Таван улс хориогоо цуцалж, цар тахалтай зэрэгцэн амьдрахаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Цар тахал эхэлснээс хойш хэдийнээ 18 сар өнгөрчээ. Тиймээс зарим улс орон  КОВИД-той хамт амьдрахыг сонгож эхлээд байна. Учир нь, хөл хорио тогтоож, хязгаарлалт тавьснаар эдийн засгийн байдал нь улам дордохоор байгаа юм. Одоогоор дэлхийн таван улс хорио цээрийн бүх дэглэмээ цуцалж, цар  тахалтай зохицон амьдарна гэдгээ мэдэгдээд байна.

Дани: КОВИД-19 нийгэмд аюул учруулахуйц өвчин биш

Данийн Засгийн газар энэ сарын 10-нд бүх хязгаарлалтаа цуцалж, КОВИД-19 нь нийгэмд аюул учруулахуйц өвчин биш гэж зарласан. Даничууд одоо вакцины гэрчилгээ үзүүлэлгүй шөнийн цэнгээний газар, ресторанаар үйлчлүүлж, амны хаалт хэрэглэлгүйгээр нийтийн тээврээр зорчиж, ерөнхийдөө цар тахлын өмнөх амьдрал руу шилжээд байна.  Энэ сарын 13-ны байдлаар Дани  хүн амынхаа 74 гаруй хувийг КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамруулаад байгаа юм.

Сингапур: КОВИД-19 хэзээ ч устахгүй байж магадгүй учраас зохицон амьдрах хэрэгтэй

Сингапурын Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард цар тахалтай зэрэгцэн амьдрах стратеги бүхий амьдралын хэв маяг шилжихээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.  Тус улсын Эрүүл мэндийн яамнаас "Муу мэдээ нь КОВИД-19 хэзээ ч устахгүй байж магадгүй. Сайн мэдээ нь гэвэл бид уг вирустэй зохицон амьдрах бүрэн  боломжтой" гэдгийг онцолсон байна. Сингапурын эрх баригчид наймдугаар сараас эхлэн зарим хязгаарлалтыг цуцалж,  вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийг ресторанд хооллох, тав хүртэлх хүнтэй үйл ажиллагаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн. Гэхдээ тус улсад Дельта вирусээр халдварласан тохиолдол өссөөр байгаа юм. Тус улс хүн амынхаа 81 хувийг вакцинжуулаад байгаа бөгөөд ард иргэдээ вакцинжуулсан байдлаараа дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа юм.

Тайланд: КОВИД-19-ийн вакцины бүрэн тундаа хамрагдсан хүн бүр  нэвтрэх боломжтой

Тайландын Засгийн газар Бангкок болон жуулчид хамгийн их зорьдог алдартай газруудаа ирэх сараас эхлэн нээхээр төлөвлөж байгаа юм байна.  КОВИД-19-ийн вакцины бүрэн тундаа хамрагдсан хүн бүр тусгаарлагдахгүйгээр нэвтрэх боломжтой ажээ. Тайландын Пхукет арал долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдад үүд хаалгаа нээсэн билээ. Хэдийгээр тус улс өнгөрсөн онд халдварын тоог  амжилттай барьж чадсан ч энэ жил байдал нэлээд дордоод байгаа юм. Түүнчлэн вакцинжуулалтын түвшингээрээ зарим хөрш орнуудаасаа хоцорч байгаа юм.  Тайланд хүн амынхаа ердөө 18 орчим хувийг вакцинжуулаад байгаа юм. 

Өмнөд Африк: Бүх хязгарлалтаа цуцлав

Өмнөд Африкт халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан тус улс  бүх хязгаарлалтаа цуцлаад байна.  Баар ресторан, караоке зэрэг олон нийтийн газрыг өглөөний 04.00 цаг хүртэл ажиллахыг зөвөөрч, согтууруулах ундаанд тавьсан хоригоо цуцалсан байна. Гэхдээ тус улсын Ерөнхийлөгч Кирил Рамафоса  Дельта хувилбараар үүсгэгдсэн халдварт өвчний гурав дахь давлагаа дуусаагүй байгааг ард иргэддээ анхааруулжээ.

Тус улсын хүн амын дөрөвний нэг орчим нь вакцинд хамрагдаад байгаа аж.

Чили: Хүн амын дунд сүргийн дархлаа тогтсон

Чили вакцинжуулалтаараа дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа билээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, Чилийн ард иргэдийн 87 орчим хувь нь  вакцинд бүрэн хамрагдсан байна. Түүнчлэн тус улс вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдээ ч гэсэн дахин дархлаажуулж эхлээд байгаа юм.  Чилийн  эрх баригчид өнгөрсөн пүрэв гарагт Хятадын Синовакийн вакциныг зургаа болон түүнээс дээш насны хүүхдүүддээ  хэрэглэхийг зөвшөөрсөн.  Өнөөдрөөс эхлэн хүүхдүүдээ вакцинжуулж эхлэх юм байна.  Тиймээс  тус улсын эрх баригчид ард иргэдийн дунд дархлаа тогтсон гэж үзэж, хилээ нээж, аялалын жуулчлалын салбарынхаа үйл ажиллагааг сэргээхээр шийджээ. Түүнчлэн тус улс тогтоогоод байсан хөл хориогоо бүгдийг  цуцлаад байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top