ХОМ: Монголд улс төрийн санхүүжилт бохир байгааг гэрчлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Үнэхээр ч баяжих гэж УИХ руу тэмүүлдэг мэт сэтгэгдэл төрөхөөр юм. УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил болсонтой холбоотойгоор бүгд улсын баатраа ядуу амьдардгийг гайхав. УИХ-ын гишүүн, улсын нийслэлийг удирдсан зэрэг өндөр албан тушаал хашиж байсан ардчиллын алтан хараацай маань хүүхдийн мөнгөөр амь зууж байна гэх мэт ёж дүгнэлт дагаж байна. Энэ удаагийн нөхөн сонгуульд түүн шиг баялаг намтартай хүн байхгүй учраас олон нийт түүнийг хөрөнгө нуусан гэдгийг зүгээр нэг өнгөрөөхийг хүсээгүй хэрэг. Наад зах нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараагаас амьдрах болсон тансаг эдлэн газраа хүртэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байгаа юм. Э.Бат-Үүл дарга л орох оронгүй очих хаяггүй байв гэж.

Тэрбээр жилийн 1.2 сая төгрөгийн орлоготой бол түүний гэр бүлийн гишүүд ямар ч орлогогүй гэж мэдүүлжээ. Амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Хөлд дүүжлэх унааны хувьд Volkswagen Touareg эзэмшдэг, таван адуутай. Дансандаа 14 сая төгрөгийн хадгаламжтай, 34 сая төгрөгийн авлагатай, 20 сая төгрөгийн өртэй гэж мэдүүлжээ. Үүнээс үзэхэд, Монголын төрд үсээ цайтал зүтгэж, нэг насаа зориулах хэрэг алга. Ер нь төрийн алба цалин хангамж муутай ч гэж ярьдаг үнэний ортой юм байна. Хэн хүссэн нь олигарх болж, ханаж цатгалдатлаа идэж ууж чаддаггүй бололтой. 

УИХ-ын гишүүн болж, төрд үсээ цайтал зүтгэж үзсэн дараагийн эрхмүүд бол Л.Цог, Б.Гарамгайбаатар нар. Цагтаа Монголын замын тендерийг базаж, салбараа тодорхойлж явсан Б.Гарамгайбаатар өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй орох оронгүй хоцорсон дараагийн хүнээр тодроод байна. Гэхдээ Б.Гарамгайбаатар жилийн 12 сая буюу сарын сая төгрөгийн орлоготой аж. Гэр бүлийн гишүүд нь мөн адил 12 сая төгрөгийн орлого олдог. Тэрбээр амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Нэг автомашинтай, 2.9 сая төгрөгийн хадгаламжтай, нэг тэрбум төгрөгийн авлагатай. "Хоккайдо агро" компанийн 25 хувийг эзэмшдэг гэнэ. Түүний овог мэт салшгүй болсон “Монроуд” түүний энэ удаагийн мэдүүлэгт алга. Тэгвэл УИХ-ын даргын дэд даргын алба хашиж байсан Л.Цог, Э.Бат-Үүл баатартай Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт өрсөлдөж байгаа. Түүний хувьд жилийн 1.1 сая төгрөгийн орлоготой. Бусдыгаа бодвол, орон сууц, авто зогсоол, Тоёота Prius-20 маркийн автомашин эзэмшдэг гэж мэдүүлжээ.

АТГ-ын мэдүүлгээс үзэхэд, энэ удаагийн нөхөн сонгуульд өрсөлдөж буй эрхмүүдийн хамгийн бийлэгжүү нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар бололтой. Энэ утгаараа түүнийг нэгэн “хааны өв залгамжлагч” гэдэг тодорхойлолт дагах болов. Тэрбээр жилийн 92 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь 704 сая төгрөг олдог гэсэн байна. Өрсөлдөгч ах нарынгаа бодвол, орон сууц, машин, мотоциклтой. Нийтдээ 162 сая төгрөгийн хадгаламжтай бол хоёр тэрбум төгрөгийн зээлтэй гэнэ. Эзэмшдэг компани ч олон юм. "Эскон", "Хаттан интернейшнл Монголиа", "Миллнниум капи­тал интернейшнл", "Милленниум энтертэйнмент", "Момиэд", "Мил­ленниум финанс", "Содмаргад", ЗГМС, "Засгийн мэдээ", ЗМС, "Эс Си Эн Майнинг", "Рескон", "Медиахолдинг", "Ремиф технложис", "Эрчим хүч түгээх сүлжээ", "Монсамил", "Монфарм трейд" гэх мэт 20-иод компанийг 100 хувь эзэмшдэг хэмээжээ. Хамгийн сонирхолтой нь хааны гэр  бүлийн өв залгамжлагч Э.Батшугар тэргүүтэй хөрөнгөлөг эрхмүүдийн дунд араас тэмцэгч нэрээр олонд танигдсан А.Отгонбаатар бичигдэж, олны анхааралд өртөв. Өөрийгөө “Ардын хүү хөрөнгөтэй байж болохгүй юу” хэмээн өмөөрсөн А.Отгон­баатар 115 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Түүнийг гэр бүлийн гишүүд 114 сая төгрөгийн орлоготой бөгөөд нийтдээ 250 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцаа зах дээр 10 жилийн турш 10 лангуу ажиллуулж байж худалдаж авсан гэв. Мөн тэрбээр 122 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Toyota, Crown, Lexus-570 маркийн автомашинууд эзэмшдэг. Дансандаа 45 сая төгрөгийн хадгаламжтай, 51 сая төгрөгийн авлагатай, 75 сая төгрөгийн зээлтэй, "Сэргэлт" ХК-ийн 90 хувийг эзэмшдэг гэнэ.

Уг нь улс төрд олон жил явчихсан ах нар ядуудаа биш мань А.Отгонбаатар хөрөнгөө нуух тал дээр шинэ цэрэг гэдгээ үүгээр ил гаргачихав бололтой. Улс төрийн санхүүжилтээ нуух тал дээр тэмцэгчид яах ч аргагүй шинэ цэрэг байдаг жишгийг Х.Бат-Ялалт мөн давтсан. А.Отгонбаатар тэмцэгч гэж тодорхойлбол Х.Бат-Ялалтыг гавьяаныхаа амралтад суучих­сан өвгөн партизан гэвэл зохилтой. Ийм нэр цол гуншинтай Х.Бат-Ялалтын гэр бүлийн гишүүдийн хамт жилд 80-аад сая төгрөг олдог гэж мэдүүлсэн байна. Нийтийн болон зуслангийн байшин нэг нэгийг эзэмшдэг, 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 5,2 сая төгрөгийн хадгаламжтай, дөрвөн төрлийн тусгай зөвшөөрөлтэй хэмээжээ.

УИХ-д нөхөөсөөр суух гэж өрсөлдөж байгаа төрийн өөр нэг сонгууль Хэнтий аймагт болох гэж байгаа. Жишээ нь, Хэнтийн аймгийн тойрогт өрсөлдөж байгаа одоогийн Засаг дарга Ц.Идэрбатын мэдүүлэг олны анхаарлыг татна. Тэрбээр аймаг төсөв дээр сууж байгаа гэхэд харьцангуй даруухан буюу жилийн 22 сая төгрөгийн орлоготой аж. Харин түүний гэр бүлийн гишүүд 40 сая төгрөгийн орло­готой. Нийтийн орон сууц нэг, хашаа байшин нэг, үйлчилгээний зориулалттай хоёр ч байгууламж эзэмшдэг гэнэ. Мөн Lexus автомашин, өмчлөх хэлбэрийн гурван байршилд газартай, 15 сая төгрөгийн хадгаламжтай, 58 сая төгрөгийн авлагатай, 104 сая төгрөгийн зээлтэй,  "Хэнтий ТВ"-ийн 56 хувь түүнийх. Түүний улс төрийн өндөр албан тушаал хашсан хугацаа нь ч хөрөнгө чинээнээс харагдаж байгаа. Орон нутгийн сонгуулийн дүнгээр аймгийн Засаг дарга болсон тэрбээр сонгуулийн циклээ дуусгаад УИХ-д өрсөлдөн бол арай бяртай үзэх байсан биз.

Ерөнхийдөө энэ мэтээр нөхөн сонгуульд нэр дэв­шигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ирэх сарын 15-ныг дуустал хөврөх шинжтэй. Угтаа бол АТГ-аас тэдний хөрөнгө орлогыг хянах ёстой бөгөөд үнэн хянасан эсэхэд сонгогчдын олонх итгэхгүй байгаа нь өөрөө асуудал. Угаасаа орох оронгүй хүн олон тэрбум төгрөгийн сан­­хүү­жилт шаарддаг улс төрийн сонгуульд өрсөлдөж байна гэдэг үнэнд нийцэхгүй. Тэр хэрээр Монголд улс төрийн сонгуулийн санхүүжилт ил тод бус бохир байгааг харж болохоор байна. Эсвэл энэ удаагийн нэр дэвшигчид бүгд үгээгүй ядуугаас үлгэрийн баян болохоор улайрч байна гэсэн үг. Монголд гэрээ засаад, төрөө зас гэдэг хэлц байдаг байх аа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top