Дэлхийн улс орнууд криптовалютыг хүлээн зөвшөөрөх үү

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 26

Сальвадорт биткойны тухай хууль есдүгээр сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн нь бизнес эрхлэгчдийг криптовалютыг гүйлгээний төлбөрийн хэлбэр гэж хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн юм. Үүнтэй холбоотойгоор биткойны ханш 42 мянган ам.доллар болж өссөн. Тэгвэл Сальвадороос гадна доорх улс орнууд биткойныг гүйлгээнд нэвтрүүлэхээ мэдэгдээд байна.

 

Панам

Панам биткойныг нэвтрүүлнэ гэдгээ Сальвадор  криптовалютыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгоно гэдгээ зарласан өдөр мэдэгдсэн юм. Тус улс “Ethereum” тэргүүтэй  бусад криптовалютыг хүлээн зөвшөөрөхөө мэдэгджээ.  Панамын Конгрессын гишүүн Габриэль Силва твиттер хуудастаа Панамын Засгийн газар криптовалютын тухай хуулийг баталсан талаар анх мэдэгджээ. Хуулийн төсөлд биткойныг инфляцын хамгаалалт гэж сурталчилж, нэг биткойн сая сатошид хувааж болно гэдгийг тодотгосон байна. Сальвадороос ялгаатай нь Панамын бизнес эрхлэгчид биткойн болон бусад криптовалютыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

 

Украин

Украины парламент Сальвадор  биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгон баталснаас хойш ердөө нэг хоногийн дараа биткойн болон бусад криптовалютаар гүйлгээ хийхийг хориглохгүй байхаар шийджээ.  Ингэснээр хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үзэж байгаа ажээ. Өмнө нь Украинд криптовалютыг хууль бус гэж үздэг байсан. Хэдийгээр иргэд нь криптовалют худалдаж авах, зарах боломжтой байсан ч хуулийн байгууллагууд биржүүдийг анхааралтай ажиглаж байв. “Kyiv Post” -ийн мэдээлснээр, Украин 2022 он гэхэд биткойны зах зээлийг хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд нээлттэй болгохоор төлөвлөж байгаа юм байна.

 

Куба

Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел өнгөрсөн тавдугаар сард КОВИД-19-ийн дэгдэлтийн дараа хүнд байдалд орсон эдийн засгаа сэргээх зорилгоор криптовалютыг сонирхож байгаагаа мэдэгдэж байсан юм. Түүнчлэн энэ сарын 15-нд тус улс криптовалютыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Биткойныг хүлээн зөвшөөрсөн ч Төв банк нь криптовалютаас сэрэмжлүүлсээр байгаа юм.

 

Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орнууд биткойныг хүлээн зөвшөөрөх үү

 

Сальвадор биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон нь ихээхэн шүүмжлэл дагуулсаар байна. Дэлхийн томоохон эдийн засагтай орнууд энэ жишгийг дагах болов уу гэсэн асуулт одоо олны анхаарлын төвд байгаа юм.  Харин шинжээчид хүчирхэг эдийн засагтай орнууд криптовалютыг хүлээн зөвшөөрөх магадлал тэг хэмээжээ. Учир нь, биткойныг төв банкнаас хянах боломжгүй юм. Түүнчлэн  биткойн зохион бүтээгчид өнөөг хүртэл нэрээ нууцалсан хэвээр байгаа. Гэхдээ дэлхийн улс орнуудын  төв банкны дижитал валют (CBDCs) -ыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр дижитал валютын давуу талыг уламжлалт мөнгөтэй хослуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “PwC” компанийн явуулсан судалгаагаар 60 улсын Засгийн газар дижитал валютыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Сонирхолтой нь 88 хувь нь биткойны блокчэйн технологид суурилсан байна. Багамын арлууд 700 жижиг арлынхаа хооронд бэлэн мөнгө тээвэрлэхээс зайлсхийхийн тулд өнгөрсөн 2020 оноос багам долларын криптовалютын хувилбарыг хэрэглэж эхэлсэн. Камбож  өөрийн дижитал валютыг танилцуулаад байгаа бол БНХАУ 2022 оны өвлийн олимпын үеэр дижитал юанийг  өргөнөөр ашиглахаар төлөвлөж байгаа юм. Африкийн хамгийн их хүн амтай улс болох Нигерийн төв банк ирэх аравдугаар сараас эхлэн мөн дижитал валютыг туршилтаар хэрэглэж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. “E-Naira” гэгдэх уг дижитал валют нь биткойн тэргүүтэй криптовалюттай адил ашиглагдах юм. Томоохон эдийн засагтай орнууд биткойнтой өрсөлдөх дижитал валют гаргаж байгаа нь тэд Сальвадор шиг криптовалютыг нэвтрүүлэхгүй гэсэн үг гэдгийг шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top