ОЛОН ӨНГӨ: Урвуу ертөнц

2021 оны 09 сарын 23

Орцныхоо гадаа нарлаж суугаа өвгөд, ач зээгээ салхилуулж буй эмгэд өөр хоорондоо чухам элдвийг хүүрнэлдэх аж. Тэдний яриа Ерөнхийлөгч Хүүк, Ерөнхий сайд Оюукаас эхлээд орцны жижүүрийн анхиатай анхиагүйн тухай хүртэл хадуурна. Тэд “бээсбүүк” гээчээс хамаг нарийн ширийн мэдээллээ хурааж хуримтлуулжээ. Хичээл тарахын алдад сургуулийн гадаа хүүхдүүд бужигнаад ирэв. Сурагчийн дүрэмт хувцастай хоёр охин “найз залуу” яриад тун чиг завгүй. Бүр хэзээ язааны том хүүхнүүд шиг аальгүйтэн ширтээтэх нь агзасхиймээр. Цэцэрлэгийн сааданд тоглох хоёр жаахан хүү өмссөн пүүзнийхээ брэндээр уралдаад сүйд. Аягүйдвэл барилцаж авах шинжтэй, том том үг хэлж, хараал ч урсгах аж. Амьдрал яагаад хүмүүсийг ийм айхтар болгочихов оо. Налайж суугаа ахмад буурлууд төр засгийг муулах биш түмэн олондоо сургаалиа айлдаад сууж байх ёстой сон. Хуруун чинээ хоёр охин эрчүүд ярих биш эрдэм номоороо мэтгэлцээд байж учиртай сан.

Мөөмнөөсөө  гараагүй болов уу гэмээр дэрсхэн хоёр хүү үнэтэй брэндээр өрсөлдөхийн оронд тоглоомон машинаараа уралдах хэрэгтэй сэн. Бүх юм нэг л урвуугаараа эргэчихсэн юм шиг санагдаад байна. Эсвэл мань мэт нь хоцрогдоод байж мэдэх л юм. Бүх зүйлийг аавын сургааль, ээжийн захиасаар ёс журмын дагуу хийгээд, жаяг жудаг бариад ирсэн тахимдуу үеийнхэн маань орчин үеийнхэнтэй нэг л хэл амаа ололцохгүй болсон дог оо. Энэ л цахим ертөнцийн давлагаа хүний сэтгэхүйг хэт хурдлуулж, хэрэгтэй хэрэггүй мэдээллийн шуурганд автуулснаар бидний мэдэх амьдрал ийнхүү хөрвөөчихсөн мэт. Ахас ихэс минь амар амгалан, талбиун уужуу байж, залуу үе минь мэдлэг боловсролтой ариун нандин байж, өсөх үе минь ёс суртахуунтай байж, хүнлэг энэрэнгүй байвал Монгол монголоороо байх сан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top