Испанийн Канарын арлуудад галт уул дэлбэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Испанийн Канарын арлуудын Ла Пальма арал дээр галт уул дэлбэрч эхэлжээ. Үүнтэй холбогдуулан аюулын түвшнийг гурваас дөрөв рүү шилжүүлсэн байна. Эрх баригчид 5-10 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр болсон бөгөөд замын хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. Иргэний агаарын тээврийн компаниудад тус арал руу нислэг үйлдэхгүй байхыг зөвлөж, галт уул дэлбэрэх эхний цагуудад нисэх онгоцны буудлыг түр хаасан байна.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Нью Йорк хотод хийх айлчлалаа хойшлуулж, Канарын арлууд дахь нөхцөл байдалтай танилцжээ.

Ням гарагт галт уул идэвхжихээс өмнө хүчтэй газар хөдлөлт болж, улмаар өтгөн утаа тэнгэрийг бүрхсэн байна. Халуун хайлмаг арал дээр хоёр хагарал үүсгэхэд хүргэж, Монтана Рахада суурингаар дайрч урсана гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Канарын галт судлалын хүрээлэнгийн мэдээллээр, Кумбре Вьеха галт уул дэлбэрэхээс долоо хоногийн өмнө 25 мянга гаруй удаа газар чичирхийлжээ. Хамгийн хүчтэй буюу Рихтерийн шаталбараар 4.2 баллын газар хөдлөлт галт дэлбэрэхээс өмнөхөн бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top