ХХЗХ-ноос үүрэн телефоны 5 дахь операторт гэрчилгээ олголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг ICT EXPO энэ жил  "Digital Nation-2021" нэрийн дор үндэсний хэмжээний арга хэмжээ болж зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойтой давхцан өргөн хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Түүнчлэн энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсад үүрэн телефоны хамгийн отгон буюу 5 дахь оператор мэндэлж байна. Энэ нь 15 жилийн дараа харилцаа холбооны салбарт  үүрэн телефоны шинэ оператор гарч ирж буй үйл явдал юм.

Тодруулбал,  “Digital Nation-2021” экспо дээр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг  үүрэн телефоны 5 дахь оператор “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК буюу ОНДО операторт “Телефон яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээг албан ёсоор гардуулан өгчээ.

Тус оператор компани нь Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг дэмжин харилцаа холбооны технологийг бусад салбарын техник технологи, хиймэл оюун ухаантай хослуулан хэрэглэгчиддээ хамгийн бага зардлаар хамгийн хямд, хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр ажиллаж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.

Технологи, инновацын салбарын залуусын нэгдэл болох ОНДО  оператор нь интернэтийн хангамж хамгийн бага байдаг захын дүүргүүдээс эхлэн сүлжээгээ нэвтрүүлж, хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргээд байгаа аж. Энэ жилдээ багтаан Улаанбаатар хотыг бүхэлд нь сүлжээндээ хамруулахаар бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгааг үйл ажиллагаа эрхэлсэн захирал тус үйл явдлын үеэр дурдлаа.

Хүртээмж гэдэг нь сүлжээг нэмэхээс гадна хэрэглэгчдэд очих өртөг буурах нь хамгийн том нөлөө юм. Одоогийн байдлаар 174 мянган өрх сүлжээнд холбогдсон байгаа ч, зах зээл дээр байгаа үнэ хүртээмжийн гол тушаа болж буйг тус компанийн зүгээс  үзэж байна. ОНДО харилцаа холбооны салбарт дэвшилтэт орчин үеийн технологи ашиглан Монголынхоо хэрэглэгчдэд дараа үеийн өндөр хурдны хөдөлгөөнт интернэт буюу 5G технологийг удахгүй танилцуулахаар туршилтын ажиллагааг хийж байгаа аж. Цаашлаад эх орныхоо бусад салбарт болон олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох том зорилготойгоор ажиллаж байна гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
badrah(172.69.45.138) 2021 оны 09 сарын 18

ашгүй дээ . юнивишны энэ монополийг шахсан хямдхөн сүлжээ гэж бодож бна амжилт

1  |  0
Занга(162.158.179.89) 2021 оны 09 сарын 18

Залуусын хармааг сэгрэгч нэг бүлэглэл төрөн гарч байгаа юм байна.

1  |  1
Top