2021 оны намрын загварт ЦЭЦГЭН ХЭЭ эргэн ирлээ

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Цар тахалтай нүүр тулсан энэ цаг үед 2021 оны эхний хагас жилийг бид хөл хорионд өнгөрүүлсэн. Хэдий хөл хориотой ч их хотын загварлаг иргэдийн хувьд дэлхий нийтийн шинэ трэндээс хоцорсон нь бол үгүй шүү. Яг одоо зуны зугаатай урт амралтын өдрүүд шувтарч намрын завгүй хоногууд хөвөрч байна.

Оюутнууд хоёр жилийн дараа танхимаар хичээллэж, хотын гудамжинд өнгө, дулаан нэмсэн энэ цагт бид 2021 оны загварын чиг хандлагын талаар сонирхуулахаар бэлтгэлээ.

Урт нэхмэл цамцнууд

Намар, өвлийн хамгийн гол хувцас бол нэхмэл хувцас. Нарийн, бүдүүн, олон өнгөтэй, дан өнгөтэй гэх мэт бүхий л төрлийн нэхмэл цамцнууд энэ жилийн трэндэд зүй ёсоор орно. Биеэ бүхэлдээ урт нэхмэлээр гоёх нь энэ намрын гол чиг хандлага юм.
 


Тэйлор хийцийн хувцаслалт

Намрын ажил хэрэгч хувцасны гол чиг хандлага тэйлор хийцтэй хантааз, пиджак болон брюк өмдний гурвалсан хос руу чиглэж байна. Уг хослолын доор пүүз, кет өмсөхөөс илүүтэй комбат болон лофер загварын гутал өмсөж, классик дүр төрхийг бүтээхийг зөвлөе.

Намхан суудал

Энэ жил ч 80, 90-ээд оны хувцаснууд “эргэн ирлээ”. Намхан суудалтай, сул загварын жийнсэн өмднүүд энэ намрын трэнд болжээ. Өндөр суудалтай mom, boyfriend загварын жийнсэн өмднүүд сүүлийн жилүүдэд эрэлттэй байсан. Харин одоо олон жил хадгалсан намхан суудалтай жийнсээ гаргаж өмсөх цаг болжээ.

Цэцгэн хээ

Загварын томоохон төлөөлөгчид цэцгэн хээг хавар, зуны цуглуулгадаа ихэвчлэн оруулдаг. Намрын загварт төдийлөн цэцгэн хээг тусгаад байдаггүй. Энэ жилийн хувьд цув, пальто, юбка, цамц, өмд зэрэг бүхий л төрлийн хувцсанд цэцгэн хээг оруулжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Н.Анужин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top