Байт харвааны ДАШТ өндөрлөлөө

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Энэ сарын 21-нд эхэлсэн байт харвааны 51 дэх удаагийн ДАШТ өнөөдөр (09.26) АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо өндөрлөлөө.

Компаунд болон рекурв ( олимпийн хөтөлбөрт багтдаг) төрлөөр явагдсан ДАШТ-д 55 орны 344 тамирчин оролцсон.
 

КОМПАУНД:

Эрэгтэйчүүдийн хувийн төрөлд Австрийн харваач Нико Вернер алт, Нидерландын Майк Шлессер мөнгө, Эстонийн Робин Яаатми хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй хувийн харваанд Колумбын Сара Лопес түрүүллээ. Тэрбээр эмэгтэй багийн болон холимог багийн төрөлд түрүүлсэн Колумбын багийн бүрэлдэхүүнд мөн харваж, энэ удаагийн ДАШТ -ээс гурван алтан медаль хүртлээ. Сара ийнхүү ДАШТ-ий таван алт, нэг хүрэл медальтай боллоо.

Эмэгтэй хувийн харваанд Энэтхэгийн Суреха Веннам, Мексикийн Андреа Бекерра нар мөнгө, хүрэл медалийг хүртэв.

Эрэгтэй багийн харваанд АНУ, Мексик, Австри, эмэгтэй багийн харваанд Колумб, Энэтхэг, АНУ, холимог багийн төрөлд Колумб , Энэтхэг, БНСУ-ын харваачид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
 

РЕКУРВ:

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг энэ төрөл мэдээж илүү анхаарал татдаг. Энэ төрлийн бүх алтыг БНСУ-ын харваачид хамлаа.

Холимог багийн төрөлд БНСУ, ОХУ, Туркийн багууд алт, мөнгө , хүрэл медаль хүртлээ. БНСУ-ын багт олимпийн гурван алтан медальт Ан Сан, олимпийн хошой алт, ДАШТ-ий дөрвөн алтан медальт Ким У Жин нар багтсан бол Туркийн багт Токиогийн олимпийн аварга Мете Газоз нарын одууд харвалаа.

Эрэгтэй багийн төрөлд БНСУ, АНУ, Тайвань, эмэгтэй багийн төрөлд БНСУ, Мексик, Францын багууд алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Тэмцээний сүүлчийн өдөр хувийн харваа явагдахад эрэгтэйчүүдээс БНСУ-ын Ким У Жин алт, Бразилийн Маркус Винисиус Альмейда мөнгө, АНУ-ын Брэдли Эллисон хүрэл медалийн эзэн болов. Эллисон ийн

олимпийн хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалийн цуглуулгатай болж байна.

Харин Ким У Жин энэ дэлхийн АШТ-ээс гуравдахь алтан медалиа хүртсэн. Тэрбээр өмнө нь эрэгтэй болон холимог багийн төрөлд харваж, алт аваад байсан юм.

Эмэгтэй хувийн төрөлд “Токио-2020” олимпоос гурван алтан медаль хүртсэн БНСУ-ын 20 настай харваач Ан Сан гол фаворит байсан хагас шигшээд АНУ-ын Кэйси  Кауфхолдод хожигдон, хүрэл медаль дээр буусан. Ан Сан энэ ДАШТ-ээс багийн төрөлд хоёр алт, хувийн төрөлд ийн хүрэл зүүлээ.

Гэхдээ эмэгтэй алтан медалийг Өмнөд Солонгосын өөр нэг харваач, Токиогийн олимпийн багийн алтан медальт Жан Ми Хэ хүртлээ.

“Янктон-2021” ДАШТ-ээс БНСУ 5 алт, хоёр мөнгө, Колумб 3 алт, АНУ 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай  багийн дүнгээр эхний гуравт орлоо. Мөн Австри 1 алт, 1 хүрэл, Энэтхэг 3 мөнгө, Мексик 2 мөнгө, 1 хүрэл медалийн амжилттай эхний зургаад бичигдлээ.Нийтдээ 10 орны баг медаль хүртсэн бөгөөд Монголын рекурв холимог багийн төрөлд ( А. Отгонжаргал, Д.Дашнамжил) шилдэг наймд, рекурв эрэгтэй хувийн харваанд Д.Дашнамжил шилдэг 16-д тус тус шалгарсныг өмнө нь мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top