ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 09 сарын 29

Өнөөдөр 2021.09.29. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 06 цаг 49 минутад мандлаа, 18 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 6 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр. Улс орнуудаас Орост Машин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын өдөр бол Аргентинд Зохион бүтээгчдийн өдөр.

Энэ өдөр Италийн улстөрч Сильвио Берлускони, Польшийн Ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Лех Валенса, Украины хөлбөмбөгч, тус улсын шигшээ багийн дасгалжуулагч  Андрей Шевченко, Германы хөлбөмбөгч Пер Мертезакер, Америкийн сагсан бөмбөгч Кевин Дюрант зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956: БНМАУ ба Бирмийн Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1991: БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 14 дүгээр Далай ламын БНМАУ-д хийсэн айлчлал дуусжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1943: Токиогийн шүүх Оросын тагнуулч Рихард Зоргед цаазын ял оноожээ.

1963: Зөвлөлтийн атомын шумбагч онгоц “К-181” Хойд туйл дээр гарч ирэв.

1983: “Ан-74” онгоцны анхны нислэг болжээ.                                       

1988: Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын энхийг сахиулах хүчинд олгожээ.

1998: Японд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том санхүүгийн хямрал болжээ.

2001: ОХУ иргэддээ гадаадын банкуудад хадгаламж нээхийг зөвшөөрсөн байна.

2006: Бразилд «Боинг-737» онгоц сүйрчээ.

Өнөөдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдрийн сайн цаг нь луу, могой, бич, тахиа, гахай, бар. Төгс жаргалантай сайн өдөр. Энэ өдөр нохой, могой, морь, хонь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Равнай үйлдэх, хот балгадын үйл, дайсан дарах, номхотгох, цэргийн ба догшин үйл хэрэг, захиран тушаах ажил, буяны үйл, зэтгэрийг номхотгох, шүтээн босгох, усан засалд сайн. Харин цэрэгт мордох, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, эм найруулах, замд гарах, худаг малтахад тохиромжгүй.

Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top