Б.Лхагвасүрэн: Эдийн засаг энэ оны эцэст сэргэх хүлээлт хэвээр байгаа

Т.Хөвсгөл | Zindaa.mn
2021 оны 09 сарын 18

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалж үлдээх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн пүрэв гаригт мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Тэрбээр “Инфляц энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрч нэмэгдсэн. Хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 45 хувийг бүрдүүлж байна. Ийнхүү богино хугацаанд инфляц суурь үеийн болон гадаад, дотоод нэг удаагийн шинжтэй нөлөөгөөр нэмэгдээд байгаа хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас инфляц төв банкны зорилтын орчимд тогтворжихоор байгаа.

Гэвч богино хугацаанд дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлт сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляц хүлээлтээс давж болзошгүй. Хилийн хязгаарлалт, вирусийн шинэ хувилбарууд тархаж байгаатай холбоотой эдийн засгийн идэвхжил саарч, өсөлт хоёрдугаар улиралд муудсан боловч эдийн засаг 2021 оны эцэст цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч сэргэх хүлээлт хэвээр байгаа.  Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг гол салбаруудаар авч үзвэл уул уурхайн салбар хоёрдугаар улиралд саарсан хандлага оны сүүлийн хагаст үргэлжилж, үлдсэн хугацаанд нийт өсөлтөд дэмжлэг үзүүлэхээргүй байна. Харин уул уурхайн бус салбарын хувьд оны сүүлийн хагаст Засгийн газар болон төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ, гадаад орчны сэргэлттэй уялдан эрчимжих хүлээлт бий. Улмаар уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн сөрөг зөрүү хаагдах хугацаа нэг улирлаар наашилж 2021 оны эцэст хаагдах хүлээлттэй байгааг энд онцолмоор байна” гэсэн юм.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилттэй холбоотойгоор зээл олголт сэргэж, энэ оны долоодугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл жилийн 12.3 хувиар өссөн байна.

Монголбанкны Ерөнхийлөгч мэдээллийнхээ төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулт өгснөөс онцлон хүргэж байна. 

-Хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлнэ гэсэн. Энэ нь нэг талаараа арилжааны банкуудыг дэмжсэн бодлого гэж харагдахаар байгаа. Ингэснээр банкуудад ямар өөрчлөлт гарах вэ?

-Хүүхдийн мөнгийг хэр хэмжээгээр, ямар хэлбэрээр олгох вэ гэдгээ Засгийн газар шийддэг. Лхагва гарагт болсон Засгийн газрын хурлаар хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгөхөөр болсон. Ер нь хүүхдийн мөнгийг ковидын тухай хуулиар 100 мянган төгрөг болгосон. Уг хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Харин үүнээс цааш яах вэ гэсэн асуулт байсан. Сангийн сайд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэж мэдээллээ. Гэсэн ч тодорхой хэсэгт нь хуримтлал хэлбэрээр, заримд нь бэлэн мөнгөөр өгнө гэж ойлгосон. Яг нарийн мэдээллийг Сангийн сайдын өмнөөс хариулах боломжгүй.  

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл яригдаж байгаа. Гэсэн ч үүнээс өмнө зах зээл дээр хэд, хэдэн койн гарчихлаа. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?

-Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гаргаад Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Чуулган эхлэхээр хэлэлцээд явах байх гэж бодож байгаа. Ер нь виртуал хөрөнгийг зохицуулах нь дэлхий дээр цоо шинэ зүйл болсон. Дэлхийн улс орнууд ч үүн дээр хоёр хуваагдсан байдалтай байна. Харин Монгол Улсын хувьд виртуал хөрөнгийг зохицуулъя гээд хуультай болохоор болсон. Виртуал хөрөнгийг зохицуулахын тулд зөвшөөрөл олгох байдлаар бус, койныг зах зээл дээр чөлөөтэй гарч, бирж дээр арилжаалах хэлбэрээр явна. Хоёрдугаарт, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэсэн асуудал бий. Тиймээс койныг нь бүртгээд түүний арилжаанд орж байгаа хүмүүсийн хөрөнгийн эх үүсвэр цэвэр эсэхийг хуулиараа хянах юм. Харин Монголбанкны хувьд койныг ямар нэгэн төлбөрийн хэрэгсэл биш гэсэн байр суурьтай байгаа.   

-Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл хэр байгаа вэ?

-Банкны салбарын санхүүгийн тайлангаар өнөөдрийн байдлаар нийт зээлийн 10 хувь нь чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл зургаан хувьтай байна. Хүнд цаг үед зээл ийм түвшинд байна гэдэг нь харьцангуй гайгүй байна гэж харж байгаа.  Гэхдээ мэдээж санаа зовох зүйл мөн. Тиймээс төв банкны зүгээс тодорхой арга хэмжээ авч байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top