Хөтөлбөрийн давхардлыг арилгах замаар орон нутагт их сургуулиудын хотхон байгуулна

2021 оны 09 сарын 21

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Их, дээд сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгож орон нутагт хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна.

АШУҮИС: 1969 онд Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдснаас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр хоёр хичээлийн байр, 300 ортой дотуур байртай. Нийт 2000 хүний хүчин чадалтай ч 879 оюутан суралцаж байна. Өнөөдрийн байдлаар 84 багш, ажилтантай. Ажилтнуудын зүгээс төрийн албан хаагчийн 36 сарын нэмэгдлийг шийдвэрлэж өгөхөд анхаарах, сургуулийн дэргэдэх сувиллын зөвшөөрлийн асуудлыг хөндөж байлаа. Үүнээс гадна их сургуулийн сургалтын эмнэлэг багйуулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм.

ШУТИС: ШУТИС-ийн орон нутаг дахь ганц бүрэлдэхүүн сургууль юм. Хоёр хичээлийн байр, 300 ортой дотуур байртай. 3000 оюутны хүчин чадалтай ч одоогоор 1102 оюутан суралцаж, 109 багш, ажилтан ажиллаж байна. Энэ тоог гурав дахин өсгөх бүрэн боломжтой юм. Боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд эрдэм шинжилгээний лаборатори байгуулагдсан. Лаборатори нь тус сургуульд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Үйлчилгээ, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага байгааг удирдлагууд нь хэлж байлаа.

ХААИС: ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургууль 1969 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2000 оюутны хүчин чадал бүхий хоёр хичээлийн байр, 350 ортой дотуур байртай. Одоогийн байдлаар 444 оюутан суралцаж, 73 оюутан дотуур байранд амьдарч, 74 багш, ажилтан ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж энд бий. Дархан-Уул аймагт их сургуулийн хотхон байгуулахдаа оюутнуудад зориулсан төлбөрийн хөнгөлөлт, тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг багш, ажилтан, ажиллагчдад олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт аймгийнхныг хамруулахад анхаарч ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top