Парламентын сэтгүүлчид мэдээлэх эрхээ нэхлээ

Т.Давааням | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Сүүлийн хоёр жилийн турш Төрийн ордонд сэтгүүлчдэд хаалттай болсон. Чуулганы хуралдаан цахим хэлбэрт шилжиж, сэтгүүлчдийг Төрийн ордны үүднээс цааш нэвтрүүлэхээ больсон юм. 

Иймд сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө нэхэж, Сүхбаатарын талбайн гинжинд парламентын үнэмлэхээ өлгөн, УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст хандаж, хэвлэл мэдээллийн төлөөллийг Төрийн ордонд чөлөөтэй нэвтрүүлэх шаардлага хүргүүллээ.
 

Ч.Лодойсамбуу (NTV, сэтгүүлч)

-Гишүүд өөрсдөө хүсвэл гарч ирээд ярьдаг болсон. Ярилцлага өгөх эсэх нь тухайн хүний эрх ч гэлээ УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтээс сонгогдсон ажилтан юм. Иймд тухайн гишүүнээ ажлаа хийж байна уу, үгүй юу гэдгийг сонгосон иргэд нь мэдэх эрхтэй. Харин тухайн гишүүн ярих дургүй байвал "Би ярьмааргүй байна" гэж хэлэх эрхтэй. Манай төрийн ажил гарчиг тавьдаг л болсон. На, нэ, но, нө гээд гарчиг тавьдаг болсон. Сэтгүүлчдэд нээлттэй болно гээд хоёр жил боллоо. 
 

Н.Өнөрцэцэг (Zarig.mn, сэтгүүлч)

-Намрын чуулганаар 2022 оны төсөв хэлэлцэнэ. Төсвөөр ямар асуудал орж байгааг бид мэдээлэх эрхтэй. Гэтэл цар тахал гэдэг нэрээр халхалж, сэтгүүлчдийн хөлийг хорьсон.

Өнөөдөр парламентад сөрөг хүчин нь хэдэн хэсэг тарчихсан байна. Эрх баригч нь хэт олуулаа байна. Иймд үед сөрөг хүчний үүргийг хэвлэл гүйцэтгэнэ. Гэтэл сэтгүүлч мэдээлэл олж авах боломжийг хааж байгаа нь иргэдийн нүд, чихийг хааж боож байна гэсэн үг. Иймд бидний шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна.   

Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар байр сууриа илэрхийллээ:

-КОВИД-19 халдвар дотоодод бүртгэгдсэн өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Энэ үед сэтгүүлчид Төрийн ордонд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг асуудал яригдаад түр журам гарсан. Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид тодорхой хүрээ хязгаартай Төрийн ордонд нэвтэрч байсанд миний хувьд сэтгэл зовниж байна. Тиймээс аравдугаар сарын 1-нд эхлэн намрын чуулганаас өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар ярилцаж байна. Мэдээлэл болгож хэлэхэд бид түр журмаа өөрчлөх бодолтой байна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хэвлэл хариуцсан алба бол журам дүрэм гаргадаг байгууллага биш. Сэтгүүлчид Төрийн ордонд хэрхэн ажиллах вэ гэдэг журам бол УИХ-ын даргын захирамжаар батлагддаг журам юм. Даргад энэ асуудлыг тавина. Татгалзахгүй байх гэж бодож байна. Наад зах нь халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зай баримтлах асуудал тавигдана. Иймд сэтгүүлчдийн түр хорооноос төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулаад, сэтгүүлчид КОВИД-19 нөхцөлд хэрхэн ажиллах, жирийн үед хэрхэн ажиллах талаар дүрэм журамтай болох нь зүйтэй.   

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shine ue(172.69.252.138) 2021 оны 09 сарын 28

Өнөр гэж сэтгүүлч ухаантай авгай үнэн сэжгийн юмаа

0  |  0
Top