Олаф Шольц ХБНГУ-ын Канцлер болж магадгүй

2021 оны 09 сарын 29

ХБНГУ-ын Сонгуулийн хороо есдүгээр сарын 26-нд болсон Бундестаг буюу парламентын сонгуулийн анхны албан ёсны дүнг цахим хуудастаа нийтэлжээ.

ХБНГУ-ын 299 тойргийн саналын хуудсыг тоолж дууссаны дараа Германы Социал-демократ нам Бундестаг буюу тус улсын парламентад 206 суудал авсан бол Христийн Ардчилсан холбоо, Христийн Нийгмийн холбоо намуудын ХАХ/ХНХ эвсэл 196 суудал авсан байна. Харин  Ногоон нам 118, Чөлөөт ардчилсан нам 92, хэт барууны нам 83, Зүүний нам 39 суудал тус тус авчээ.

Социал-демократууд сонгогчдын 25.7, ХАХ/ХНХ  эвсэл 24.1 хувийн санал авсан нь тэдний хувьд түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болж байна. Бундестагийн сонгуульд олонх болсон нам, эвслийн тэргүүн тус улсын Канцлер болж, Ангела Меркелийн 16 жилийн бүрэн эрхийн хугацаа албан ёсоор дуусах юм. Тиймээс  Социал Демократ намын Олаф Шольц  ХБНГУ-ын Канцлер болох магадлал хамгийн өндөр  байна. 63 настай улс төрч 2018 оноос хойш Меркелийн  эвслийн Засгийн газарт дэд Канцлер болон  Сангийн сайдаар ажиллаж байсан.

Социал Демократ намаас нэр дэвшигч Олаф Шольц "ХБНГУ бол Европын төвд орших хамгийн том улс, хамгийн олон хүн амтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай. Европыг хүчтэй, тэргүүлэгч байлгах нь германчуудын хамгийн чухал үүрэг" гэжээ. Сонгуульд Олаф Шольц ялбал Засгийн газраа Ногоон намтай хамтран байгуулахаас татгалзахгүй гэдгээ удаа дараа илэрхийлээд байгаа юм.

Сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад эвслийн Засгийн газар байгуулагдах нь ойлгомжтой болоод байна. Социал Демократ, Ногоон, Чөлөөт Демократ намаас бүрдсэн 420 суудалтай эвслийн Засгийн газар, эсвэл Христийн Ардчилсан холбоо эвсэл, Ногоон болон Чөлөөт Демократ намаас бүрдсэн 407 суудалтай Засгийн газар бүрдэх магадлал хамгийн өндөр байгааг ажиглагчид онцолж байна.

Эвслийн Засгийн газар байгуулагдах явц 2022 он гартал үргэлжлэх магадлалтай гэсэн таамаг бас байгаа юм. 

Эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээг олонхын санал авсан нам удирдан явуулах бөгөөд 2017 оны сонгуулийн дараа эвсэл байгуулахад 172 хоног зарцуулжээ. Түүнчлэн энэ удаагийн сонгуульд анх удаа трансжендер эмэгтэй ялалт байгуулжээ. Ингэснээр Ногоон намаас нэр дэвшигч Тесса Гансерер ХБНГУ-ын парламент дахь анхны трансжендер эмэгтэй болж байгаа юм. 

Гансерер Бавари дахь сонгуулийн тойрогт 23.6 хувийн санал авсан байна.Тэрбээр шууд мандатаар парламентад багтаж чадахгүй байсан ч намын жагсаалтаар орно гэж эх сурвалж онцолжээ.

Гансерер цаашид уур амьсгалыг хамгаалах, бэлгийн цөөнхүүдийн эрхийн төлөөх тэмцэлд чиглэгдсэн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Шинэ Засгийн газар танхимаа бүрдүүлтэл Засгийн эрхийг Ангела Меркель барих юм байна. Меркелийг залгамжлах олигтой улс төрч олдохгүй өнөөг хүрсэн билээ. 2018 онд Аннегрет Крамп-Карренбауэр ХАХ намын шинэ удирдагчаар сонгогдсон боловч өнгөрсөн онд Тюринген мужид болсон хямралын дараа огцорсон. 2020 оны хоёрдугаар сард Тюринген мужийн орон нутгийн парламент болох Ландтагийн сонгуулиар хэт барууны Альтернатив намаас нэр дэвшигч Томас Кеммерихийг ХАХ болон Чөлөөт ардчилсан намууд дэмжсэний хүчинд мужийн захирагчаар сонгогдсон нь олон хүний дургүйцлийг хүргэсэн билээ.

Ийнхүү ХАХ намын удирдлагууд алдаа гаргасны улмаас 2021 оны нэгдүгээр сард Норд Рейн Вестфален мужийн ерөнхий сайд Армин Лашетыг Крамп-Карренбауэрын оронд намын шинэ даргаар сонгосон. Улмаар ХАХ/ХНХ эвслээс Канцлерт нэр дэвшигчээр тодорсон юм. Гэхдээ Лашет Канцлерт нэр дэвшигчээр тодорсноос хойш удаа дараагийн бүтэлгүйтэлтэй нүүр тулаад байсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top