ОБЕГ: Техникийн болон онолын сургалтууд үргэлжилж байна

2021 оны 09 сарын 15

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран зохион байгуулж байгаа “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургууль техникийн болон онолын сургалтууд хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага, сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийн үргэлжлэл бөгөөд 10 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог, өндөр эрсдэлтэй газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол бусад гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр анх удаа 2009 онд зохион байгуулж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top