Санхүүгийн тогтвортой байдлын тайлангаас анхаарах 5 үзүүлэлт

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Бизнесийн салбарынхны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө төдийгүй иргэдийн ирээдүйд итгэл төрөөс өгч буй мэдээлэл тулгуурлах нь элбэг. Тэгвэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргадаг Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн онцлох таван үзүүлэлтийг түүвэрлэн хүргэе ээ. Уншигчид хагас жил тутамд гардаг уг тайлангаас цар тахлын үеийг туулж буй Монголын эдийн засгийн нөхцөлд, цаашид учирч болох санхүүгийн эрсдэлүүдийг мэдэж болох юм.


 

1.Дэлхийн эдийн засгийн эмзэг байдал хэвээр байна

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн эдийн засгийн  цаашдын төлөвв  цар тахал, дархлаажуулалтын байдлаас ихээхэн хамаарах ажээ. Дэлхийн олон оронд дархлаажуулалт эрчимтэй өрнөж байгаа ч халдвар буураагүй. Тэгэхээр эрүүл мэнд, эдийн засаг гэсэн хоёр салбарын эрсдэл аль аль байсаар байна гэсэн үг. Бид цаашид ч тааварлашгүй сорилтууд тулгасаар байх нь. Эсвэл олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн эдийн засаг 2021 онд 5.6-6 хувиар өснө гэж таамагласан нь биелэх донсолгоотой зам бидний өмнө хүлээж байгаа аж. Маш товчхоноор бол эдийн засаг дахь эргэлзээ арилаагүй байна. Учир нь Засгийн газруудаас хэрэгжүүлсэн зээлийн хугацааг сунгах, өр төлбөрийг хойшлуулах арга хэмжээ дуусгавар болоход компаниуд эргээд өр төлбөрийн хүндрэлд орно. Улмаар банк, санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр юм. Хямралын эсрэг төсөв, мөнгөний бодлогыг үлэмж хэмжээгээр зөөлрүүлсэн нь зээл тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, мөнгөний нийлүүлэлтийг тэлсэн. Энэ нь дэлхийн нийтэд нэгэнт тулгарах нь ойлгомжтой бэрхшээл бөгөөд Монголд  ч түүхэнд байгаагүй төсөв, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжиж байна. Жишээ нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийн сэргээх 10 их наяд”-ын хөтөлбөр дуусна. Түүний дараа бизнесийн салбарын ажил олгогчид зээлээ төлж эхэлнэ. Үүнээс том зовлон гэвэл, Засгийн газрын өрийг нэмэгдүүлж, төсвийн бодлогын орон зайг хязгаарлах аж. Дэлхийн санхүүгийн нөхцөл 2021 оны эхнээс бага зэрэг хүндрэхэд урт хугацаат Засгийн газрын бондуудын өгөөжүүд өсөж, гадаад санхүүжилтийн зардал нэмэгдсэн.  Мөн инфляц болон үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс шалтгаалан АНУ, бусад хөгжингүй орнуудын бондын өгөөж нэмэгдэж, хөгжиж буй орнуудыг чиглэсэн хөрөнгийн урсгал буурах хандлагатай болжээ. ОУВС-гийн тооцооллоор хөгжиж буй орнуудын Засгийн газрын өр, ДНБ-ний харьцаа 61 хувьд хүрч нэмэгдэж магадгүй. Монголын Засгийн газрын өр өнөөдөр үүнээс өндөр байгаа. Өрийн ийм өндөр түвшин нь олон улсын зах зээлээс шинээр бонд босгох эсвэл бондын төлбөрийг дахин санхүүжүүлэхэд хүүгийн зардлыг нэмэгдүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдлыг дээрдүүлэх санхүүжилт олох асуудал хүндрэл дагуулна. 

 

2. Монголын эдийн засгийн гадаад, дотоод орчин дээрдсэнгүй

 

Харин ч эсрээгээрээ дордов. Үүнийг тайлбарлахад олон зүйл нурших хэрэггүй байх. Цар тахлын хугацаанд  Монголын экспортын голлох   хилийн боомтууд хаагдсанаар гадаад худалдааны тоо хэмжээ агшсан. 2021 он гарсаар экспортын тоо хэмжээ үргэлжлүүлэн буурсан ч дэлхийн зах зээл дээрх ханш сэргэлттэй байна. Улмаар дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй таатай өөрчлөлтүүдийг дагаад манай улсын гадаад худалдаанд эерэг үр дүн гарч эхэлсэн. Манай улсын нийт экспортын орлогын 70 хувийг бүрдүүлдэг зэс, нүүрс, төмрийн хүдрийн ханш дэлхийн зах зээл дээрх үнэ огцом өссөнөөр эдийн засаг энэ оны эхний хагаст 6.3 хувиар тэлсэн. Энэ нь цар тахлын өмнөх үеийн өсөлт гэж тодорхойлоод байгаа. Нөгөө талдаа  2020 онд агшаад байсан импорт бол энэ оны эхний хагаст  мэдрэгдэхүйц сэргэсэн. Гэвч нөгөө л хилийн боомтуудын хүндрэл бараа бүтээгдэхүүний хомсдол авчирсан. Энэ нь дотоод дахь нийт хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрээгүй байгаа тул цаашид ч импорт өсөх хүлээлттэй байна.  Импорт өсөхтэй зэрэгцээд импортын бараануудын үнэ, өртөг нэмэгдэх нөхцөл бий болсон. Тухайлбал, хилээр хугацаандаа нэвтэрч чадаагүй бараануудын тээвэрлэлт, хадгалалтын зардал өсөв. Үүнээс гадна сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийн нөлөө нь манай улсын шатахууны болон холбогдох бусад барааны импортын үнийг үргэлжлүүлэн өсгөх хандлагатай байгаа аж.  Хэдийгээр гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн боловч цар тахлаас өмнөх жилүүдтэй харьцуулахад бага хэвээр байна. Дээр нь КОВИД-19 цар тахлын мутаци хувилбарууд араасаа гарч, манайд төдийгүй гаднын улс орнуудад өвчлөл буурах шинж алга. Гаднаас хэт өндөр хамааралтай Монголын эдийн засагт энэ бол маш муу мэдээ. Цаашид БНХАУ-тай хил залгаа боомтуудад үүссэн тээвэр, логистикийн асуудал даамжирч, тээвэрлэлт удаашрах, импортын өртөг нэмэгдэх шалтгаан байж болзошгүй. БНХАУ-ын талаас нүүрсний экспортоо хязгаарлаж хэвээр байх магадлал өндөр байна.

 

3. Цар тахлын нөлөөнд авсан зээл 7.3 их наяд боллоо

 

Монголын банкуудын ашигт ажиллагаа өссөн ч цар тахлын нөлөөнд авсан зээл 7.3 их наяд болов. Юунд түрүүнд, Монголын санхүүгийн салбарын гол багана болсон банкны салбар энэ оны эхний хагаст 71.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэдэг нааштай мэдээ байна. Энэ нь жилийн өмнөхөөс 132 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Санхүүгийн салбар хүндрэлд орчихоогүй байна гэсэн үг. Гэхдээ арилжааны банкууд цар тахлын сорилтыг тойроогүй, дайран гарч буйг энд тодотгох хэрэгтэй. Монголын Засгийн газар өнгөрсөн онд төдийгүй энэ гарсаар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нэрээр дотоодод  хөл хорьж, гадаад талдаа хилээ хаасан.  Үүнтэй холбоотойгоор ариилжааны банкны зээлийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал бүрдээд байсан юм. Улмаар Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн ангиллыг тодорхой хугацаанд бууруулахгүй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд арилжааны банкуудын нийт 237,083 зээлдэгчийн 7.35 их наяд төгрөгийн зээл цар тахалд өртсөн гэдэг судалгаа  гарчээ. Улмаар үүний 68 хувь буюу 185,671 зээлдэгчийн нийт 5.2 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт оруулсан байна. Гэсэн ч банкны системийн эрсдэлтэй зээлд 2021 оны эхний хагас жилийн байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрч өсжээ. Тэгвэл Засгийн газар, Монголбанкнаас эдийн засгийг сэргээх арга хэмжээ авсны дүнд Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн наймдугаар сарын эцэст 27  их наяд төгрөг болж, өсөөд байгаа аж. Энэ хугацаанд бизнесийн зээлийн дундаж хүү 18 хувиас 12.2 болж буурсан гэдэг бас нэг сайн мэдээ бий. Нөгөө л төрөөс хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд үүнд голлон нөлөөлсөн. Зээлийн хүү төрийн оролцоотойгоор буурч болдог юм байна.

 

4. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, хөдөлмөрийн захын төлөв муудав

 

 КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөө Монголын бизнесийн салбарынхны амьдрах чадварыг  шалгасаар байна. Өнгөрсөн хугацаанд ахуйн нэгжүүдийн орлого буурах, зардлаа танах, үйлдвэрлэлээ бууруулсан. Үйл ажиллагаагаа түр эсвэл бүрэн зогсоох аж ахуйн нэгжүүд олон байна. Цар тахлын үед буюу 2020 онд үйл ажиллагаа эрхлээгүй, түр зогсоосон болон бүрэн зогсоосон аж ахуйн нэгжүүдийн тоо өмнөх оноос 13 мянгаар нэмэгдсэн. Өнгөрсөн 2019 онд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, 48 хувь нь үйл ажиллагаагаа түр болон бүрэн зогсоож байжээ. Тэгвэл 2020 онд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 47 хувь нь үйл ажиллагаа эрхэлж, 52 хувь нь үйл ажиллагаагаа түр болон бүрэн зогсоосон гэдэг дүн бий. МҮХАҮТ-ын судалгаагаар дампуурсан компани тоо бүр өндөр гарсан байдаг. Тэр дундаа хамгийн олон ажлын байр бүрдүүлдэг худалдаа, үйлчилгээ, боловсруулах салбарын аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны доголдол их байжээ.  Энэ оны II улирaлд тээвэр, барилга, боловсруулах, худалдааны салбарт үйл ажиллагаа эрхлэх компанийн тоо буурах хандлагатай гарсан байна. Ийнхүү ажил олгогчид цөөрснөөр өрхүүдэд цалин, хөлсний орлого буурах, өрийн дарамт нэмэгдэх хандлагатай болж ирсэн.  Улмаар хөдөлмөрийн захын төлөв муудав. Монголын ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнө харьцангуй тогтвортой түвшинд буюу 60 хувийн орчимд байжээ. Гэвч цар тахал эхэлснээс хойш тасралтгүй буурсаар 2021 оны II улиралд 56.8 хувь хүртэл буурсан байна. Хөдөлмөр эрхлэлт мөн буурч, ажилгүйдлийн түвшин тухайн улиралд 8.4 хувьд болсон аж. Уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчнээс бусад салбарт ажиллагчдын тоо буурсан бөгөөд нийт ажиллагчид энэ оны II улиралд 6.7 хувиар буурсан байгаа нь хөдөлмөрийн захын төлөв сaйнгүй байгааг илтгэжээ. 

 

5. Өрхийн өр  нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн байна

 

 Өнгөрсөн хугацаанд өрхийн эдийн засаг цалин хөлсний орлого буурсан, хөдөлмөр эрхлэлт буурч, ажилгүйдэл нэмэгдсэн зэргээр ерөнхий төлөв таатай бус байгаа аж. Түүнчлэн, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өрхийн бодит орлогод хамгийн том дарамтыг учруулж эхэлсэн.   Инфляц энэ оны эхний найман сард 8.9 хувьтай гарсан. Цаашид  өрхүүдийн цалин хөлсний орлого хурдан сэргэхгүй нөхцөлд өрхүүд хэрэглээгээ багасгаж, энэ нь цаашлаад эдийн засаг сэргэх хугацааг удаашруулж, төлөвийг муутгах эрсдэлтэй гэнэ. Дээр нь өрхийн өр өсөх хандлагатай болсон. Тухайлбал, хэрэглээний зээлд томоохон байр суурь эзлэх болсон банк бус санхүүгийн байгууллагуудын  иргэдэд олгосон зээл энэ оны II улиралд өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өсөж, зээлийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөгт хүрчээ. Өрхүүдийн нөхцөл байдал ийнхүү хүндэрсэнтэй зэрэгцэн үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдсэн нь эдийн засгийн нөхцөл байдлыг улам бүр дордуулж байгаа.  Ялангуяа сүүлийн нэг жилийн хугацаанд эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан орон сууцны үнэ огцом өссөн. “Тэнхлэг зууч” компанийн тооцооллоор орон сууцны үнийн индекс 2020 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өсөж, 2014 оны түүхэн оргилд дөхсөн байдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэхэд хуучин орон сууцны үнийн сэргэлт багагүй хувь нэмэр оруулснаас гадна шинэ орон сууцны эрэлт ч дэмжсэн байна. Цар тахлын үед хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүд барилгын салбарын үйл ажиллагааг хязгаарласан. Материалын тээврийн үнэ өссөн, татан авах хугацаа удааширч нөөцгүй болсноор барилгын төлөвлөгөөт ажлууд 2-6 сар хойшилсон зэргээс шалтгаалан орон сууцны нийлүүлэлт саатсан юм. Мөн цар тахлын үед өрх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй 10 их наядын арга хэмжээний хүрээнд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн нь өнгөрсөн улирлаас орон сууцны эрэлт нэмэгдэхэд нөлөөлжээ. Хэдийгээр орон сууцны үнийн сэргэлт ажиглагдаж байгаа ч үнийн хөөсрөлт үүсээгүйг дээрх хүчин зүйлүүд илтгэж байгаа ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

С.Сүлд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top