Фарерын арлуудад 1500 орчим далайн гахай агнажээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Фарерын халим агнуурын холбоо Фарерын арлуудын уламжлалт ангийн улирлаар 1428 далайн гахай агнасанд харамсаж буйгаа илэрхийлж, энэ цочирдуулам мэдээ Фарерын арлуудын нэр хүндэд нөлөөлж болзошгүй гэж Данийн DR суваг мэдээлжээ.

Ням гарагт болсон уламжлалт агнуурын сэтгэл шимшрүүлэм гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр цацагджээ.

Тус холбооны тэргүүн Олавур Сюрдаберг далайн гахайн ангийн асуудлын улс төрийн түвшинд тавих шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Халим агнуур нь Фарерын арлуудад олон зуун жилийн турш тогтсон уламжлал бөгөөд Викингийн үеэс эхлэлтэй гэж үздэг.

Фарерын Засгийн газрын мэдээлснээр, жилд дунджаар 600 орчим халим мөн цөөн тооны далайн гахай агнадаг байна. Өнгөрсөн жилд гэхэд загас агнуурын улирлаар 576 халим, 35 далайн гахай агнажээ.

Харин энэ жилийн ангийн хэмжээ олон хүнийг цочирдуулж, шүүмжлэл дагуулаад байна. Үүнээс өмнө 1940 онд 1200 далайн гахай агнаж байжээ.

Top