 20-30  насны найман залуу, нэг калибр, аянчин гэдэг алаг нохойгоо дагуулаад 1995 оны гуравдугаар сарын 1-ний өдөр замд гарлаа. Тэмээ авна гээд зар тавьсан байсан юм. Нэг айлд очиж хоноод тэндээс гурван тэмээ авахаар болвоо. Тухайн үед тэмээний ханш 20 мянган төгрөг байсан юм. Тэр шөнөдөө дайлуулаад, сайхан л хонолоо. Тэгээд өглөө нь босоод нөгөө гурван тэмээгээ авах гэсэн чинь гэнэт “Манайх тэмээгээ 20 мянган төгрөгөөр өгөхгүй, 60 мянган төгрөгөөр өгнө” гэдэг байгаа. Нэг шөнийн дотор үнэ нь гурав дахин өссөн. Би өөрөө инпляцийг чирээд оччихсон байхгүй юу. Мөнгөө харуулаад л, мөнгөтэй гэж яриад л, эдийн засгийн ямар ч ухаан байхгүй, дэврүүн сэтгэлтэй хөдөөний мангар эр л очиж байгаа юм л даа. Нүүдэлчид тэр дунддаа говийнхон бол бүүр сайхан сэтгэлтэй хүмүүс гэж бодоод л  очсон. Тэр сайхан сэтгэлтэй говийнхон гэж байдаггүй юм билээ. Мөнгө хараад л урвачихсан. Тэгээд 500 тэмээ авч чадалгүй говийн хар хүрэн 140 тэмээ авсандаа. Тэнд тэмээний үнэ тэр чигээрээ 60 мянган төгрөг болж тогтсон. Амьдралыг гашуун зүйлсийг мэдэж эхэлж байгаа юм л даа. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг одоо бол чоно болсон /инээв/.

-Хүмүүс мод тарих гэхээр суулгаад л болчихдог. Арчилна гэхээр услаад л болдог гэж ойлгоод байх шиг ээ. Та энэ тал дээр мэргэшсэн хүн гээд хэлчихэд үнэнээс хазайхгүй болов уу. Мод тарина гэдэг ер нь их ажиллагаатай байх?

-Бид модыг үрээр нь тарьдаг. Одоо хүмүүс мод тарихдаа ойд ургаж байгаа  залуу модыг суга татаж аваад, хялгасан судсыг нь нар, салхинд харуулаад үхүүлчиж байгаа юм. Тэгээд тэрийгээ жаахан газар ухаж хиймэр болоод, хоёр хувин ус цутгачихаад, ичгүүргүйгээр зураг авч нэрээ бичнэ. Мод тарина гэдэг мэдлэгтэйгээр, өөрийн хар амиа биш үнэхээр байгаль эхээ бодож тарьдаг зүйл юм. Ингэж тарьсан мод их сайн ургадаг. Навчит модыг мөчрөөр, бусад модыг бол үрээр тарих хэрэгтэй. Миний туршлага энэ.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ ТЭРБУМ МОД ТАРИНА ГЭЖ ХЭЛСЭН НЬ ИХ САЙН ХЭРЭГ

 

-Манай улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 76 дугаар чуулганаар 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина. Энэ ер нь боломжтой юу?

-Тэр бодитой болж болно. Сайн зохион байгуулах л хэрэгтэй. Тэрбум мод гэдэг чинь мянган сая мод. Нэг сая модыг нь би тарилаа гэж бодоход цаана нь 999 сая мод байж байна. Бид гурван саяулаа зүтгэвэл бүтнэ ээ. Намайг 15 жилийн өмнө сая мод тарина гэж амлалт өгөхөд хэн ч итгэхгүй попорч байна гээд инээлдээд байсан. Би 20-иод жилийн өмнө энэ урд харагдаж байгаа дөрвөн мянган ам.метр газрыг 13 сая төгрөгөөр худалдаж авсан. Өмнө нь машин талхалчихсан шавхаатай, хогийн цэг байлаа. Бараг 10-аад машин хог гарсан. Хүн зүтгэвэл бүтэхгүй юм гэж байхгүй. Нэг хүн нэг сая мод тарьчихаад байхад гурван сая хүн тэрбум мод тарьж чадалгүй яахав. Ерөнхийлөгч тэрбум мод тарина гэж хэлсэн нь их сайн хэрэг. Гэхдээ арын хаалгатай, ялгасан чигээрээ шагнал урамшуулал өгвөл их муухай юм болно доо.

-Та нэг мод тарихад л 15-20 мянган төгрөг зарцуулагддаг гэж хэлсэн. Ер нь төсөв санхүүгээ яаж бүрдүүлдэг вэ. Танд ер нь төр болон ямар нэгэн албан байгууллагаас хандаж байв уу?

-Манайхаас дэмжсэн дэмжлэг тэг гэж хэлэхэд болно. Гадаадаас л их дэмжиж байгаа. Тодорхой хэмжээний уншигчид, хүлээн авагчтай болжээ. Намайг дэмждэг гурван гол төв бий. Швейцарь болон Германд байдаг нөхөрлөл хамгийн гол төв болсон. 1990 оны арванхоёрдугаар сард Ц.Элбэгдорж “Улаан үүд” сонинд залуухан дэслэгч цолтой сурвалжлагч хийдэг. Би “Сэтгүүлч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан юм. Германд байхад Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж сонсогдохоор нь жигтэйхэн баярласан. Ах дүү нартаа анхны ардчилсан ерөнхийлөгч гарах гэж байна. Өлгийтэй хүүхдээ ч гэсэн аваад очицгоо. Далайд дусал болж олуулаа зүтгэе гээд их дэмжсэн. Тэгээд ерөнхийлөгч болсон хойно нь баяр хүргэх гэтэл хүлээж авдаггүй. Оронд нь нэг нөхөр “Та ямар хэргээр уулзах гэж байна” гээд байцаагаад суучих юм. Тэгсэн чинь миний шал дургүй хүрээд “Баяр л хүргэх гэсэн юм” гэлээ. Хоёр жилийн дараа намайг хүлээж авсан.  Хүлээж авахад нь дэмжих болов уу гэж бодоод “Би мод тариад байгаа юм” гээд хэлтэл өөрөөсөө зайлуулаад орхисон доо. Хэдхэн хоногийн дараа хавар, намар улс даяар мод тарих компанит ажил зохион байгуулах зарлиг гаргасан. Тэрнийхээ хүчинд НҮБ-ын шагнал авсан юм даа. Ерөөсөө хүний заль мэх хүний санаанд оромгүй болж. Ёстой суусан газраасаа шороо атгадаг юм байна. Энэ засаг яасан ичдэггүй юм гэж гайхаад байна. Говьд нэг сая мод тарина гээд хэлсэн хүнд Хөдөлмөрийн баатар өгчихөж байгаа юм. Тэгээд нөгөө тува Галсанд нэг сая модоо тариад, хоёр дахь сая модоо тарьж эхлээд байхад дуу шуугүй л байна. Хар хөлсөө гарган, хар сайхан үсээ цайтал бүтээсэн хөдөлмөрийг минь харсангүй. Байгаль орчны яаманд  танай сайдтай уулзмаар байна, хүлээж аваач гээд гэж олон жил санал тавьсан даа.

-Та бас Баян-Өлгий аймагт казахаас бусад үндэстэн их хавчигдаж байна гэж бухимдаж явдаг юм билээ. Энэ ер нь ямар учиртай юм бэ?

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хоёр мянга хүрэхгүй тооны тува хүн долоон мянган хасаг дотор байдаг юм. Их Хасагийн дээрэнгүй бодлого Баян-Өлгий аймгийн удирдлагийн бодлого болоод олон жил боллоо. Манай засаг төр үүнийг харахгүй байна. Харсан ч хараагүй юм шиг ханддаг. Бид  үүнийг олон удаа эсэргүүцсэн. Нэг удаа Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Чи 365 өдөр намайг мэддэг байж. Би ард түмэн учраас нэг өдөр би мэдье. Чи дуугүй байж бай” гэж байгаад нэг цаг шахуу дайралт хийсэн дээ. Монголын төр засаг ийм харалган. Үндэсний цөөнх хасаг, казакын ард түмнээ дэмжээд байдаг. Уугуул үндэстэн нь дууслаа. Торгууд, дөрвөд, урианхай үндэстэн байсан. Одоо цөөхөн хэдэн өрх л байна. Тува үндэстэн дөрвөн мянга байснаас нэг мянга гаруй үлдсэн. Бүх географикийн нэрийг хасагчилж дууслаа. Тэр байтугай их хуралд сууж байгаа сайн эрчүүд нь Алтай Таван Богдын нэрийг өөрчлөх гэж тогтоолын төсөл оруулсан. Нөгөө муу нэртэй луу данстай Ц.Элбэгдорж үүн дээр их дорвитой хөдөлсөн юм. “Монгол хэлээр Алтай Таван Богд гэж нэрлэнэ” гэсэн тушаал гаргаад өөрөө очиж ёслол хийсэн. Бидний гол шүтээн газарт хасагууд чиглүүлж очиж оршуулгын газар байгуулсан. Монгол Улс цэвэр цусны гэсэн аймшигтай үгтэй. Баруун Монголчууд цэвэр цусны Монгол биш болчиж л дээ. Увсын бөх түрүүлэхэд л хагас хэлтэй дөрвөдүүд, баядууд гээд дайраад эхэлдэг. Яг үүн шиг миний талаар яриа гараад ирэхээр өөр наадах чинь цэвэр цусны монгол хүн биш гэдэг. Тува хүн яагаад цэвэр цусны Монгол хүн биш байдаг юм. Тува чинь уугуул монгол хүн шүү дээ. Монгол хэлээ судална гэвэл тува хүнд л хандах хэрэгтэй. Тухайлбал, Чингис хаан  нэрийн учрыг тэнгис гэх мэтээр тайлаад байгаа юм. Чингис гэдэг үг чинь Жангис хэмээх  ганц гэсэн утгатай үг.

 

ХАНЬ МИНЬ  “БИ ЧАМАЙГ ДЭМЖИНЭ ЭЭ. ЧАМАЙГ СОХОРСОН Ч ХӨТЛӨӨД ЯВНА” ГЭСЭН ЮМ ДАА

 

-Мод тарих ажил таны эрүүл мэнд сэтгэл санаанд их нөлөөлнө биз?

-Нөлөөлөлгүй яахав. Мод тарих нь байгаль экологид сайнаас гадна эрүүл мэнд, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг. Сэтгэл санаагаар унахгүй, ирээдүйдээ амьдралын утга учрыг танихад их хэрэгтэй юм. Монголын нүүдэлчдийн хүүхдүүд чинь хар багаасаа амьдрал үхлийн талаар өөрийн гэсэн цэгцтэй бодолтой, гүн ухааны мэдлэгтэй болдог. Европын хүмүүст тийм амьдралын төсөөлөл байдаггүй шүү дээ. Чи үхнэ гэвэл ухаан алдаж унана.

-Та анх мод тарьж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хамгийн анх гурван мод тарьж байсан юм. Тэр үед гурван ач хүү маань ирсэн болохоор энэ чинийх, тэр чинийх усалж байна шүү гээд даалгаж өглөө. Дараа нь жижигхэн хувин аваад л модоо усалж байна гээд гүйлдээд л байсан /инээв/. Би дөрвөн модыг их ойрхон тарьсан юм. Тэгсэн Германчууд ирээд харснаа модыг ингэж тарьдаггүй. Модыг хоёр метрын зайтай тарьдаг юм гэж байна. Германчууд их шүүмжлэх дуртай. Нэг юм хэлэхээр заавал засаж хэлэх гээд байдаг. Тэгэхээр нь “Би дөрвөн хүүхэдтэй хүн. Хүүхдүүдээ бэлгэдэн ингэж  ойрхон тарьсан юм” гэлээ. Та нар нэг модны дөрвөн салбар шиг ойрхон байж бие биедээ тусалж байгаарай гэж ойрхон тарьсан юм. Энэ нэг нарс модны доор миний дөрвөн хүүхдийн ээж, 43 жил ханилсан хань минь унтаж байгаа. Нурмыг нь халуунаар нь авчираад дээр нь жижигхэн нарс суулгасан юм. Эхний нэг, хоёр жилдээ их ядардаг юм билээ. Мөчир нь унаад байхаар нь ургадаггүй юм болов уу гэж айж байлаа.  Харин би хажууд нь байгаа долоон настай модны доор нэгэн цагт ертөнцийн хуулиар их нойрондоо орох үедээ хэвтэнэ гэж хүүхдүүддээ захисан юм. Үүний хажууд байгаа гацуур модны доор миний одоогийн хань нойрсоно. Би арван жил энэ том байшин дотор ганцаардаж суусан. Өглөө оройд ганцаараа хүнгэнэх хүн байхгүй ганцаардлын туйлд хүрээд байхдаа  нэг сайхан сэтгэлтэй Герман бүсгүйтэй хоёр сарын өмнө дэр нийлүүлсэн. Миний хань 64 настайдаа хорвоогоос явсан. Үүнээс арван жилийн дараа 64 настай энэ бүсгүй ирсэн. Сүүлийн хоёр сар их тайван байна. Өмнө нь нойрны эм ууж унтдаг байсан даа.

-Таны хань ажил мэргэжлийг тань их дэмждэг байсан байх. 43 жил ханилсан ханынхаа талаар дурсахгүй юу?

-Алтангадас одонт, мастер тогооч С.Норжмаа гээд бүсгүй байсан. Ажлыг минь их ойлгож дэмждэг. Би эсэргүү яриатай МАХН-ын хар дансанд бичээстэй нэгэн байсан. Муу Германы тагнуул гэж над руу агсардаг байлаа л даа. Тэр үед миний хань улс төрийн товчооны ахлах тогооч байсан юм. МАХН-ын гишүүн мөртлөө хазайхгүйгээр намайг дэмжсэн. Би тэр үед “Чи надаас эртхэн салж ав. Би чамайг явуулмаар байна. Өөрийнхөө амьдралыг авч үлдэхийг бодохгүй бол би ажилгүй, орлогогүй болох нь” гэлээ. Тэгсэн хань минь  “Би чамайг дэмжинэ ээ. Чамайг сохорсон ч хөтлөөд явна” гэсэн юм даа. Тэр минь бүтэн өнчин байсан юм. Тухайн үед өнчин хүүхүүдэд улсаас хангамж сайн өгдөг байсан. Нэг удаа “Би долоодугаар ангиа төгссөн. Намайг Улаанбаатар хотод Худалдааны техниккумд тогоочоор явуулна гэсэн” гэдэг юм байна. Би хариуд нь их том догирхож “Заа тэр хот чинь аюултай даа. Тэнд луйварчин хулгайч нар ихтэй. Чамайг захын хүн ашиглахыг бодно. Чи жирэмсэн болчихгүй бол би таван жилийн дараа сургуулиа төгсөж ирээд чамтай сууна шүү” гэсэн юм. Түүнийг өрөвдсөндөө тэгж хэлсэн. Сургуулиа дүүргэж ирээд буруу зүйл амлаагүй гэдгээ мэдсэн дээ. Мундаг ажилтай, хүн болгон сайн үздэг, их цэвэрч, нямбай, үсээ гялалзтал самначихсан, цэвэрхэн товгор духтай бор охин байсан. Багш нар “Энэ охин шиг цэвэрхэн байж сураач” гэдэг байлаа. Сүүлд засаг төр ч үүнийг нь олж харсан байх.

-Эхнэртэйгээ их эрт учирчээ?

-Дунд сургуульд байхдаа танилцсан.

 

ДЭЛХИЙ НАМАЙГ ҮНЭЛЖ БАЙХАД ИРГЭН НЬ БОЛСОН УЛС МААНЬ НАМАЙГ ТООДОГГҮЙ ЭЭ

 

-Монголын сүүлийн үеийн зохиолчдын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголын зохиолчдын эвлэл насанд хүрсэн байгууллага юм. Монголоос олон сайхан зохиолчид төрсөн. Зохиолчид үндэсхэрэх л их муухай байдаг юм. Үндэсний үзэл уран зохиолтой харшилдаг. Монголын зохиолчид өөрийгөө магтаж бичих хандлагатай. Өөрийгөө магтахаар өрөө л бусдыг доошоо хийчиж байгаа юм л даа. Тухайлбал, Монгол хүн бусдаас илүү зоригтой гэх мэтчилэн. Зоригтой гэвэл аль ч орны хүмүүс зоригтой шүү дээ. Гайхамшигтай биш ард түмэн гэж байхгүй. Бүх зүйл хоёр талтай, сайн, муу аль ч чанар нь байдаг шүү дээ.

-Та Германд суралцаж ирээд багш, зохиолч, сурвалжлагч хийж байсан гэсэн. Мэргэжлээ сольж ажиллах болсон шалтгаан нь юу байв. Ер нь хамгийн анх ажлын гараагаа хаанаас, хэрхэн эхэлж байв?

-Хувь заяа л тийм байлаа. Үүний хажуугаар атаархал байсан. 1968 оны намар сургуулиа төгсөөд Германаас ирлээ. Тэгсэн чинь "Германаар ус цас шиг ярьдаг, улаан дипломтой төгссөн юм гэнэ" гээд л яриа тарж л дээ. Тэгээд шавь орох гээд их олон хүмүүс ирлээ. Тухайн үед Монгол Улсад дөрөвхөн их сургууль байдаг байсан. Би бүгдэд нь Герман хэлний багшаар ажилладаг байлаа. Тэр ирсэн өдрийг л сонсвол ямар хувь тохиол хүлээж авсныг чи ойлгоно доо.

-Ямар хувь тавилан хүлээж авсан гэж?

-Миний ирж байгаа их өрөвдөлтэй. 1968 оны аравдугаар сарын 3-ны өдөр би Буянт-Ухаад хоёр том чемодантай буулаа. Хүнд гэж жигтэйхэн, нэг нь л гэхэд бараг 25 кг. Бас нэг том үүргэвчтэй. Буянт-Ухаагийн буудал дээр түм түжигнэж, бум бужигнаж байлаа. Хүмүүс хүүхдүүдээ тосож аваад л байна. Би торойгоод хоцорлоо. Ачаагаа хүлээж аваад “Хот руу яаж орох вэ” гэж асуутал “Автобусны буудал энүүхэнд” гэдэг юм байна. Ачаагаа үүрсээр автобусны буудал дээр ирлээ. Цас орчихсон, хүйтэн гэж жигтэйхэн өдөр байсан. Төгрөг 40-ийн талх гэдэг байсан дөрвөлжин ногоон автобус ирж байна. Тэр үеийн хүмүүс яс дараалладаг учир дайрна гэх асуудал байхгүй. Эхний автобус ирсэн багтсангүй. Дараагийн автобусанд хүмүүс бүгд орсны дараа ачаагаа бариад орлоо. Тэр үеийн хүмүүс хүн чанартай байжээ, ачаа барааг минь татаж аваад суулгачихав. Удалгүй автобус ч хөдөлж кондуктор эмэгтэй “За мөнгө өө” гэдэг юм байна. Тэгэхээр нь “Эгч ээ, би гадаадад сургууль төгсөөд дөнгөж сая ирж байна. Надад монгол мөнгө байхгүй” гэсэн чинь “Эвий хөөрхий, алив юм хумыг нь урагшлуул, тэр залуу, энэ залуу туслаатах” гэв. Ингээд урагшилсаар байгаад жолоочийн хажууд зогслоо. Жолооч яриаг минь сонсчиж, бас автобусан доторх хүмүүс ч гэсэн сонсчихсон байв.

Тэгээд хот руу орж ирээд “Хүү минь, чамайг хаана буулгах уу” хэмээн жолооч өвгөн асууж байна. Би их сургуулийн нэрээр гадагшаа явсан юм, их сургуулийн төв байрны боловсон хүчин дээр очно доо гэсэн чинь тэнд буух буудалгүй мөртлөө чиглэлээ өөрчлөөд яг хөшөөний хажууд намайг буулгалаа. Тэгээд л хоёр чемоданаа барьсаар, үүргэвчээ үүрсээр төв байрны хаалгаар ороод 118 номерын өрөөнд очлоо. Хуушаан гээд боловсон хүчний дарга байсан юм. Ачаагаа гадаа нь тавьчихаад тогшлоо. “За” л гэж байна. Тэгэхээр нь би “Та намайг санаж байна уу. Би их сургуулийн нэрээр явсан оюутан байна. Сургуулиа дүүргээд яваад ирлээ” гэлээ. “Өө, тийм үү За чи суу” гэснээ чи тэгээд ямар сурсан гэж байна. Би онц сурсан гэлээ. Үнэн юм уу нөхөр минь, харуулах юм байна уу гэхэд байгаа гээд харуулсандаа. Тэгээд “Чи одоо хаана байрлаж байна” гэв. “Надад байрлах газар байхгүй. Үүргэвч чемоданаа үүдэнд тавьчихсан гэж хэлтэл Хуушаан дарга “Чиний юм гадаа байгаа хэрэг үү? Тэгвэл оруулаад ир. Юм чинь алга болчих вий” гэлээ. Тэгэхээр нь би нөгөө гурван том ачаагаа оруулаад тавив. Тэгсэн чинь Хуушаан дарга бодол болоод суучихлаа. Аюуш гэж зааварлагч байсан юм. Их настай эмэгтэй. Тэр хоёр намайг яах эсэхийг өөр хоорондоо ярилцсанаа “Чамд таних айл даанч байхгүй юу” гэж асуув. Би “Байхгүй” л гэлээ.

Тэгсэн Хуушаан дарга гадаад хэлний тэнхим дээр томилолт бичээд “Ерөөсөө өнөөдрөөс ажилд орсноор цалинг чинь гаргаж өгье. Чи үүнийг аваад гадаад хэлний тэнхим дээр оч” гэлээ. Яг гарах гэсэн чинь Хуушаан дарга “ Чи юм идсэн үү. Өлсөж байна уу “гэхээр нь Би өлсөөгүй ээ. Сая онгоцонд юм идсэн гэлээ. Тэгсэн өөр идэх юм байхгүй юу гэж байна. Би “Байгаа. Нэг зууван талх байгаа. Сая онгоцонд өгөхөөр нь цүнхэлчихсэн юм” гэлээ. Тэгсэн инээлдээд өөр идэх юм байхгүй юу гэхэд нь байхгүй гэхэд баахан задгай мөнгө гаргаж өгөөд “Чи гурван мөнгөөр элбэгхэн хоол иднэ” гэлээ. Тэгээд хажуу өрөөнөөс хүн дуудаж “Энэ залуугийн юмыг хүргэж өгөлц” гэсэн юм даа.

-Та яагаад шууд нутаг яваагүй юм бэ?

-Яаж явах юм бэ. Тэр үед чинь Баян-Өлгий рүү долоо хоногт хоёр л онгоц нисдэг байсан юм.

-Ингээд харахаар та их олон юм хийжээ. Амьдралын тань түүхийг харахаар шантрахыг мэддэггүй мэт л зүтгэсэн нь бидэнд үлгэр дуурайлал болж байна шүү?

-Би хүн төрөлхтний дундаас ийм их хүндэтгэл үзлээ. Олон улсын 20 орчим шагнал авлаа. Гурван гүрний хүндэт иргэн цол авлаа. 2006 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол авсан юм. Зохиолчдын эвлэлийн шагналыг Х.Чилаажав дарга “Ах минь уучлаарай энэ шагнал танд 30 жилийн хойно ирж байна шүү” гэсэн юм. Үүнтэй хамт 10 мянган төгрөг өгөхөд нь би нэгийг нь сугалж аваад үлдсэнийг сайн үйлсэд зориулаарай гэсэн дээ. Монгол Улс минь надад нэг өдөр ч болтугай ямар нэгэн хариуцлагатай ажил даалгаж өгсөнгүй ээ. Ерөөсөө тоож өгдөггүй. Шалтгаан нь тодорхой. Цэвэр цусны монгол хүн биш тува хүн болохоор. Би өөрийгөө тува хүн гээд бичүүлчихсэн. Тува хүн юм чинь тэгж бичүүлэхээс өөр яахав дээ. 1977 онд Ю.Цэдэнбал дарга Улс төрийн товчооны гишүүдээ зогсоож байгаад “Монгол Улсад нэг ч тува хүн байхгүй. Мэдэв үү нөхөр чи” гээд миний нүд рүү чичилж байгаад хэлж байлаа. Би урианхай хүн гэж хэлэх байж л дээ. Улс минь миний хүчийг ашиглаж чадсангүй. Миний хүчийг Европ ашиглаж дууслаа. Дэлхий намайг үнэлж байхад иргэн нь болсон улс маань намайг тоодоггүй ээ.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(122.201.22.24) 2021 оны 10 сарын 06

tur zasag gaviyat tsoloo hairlasan baihd golood bga yum bh da,uur yaah yostoi geed gomdood bgaa yum bol teriig n asyyhgui de

0  |  0
Гал(192.82.74.248) 2021 оны 10 сарын 06

Галсан гуай хаана мод тарьж байгаа вэ.

0  |  0
Top