Дэлхийн 100 гаруй улс өрийн ДАРАМТАД оржээ

2021 оны 09 сарын 28

Олон улсын валютын сан дэлхийн  35-40 орныг өрийн дарамттай гэсэн ангилалд оруулжээ. Харин Нью -Йоркийн их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн  явуулсан судалгаанаас үзэхэд энэ тоо нь хэт дутуу үнэлсэн явдал аж. Тус төвийн үзэж буйгаар 100 гаруй улс өрийн дарамтад ороод байгаа юм байна. Өрийн түвшин нэмэгдсэнээр геополитикийн тогтворгүй байдал газар авч,  дэлхийн улс орнуудын тэгш бус байдал улам бүр нэмэгдсээр байгааг судлаачид онцолж байна. Нью-Йоркийн их сургуулийн тайланд дурдсанаар хэд хэдэн шалгуурын дагуу өрийн дарамттай гэж нэрлэгддэг улс орнуудын жагсаалтыг гаргасан бөгөөд олонх нь гурав, дөрөв дэх давалгаанд өртсөн хэвээр байгааг онцолжээ. Өрийн дарамтад орсон улс орнуудын дунд улс төрийн хямралд өртөөд буй  Тунис, Замби, Гана багтаж буй тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ судалгааг удирдсан Фаиза Шахин онцолжээ. Замбийн Засгийн газар  орлогынхоо 44, Гана төсвийнхөө 37 орчим хувийг өрийн хүүгийн төлбөрт зарцуулахаар байгаа юм. Камерун улсынхаа төсвийн 23.8 хувийг өрийн төлбөрт, 3.9 хувийг эрүүл мэндэд зарцуулсан байна.

Шахин  "Ядуу болон дунд орлоготой орнууд вакцин худалдаж авахын тулд илүү их өрөнд орж байна” гэжээ. “Fitch” агентлагийн мэдээлснээр дэлхийн улс орнуудын өр нийлбэр дүнгээрээ 2020 онд 10 их наяд ам.доллароор өсчээ. Ингэснээр дэлхийн улс орнуудын өрийн нийт хэмжээ 77.8 их наяд ам.долларт хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд бий болсон өрийн хэмжээ өмнөх долоон жилийн өрийн нийлбэр дүнтэй тэнцүү байгаа аж. Энэ байдал энэ онд ч төдийлөн өөрчлөгдөхөөргүй байгаа юм. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн (IIF) урьдчилсан таамаглалаар энэ онд дэлхийн улс орнууд дахин 10 их наяд ам.долларын өр тавих нь тодорхой байгаа аж. Үүнээс гадна  “Moody’s Analytics” компанийн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Стив Кокрейн  “Цар тахлын улмаас улс орнуудын өрийн хэмжээ  нэмэгдсэн. Үүний дотор Засгийн газруудын өрийн хэмжээ хамгийн ихээр өссөн. Мэдээж цар тахал, хөл хорионы улмаас дэлхийн өнцөг булан бүрд улс орнуудын төсвийн орлого, татвар буурч, төсвийн хөшүүргүүд бий болгох шаардлага тулгарсан. Тиймээс Засгийн газруудын өрийн хэмжээ нэмэгдсэн нь тийм ч гэнэтийн зүйл биш. Гэхдээ улс орнуудын өрийн хэмжээ нэмэгдсэний бодит сөрөг үр дагавар нь хөгжингүй болон хөгжиж буй эдийн засгуудын хоорон дахь ялгаа улам бүр холдож байгаа явдал юм. Хөгжиж буй орнуудад өрийн ачаалал хамгийн их нэмэгдсэн бөгөөд цаашид өрийн менежментийн асуудал хамгийн хүнд бэрхшээл болж магадгүй юм” гэжээ. АНУ-ын Үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкны эдийн засагчид өнгөрсөн оны аравдугаар сард цар тахлын улмаас 2021 онд Ирак, Шри-Ланка, Ангол, Габон зэрэг хөгжиж буй орнууд гадаад өрөө төлөх боломжгүй болж дефолт зарлаж болзошгүй гэх эрсдэлийг анхааруулсан.

Түүнчлэн нэрт эдийн засагч Оливье Бланшарийн үзэж буйгаар, цар тахлын улмаас ажилгүйдлийн түвшин өсөж, түүхий эдийн ханш савласнаар дефляц үүсэх магадлал өндөр байгаа ажээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд АНУ-д мөнгөний эргэлтийн хурд саарч байгаа бөгөөд хүмүүс мөнгөө үрэхээс илүү хуримтлуулахыг эрмэлзэж буйн илрэл гэж ажиглагчид үзэж байна. Хятадад ч эдийн засгийн өсөлт удааширч, хөрөнгө оруулалт саарах хандлагатай буй.  Ийм нөхцөлд улс орнуудын өрийн хэмжээ нэмэгдэж, Төв банкууд бодлогын хүүгээ нэмж магадгүй бөгөөд улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удааширч болзошгүйг Бланшар онцолсон  байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top