ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Өнөөдөр 2021.09.17. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 06 цаг 32 минутад мандлаа, 19 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Анголад Баатруудын өдөр бол Гондураст Багш нарын өдөр.

Энэ өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдөр.

Дэлхийн алдартнуудаас өнөөдөр Италийн уулчин Райнхольд Месснер, Америкийн сагсан бөмбөгч, дасгалжуулагч Фил Жексон, жүжигчин Кассандра Петерсон, кино найруулагч Брайан Сингер, дуучин Анастейша, Оросын хоккейч Александр Овечкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1900: Австралийн Холбоо байгуулагджээ.

1922: Берлинд дэлхийд анх удаагаа дуутай киног нийтэд үзүүлжээ.

1932: А.М.Горькийн нэрэмжит хүрээлэнг үүсгэн байгуулав.

1947: Жеймс Форрестол АНУ-ын анхны Батлан хамгаалахын сайд болж, тангарагаа өргөжээ.

1957: Софиа Лорен, Карло Понти нар Мексикт гэрлэв.

1991: Латви, Литва, Эстон, БНАСАУ болон Өмнөд Солонгос НҮБ-ын гишүүн орон болжээ.

2001: Чеченийн салан тусгаарлагчид Гудермесийг эзлэхийг оролдов.

Өнөөдөр үс засуулвал эрхтэн хурц болно.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top