Афган эмэгтэйчүүдийн эрхийн төлөө одууд ХЭРХЭН ТЭМЦЭВ?

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Талибууд Афганистаны засгийн эрхэнд гарснаар афган эмэгтэйчүүдийн байдал эрс муудсан. Тэдний эрх зөрчигдөж байгаа явдалд дэлхий нийтээрээ эмзэглэж буй. Тэр дундаа олны танил хүмүүс афган эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө янз бүрээр тэмцэж байна. 

Met Gala-д ирсэн Ким Кардашьян   

АНУ-д саяхан болсон Met Gala-2021 үдэшлэгт оролцсон реалити шоуны од Ким Кардашьян нүүрээ бүхэлд нь халхалсан хаалттай хар комбинезон өмсөж ирж, шуугиан тарьсан билээ. Түүний хувцаслалтыг шоолсон хүмүүс ч цөөнгүй. Тэгвэл Ким уг хувцасыг зүгээр ч нэг сонгоогүй гэж загварын мэргэжилтнүүд үзэж байна. Ким уг дүр төрхөөрөө “Талибан” хөдөлгөөний хяналтад орж, биеийнх нь нэг см хэсэг ч ил байх ёсгүйгээр хувцаслах шаардлагатай болсон афган эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн аж.

Кимийн хувцаслалт юуг ч илэрхийлсэн байлаа афган эмэгтэйчүүд одоо яг ийм л харагдах ёстой болсон.

10 жил тэмцсэн Анжелина Жоли

Жоли бол алдартай буяны үйлстэн. Олон орны эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө тэмцдэг түүнийг Афганистаны нөхцөл байдал ч зовоожээ. Анжелина афган эмэгтэйчүүдийн төлөө Инстаграмд пэйж нээж, сошиалаар дамжуулан олон нийтийг асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж байна.

Түүний пэйжийг аль хэдийнээ 10 сая гаруй хүн дагажээ. Жоли хуудсандаа афган охины захидлыг анхлан оруулсан. Захидалд охин “Талибууд миний хувь тавилангаар хүссэнээрээ тоглох болно. Бид сошиалд харилцах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй боллоо...” хэмээн бичжээ.

Жоли “Би 2011 оны есдүгээр сарын 9-нөөс хоёр долоо хоногийн өмнө Афганистаны хил дээр очихдоо талибуудаас зугтсан афган дүрвэгч нартай тааралдсан. Энэ явдал бол 10 жилийн өмнөх тохиолдол. Тэд дахиад айж сандарч, зугтаж байна. 10 жилийн турш афганчууд яаж дүрвэж байгааг, талибууд дэлхийн хамгийн чадварлаг хүмүүстэй яаж харгис харьцаж байгааг харлаа. Би тэдэнд туслах арга замыг хайсаар байх болно. Та бүхнийг надтай нэгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээн Инстаграмд бичжээ.

Жоли мөн афган дүрвэгчид, эмэгтэйчүүдийн хувь заяа, сонгох эрх, өсвөр насныхны дуу хоолойгоо илэрхийлэх боломжийн тухай кинонууд хийдэг. Саяхан түүний продюсерлосон Кабулын эмэгтэйчүүдийн тухай бүтээлийн бичлэг ВВС-гээр гарчээ.

Алдартнуудыг тэмцэлдээ нэгтгэсэн Жейн Фонда

Афган эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жүжигчин Жейн Фонда бас тэмцдэг. Тэрбээр Розарио Доусон, Эмма Томпсон зэрэг америк алдартнуудтай нийлэн “Талибан” хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөхгүй байх, афган эмэгтэйчүүдийг хамгаалах баталгаа, тэдний бүх эрхийг дагаж мөрдүүлэхийн төлөө тэмцдэг.

Алдартнуудаар тэргүүлүүлсэн идэвхтнүүд ийм аргаар төр засгаа Афганистан дахь аюулгүй байдалд анхаарлаа хандуулахад чиглүүлж, арга хэмжээ зохион байгуулдаг.

Арга хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж алдаршсан Ив Энслер, дуучин Энни Леннокс, жүжигчин Конни Бриттон, Гленн Клоуз нарын алдартнууд нэгджээ. Тэд “Афган эмэгтэйчүүд сурч боловсрох, аялах, шилжих, ажиллах, аюулгүй байх, эрх чөлөөтэй байх эрхтэй. Афганистаны эмэгтэйчүүд эрх чөлөөтэй болтол бидний хэн нь ч эрх чөлөөтэй биш” хэмээн ярьж байна.

Алдартнууд энэ сарын 25-нд Америкийн хэд хэдэн хотод арга хэмжээ зохион байгуулах аж.

Олон арван хүнийг аварсан Томми Маркус

Алдартай инстаблогер Томми Маркус буюу Квентин Карантино нэрээр алдаршсан инста хэрэглэгч эх орноосоо дүрвэсэн олон арван афганчуудыг аварчээ. Тэрбээр дагагч нартайгаа нийлэн хэдхэн хоногийн дотор долоон сая орчим доллар цуглуулж, Афганистанаас олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Афганчууд АНУ-ын цэргүүд Кабулаас гарч, “Талибан” хөдөлгөөнийхөн засгийн эрхэнд гарч эхлэхэд дүрвэж эхэлсэн юм. Томми Маркусын зохион байгуулсан арга хэмжээгээр 50 гаруй хүн Афганистанаас Уганда руу хувийн онгоцоор явжээ.

Чимээгүй байхгүй

Афганчуудын эрхийн төлөөх тэмцэлд олон алдартан нэгдэж, дуу хоолойгоо дэлхий нийтэд илүү чанга хүргэхийг зорьж байна. Тэдний дотор Афганистанд байлдаж явсан Их Британийн хунтайж Харри, эгч, дүү загвар өмсөгч Жижи болон Белла Хадид, Тина Кунаки, Хейли Бибер, дуучин Дуа Липа, Карди Би зэрэг алдартан афган эмэгтэйчүүдийн эрхийн төлөө чимээгүй суухгүй гэдгээ илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top