Хүний амь хөнөөсөн Олимпын аваргыг сулласангүй

2021 оны 09 сарын 16

Гүржийн Телави мужийн Шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 16-нд хүний амь насыг буудан хөнөөсөн хэргээр баривчлагдаад байгаа Афины олимпын жүдо бөхийн аварга, Гүржийн парламентын депутат асан Зураб Звиадауригийн хоригдох хугацааг сунгаснаа зарлалаа.

40 настай Зураб Цинандали тосгонд болсон буудалцаанд оролцсон төдийгүй хүн буудан алсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Гэрчүүдийн мэдээлснээр Зурабын хөнөөсөн Ника Кенчошвили гэгч түүний багын найз Васил Цоцхалашвилигийн барилгад ажилладаг байжээ. Байнга цалин өгсөнгүй гэж хэл ам хийдэг тул Васил түүнийг бусад ажилчдыг өөрийнх нь эсрэг хандуулж байна гэж үзсэнээр анх хэрүүл эхэлжээ. Сүүлдээ маргаан зодоон болон хувирч, хоёр талаас хэд хэдэн хүн оролцсон байна. Васил Зурабыг ах Заур Звиадауритай нь хамт дагуулан очсон байна. Зодоон эхлэхэд олимпын аварга дээш хий буудан зогсоох гэж оролдсон ч Ника Кенчошвили машинаасаа буу гарган буудаж эхэлсэн гэнэ. Васил Цоцхалашвили, аваргын ах Заур нар энэ үед алагдсан бөгөөд Зураб Ника Кенчошвилид дөхөж очин, мөр, цээжинд нь тулган буудсан байна.

Одоо Гүржид Зурабыг нэг хэсэг нь алуурчин, нөгөө хэсэг нь бусдын амийг аварсан баатар хэмээн үзэж, маргалдаж байна.

Өмгөөлөгч Тариел Мурманашвили “Анхааруулсан буудалтыг Звиадаури хийгээгүй. Цоцхалашвили хий буудсаны дараа Кенчошвили буудаж, хоёр хүнийг алж, хоёр хүнийг шархдуулсан. Хэрэв Зураб Звиадаури байгаагүй бол тэр өөр олон хүний амийг хөнөөх байсан. Прокурор санаатай аллага гэж буруу ял тулгалаа. Энэ бол өөрийгөө хамгаалсан хэрэг байсан” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Гүржийн тамирчид ихэнх нь Зурабыг буруугүй гэдэгт итгэж байна. Хүндийг өргөлтийн Лаша Талахадзе, жүдоч Лаша Бекаури, Варлам Липартелиани, Автандил Чхрикишвили нар хэвлэлийн бага хурал хийлгэж, олимпын аваргыг батлан дааж, гаргах хүсэлт тавьсан. Автандил Чхрикишвили “Спортын ертөнц Зурабыг дэмжиж байна. Тэр нас барсан ахаа эмнэлэгт авчран уйлж суухыг би харсан. Тэр хаашаа ч зугтахгүй, алга болохгүй. Батлан даая. Зураб зугтвал намайг оронд нь хорь. Тэр өөрийгөө л хамгаалсан” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
буө(202.21.124.2) 2021 оны 09 сарын 16

Ахыг нь алчихаад байхад шархдуулах уу

0  |  1
Лооо(66.181.161.45) 2021 оны 09 сарын 16

Гүржийн түвшинбаяр юм ба

2  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 16

Гэхдээ л хүн алж болохгүй. Аварга гээд аархаж, эрдсэн байна. Шардуулж, гарыг нь буудах аргагүй болгож болно ш дээ.

0  |  0
Top