Тамерлан Тменов: Жүдод допинг хэрэглэх нь ямар ч утгагүй

2021 оны 09 сарын 17

Тамерлан Тменов 44 настай. Тэр 2000 оны олимпын наадмын жүдо бөхийн +100 кг-ийн жингийн хүрэл медальт, 2004 оны олимпын мөнгөн медальтай. ДАШТ-ий хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай, Европын 7 удаагийн аварга бөх. Тменов 2010 онд зодог тайлж, одоо ОХУ-ын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашиж байна.

Тменов “Ведомости” агентлагт ярилцлага өгч, Токиогийн олимпын орос жүдочдын амжилтыг дүгнэн ярьсан байна.

-Токиогийн олимпод орос жүдочид гуравхан хүрэл медаль авсан. 2012 оны Лондонд 3 алт, 2016 оны Риод хоёр алттай байснаасаа амжилт буурсан. Яагаад?

-Олон нөхцөл байдал нөлөөлсөн. Цар тахал бэлтгэлд өөрчлөлт орууллаа. Дээр нь Токиод олимп явагдсан болохоор жүдогийн эх орон Японы тамирчид маш сайн бэлтгэсэн байлаа. Тамирчдын бэлтгэлийг үзээгүй болохоор бэлтгэл дээр яг ямар алдаа гарсныг тодорхой хэлж чадахгүй нь. Энэ асуултыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Эцио Гамбад тавьсан нь дээр байх. Гэхдээ мэдээж надад ч хариуцлага байгаа. Токиогийн олимпын үр дүн бол манай холбооны ажлын дүн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Багийн бүрэлдэхүүнээ харахад бид хэд хэдэн алтан медаль авчихаар байсан. Тамирчид маань сайн бэлтгэлтэй байх шиг надад санагдаж байсан. Гэхдээ алдаа гарлаа. Тамирчин болгоноос тус тусд нь энэ талаар асуух хэрэгтэй.

-Систем буруутай биш тамирчид хувийн алдаа гаргасан гэсэн үг үү?

-Холбоо бэлтгэлийн төлөвлөгөө гаргаж, тамирчдынхаа төлөө бүхнийг хийсэн. Системийн алдаа ч байлаа, хувийн алдаа ч байлаа. Допингийн хэргээс болоод манай баг туг далбаа, сүлд дуулалгүй оролцсон нь ч нөлөөлсөн. Шүүгчийн алдаа ч байсан. Мадина Таймазовагийн эсрэг хориотой мэх хийснийг сана.

-Үзэгчгүй явагдсан нь тус болсон уу, саад болов уу?

-Би өөрөө гурван олимпод оролцсон хүн. Сэтгэл зүй ямар хэрэгтэйг мэднэ. Харин энэ сэтгэлийн хүчийг балиашгууд өгдөг. Хөгжөөн дэмжигчгүй үед барилдахад хэцүү. Өрсөлдөөнөөр олимп хамгийн шилдэг нь биш ч сэтгэл хөдлөлөөр ДАШТ, тивийн аваргын тэмцээнүүдээс хамаагүй илүү. Үүнээс гадна жүдо Ерөнхийлөгчийн спорт болохоор олны анхааралд илүү өртдөг гэдгийг мартаж болохгүй.

-Владимир Путин жүдод их анхаарал тавьдаг нь жүдод ямар нөлөөтэй байдаг вэ?

-Ерөнхийлөгч том тэмцээнүүдийг заавал үздэг гэдгийг би мэднэ. Боломж гарвал стадионд ирж, боломжгүй бол бичлэгээр үздэг юм билээ. Ерөнхийлөгчийн анхаарал сайн ч нөлөөтэй, саар ч нөлөө бий. Нэг талаас жүдогийн нэр хүнд өснө. Нөгөө талаас жүдочид хэт их хариуцлага мэдэрдэг. Сэтгүүлчдийн хувьд жүдо, Путин хоёрыг холбох нь мэдээгээ сонирхолтой болгож, том үйл явдал болгон хувиргах боломж юм. Би Владимир Владимировичийн байгуулсан Явара-Нева багт байсан. Одоо энэ баг Европын хамгийн том багийн нэг болоод байна. Олон улсын жүдо бөхийн холбоо цаашдаа багийн тэмцээнд их анхаарал хандуулна. Багийн дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулах гэж байгаа. Дэлхийд олон сайн баг байгаа ч хоорондоо тэмцээн хийдэггүй. Харин одоо хөлбөмбөг шиг клубын ДАШТ-тэй болно. Ивээн тэтгэгч ихтэй болно. Жүдочид хөлбөмбөгчид шиг өндөр орлоготой байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ үүний тулд спортод мөнгө оруулсан компанид улсаас хөнгөлөлт олгодог байх ёстой.

-Олимпод амжилттай оролцохын тулд бидэнд юу хийх хэрэгтэй байна вэ?

-Залуу үетэйгээ сайн ажиллах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний статусыг өндөр болгож, бүх шилдгүүдийг заавал оролцуулдаг байх хэрэгтэй. Орост жин болгонд л сайн нөөц тамирчид бий. Тэднийг шилдгүүдтэй өрсөлдүүлж, хөгжүүлэх шаардлагатай. Би холбоонд хүүхдийн жүдог хариуцдаг хүний хувьд хэлэхэд жүдо бөхийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахад болохоор санагддаг. Оюутны спортод анхаарал хандуулах шаардлагатай.

-Яагаад улсын аваргын тэмцээнд бүх шилдгүүд оролцдоггүй юм бэ?

-Заримдаа шигшээгийн тамирчдыг чөлөөлдөг. Би бүх тамирчин улсынхаа АШТ-д заавал оролцох ёстой гэж боддог. Жишээ нь, Японд улсын аваргадаа ороогүй тамирчныг албан ёсны тэмцээнд оролцуулдаггүй.

-Ямар жинд орос тамирчид амжилт гаргах боломжтой вэ?

-Хүнд жин. Тамерлан Башаев гэсэн лидер байна. Түүнтэй өрсөлдөх Инал Тасоев байна. Орон нутаг, хот болгонд л сайн хүнд жингийн бөх бий. Хүнд жингийн тамирчин гэдэг бусдаас онцгой анхаарал халамж шаарддаг. Тэд удаан, системтэй бэлтгэл хийж чадахгүй үе ч байдаг. Зарим нь ямар ч хор шаргүй. Хүнд жин бол аль ч спортод улс орны нүүр царай болж байдаг. Александр Карелин, Хасан Бароев, Артур Таймазов гээд л. Хүмүүс ч хүнд жингийн барилдаан үзэх илүү дуртай.

-Сүүлийн 20 жилд Оросын жүдо хэрхэн өөрчлөгдөв?

-2000 оны олимпоос хойш ОХУ жүдогийн шилдэг гүрний нэг болсон. Жүдо бол алдааг өршөөдөггүй спорт. Бусад бөхийн төрөлд жишээ нь, таван оноо алдлаа гэхэд нөхөж болдог бол жүдод иппон алдахад ялагдана. 2000 онтой харьцуулахад одоо технологийн хөгжил их ашигладаг болсон.

-Хүүхэд багачууд жүдо их сонирхдог болсон. Олимпын дараа жүдогоор хичээлэгсдийн тоо нэмэгддэг үү?

-Илт нэмэгддэг. 2008-2021 онд 150 мянган хүүхэд жүдод орж ирсэн тоо бий. Энэ бол зөвхөн тэмцээнд оролцсон хүүхдүүд. Цаана нь шинээр хичээллэж байгаа мянга мянган хүүхэд бий.

-Аль муж, хотод илүү нэмэгдэж байна?

-Хойд Кавказ. Сүүлийн таван жил Чеченьд их нэмэгдсэн. Кавказын улсуудад бөх, жүдо, бокс, хүндийг өргөлт сайн хөгжсөн.

-Яагаад?

-Кавказын хүүхдүүд багаасаа л ядуу зүдүү байдлаас ангижирч, сайхан амьдрах мөрөөдөлтэй байдаг. Үүнд нь спорт туслана. Кавказчууд өөрийгөө харуулах, тодрох дуртай.

-Сүүлийн үед жүдод допингийн асуудал гарах боллоо. 2020 онд Олимпын аварга, Бразилийн Рафаэла Силва эрхээ хасуулсан.

-Жүдочид хориотой эм тариа хэрэглээд байдаг улс биш. Сильвагаас өөр эрхээ хасуулсан хүн би санахгүй байна. Жүдод допинг хэрэглэх нь ямар ч утгагүй. Эм уулаа, хүч чадалтай боллоо гээд энэ нь бусдаас илүү болно гэсэн үг биш. Допинг ямар тус болно гэж? Барьц авахад тус болно гэж үү? Үгүй л байх. Хориотой бодис хэрэглэх нь тамирчин болгоны хувийн хэрэг. Баригдаад ямар хохирол хүлээхээ ойлгож байх ёстой. Манай жүдо бөхийн холбоо допингийн тал дээр маш хатуу хяналттай.  

-Удахгүй Tөрийн Думын сонгууль болно. Өрсөлдөх үү?

-Би улстөрд байсан хүн. Хойд Осетийн парламентын депутат байлаа. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт төрийн албанд орсон, одоо ч ажиллаж байна. Хэрэв санал тавьбал би сонгуульд дуртайяа оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top