САНСРЫН ЖУУЛЧИД эх дэлхийдээ буулаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

Сансрын жуулчид бүхий “Crew Dragon” сансрын хөлөг АНУ-ын Флорида мужийн эргээс холгүй Атлантын далайд амжилттай буулаа гэж “SpaceX” компани мэдээлжээ.

Арилжааны “Inspiration4” нислэгийн хөлгийн багийн гишүүд хөлөг газардахаас хэдэн цагийн өмнө өмсгөлөө өмсөж, газардахад бэлтгэж эхэлжээ.

Орон нутгийн цагаар 19.00 (Улаанбаатарын цагаар 2021.09.19-ний 07.00) цагт хөлөг онгоц дэлхийн агаар мандалд нэвтрэн, хэдэн минутын дараа шүхрээ дэлгэжээ. Найман минутын дараа буюу 19.08 цагт “Crew Dragon” хөлөг усанд буусныг баталсан байна.

“Crew Dragon” хөлгийн нислэг гурав хоног үргэлжлэв.

Энэ хугацаанд багийн гишүүд хэд хэдэн эрдэм шинжилгээний судалгаа явуулжээ. Тухайлбал, тэд жингүйдэл хүний бие организмд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна.

“SpaceX” компанийн мэдээллээр, энэхүү судалгааны дүн хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой аж.

Нислэгийн үеэр сансрын хөлөг 590 км өндөрт гарчээ. Олон улсын сансрын станц 420 км-т байрладаг.

Сансрын жуулчдын багт хүүхдийн эмч Хэйли Арсено /29 настай/, геологийн профессор Сайен Проктор /51 настай/, сансрын “Lockheed Martin” корпорацын ажилтан, Кристофер Семброски /41 настай/ болон тэрбумтан Жаред Айзекмэн /38 настай/ нар багтсан юм.

Жаред Айзекмэн сансрын хөлгийн дөрвөн суудлын үнийг төлжээ. Аяллын зардлын дүнг тэрбээр нууцалж байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(162.158.179.160) 2021 оны 09 сарын 20

Сансарт аялах нь мөнгөө төлчьөл амархан болсон байна шүү Сү.Батболд оо!!!

0  |  0
Top