Уламжлалыг урлагч

2021 оны 09 сарын 16

Монгол уламжлалт өв соёлыг тээж яваа сийлбэрчин Ч.Даваадоржтой ярилцлаа. Бидний өвөг дээдэс ганган чамин, ховор нандин үнэт эдлэл хэрэглэж байсан нь түүх соёлоос илхэн харагддаг. Найман тохой модыг найгалзуур цэцгээр сийлж, үнэр анхилам занданг үлэмжийн тансаг урлаж, өнөд оршихын бэлгэдэл болсон хээ хуарыг сийлж, өргөө цагаан гэрээ сүндэрлүүлдэг билээ. Монгол гэрийг урлахуйн утга учир, эрт үеэс уламжилж ирсэн өв соёл, хээ хуарын бэлгэдэл, сийлбэрч хүний нарийн ухааны талаар тэрбээр их ээ алсаас яргаж ярьсан юм.

МОД АМЬТАЙ БОЛОХООР ШҮНШИГ ШИНГЭЭЖ МӨНХИЙН БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ЭРМЭЛЗДЭГ

 

Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат Ч.Даваадорж нь 13 наснаасаа мужаан хийж гарын ур дүйтэй гэдгээрээ нутаг хошуундаа танигджээ. Түүний аав Д.Чимэддагва гарын уртай нарийн торгон мэдрэмжтэй сийлбэрчин байв. Өвөө нь ч нэртэй мужаан байжээ. Ээж нь үйлэнд уран гэж жигтэйхэн, үргэлж гутал хийх, дээл оёх зэргээр  үйл мэтгэн суудаг байж. Удам дамжсан ур ухааны түүчээ болсон эрхэм нь эцэг эхээс 10-уулаа бөгөөд найм нь хүү ажээ.

Хөвгүүдийн долоо нь мод чулуу оролддог гэнэм. Ч.Даваадорж Зүүнбаянгийн цэргийн ангид гурван жилийн цэргийн алба хааж ирээд 21 наснаасаа Тосонцэнгэлийн II найман жилийн сургуулийнхаа сургуульд мужаанаар ажлын гараагаа эхэлж сургуулийнхаа ажилтан Алтанхуяг, Дашдаваа хоёроос их зүйл сурсан гэдгээ хуучилж байлаа. Ч.Даваадорж нь Улаанбаатарт орж ирээд 20 жил болж байгаа аж. Тэднийх нийслэлд анх орж ирээд байшингийн хаалга, цонх хийж өгч ажлынхаа гарааг эхлүүлсэн гэдэг. Завхан нутгийнхаа найз М.Бат-Очирын гэр үйлдвэрлэдэг цехэд ажиллаж байгаад улмаар бие даан гэр хийж эхэлжээ. Монгол гэрийн үйлдвэр нь 300-аад сийлбэртэй гэр хийсэн бол сийлбэргүй гэр тоогоо алджээ. Барагцаалбал 500 гарсан байх гэж байв. Түүний урласан хамгийн том гэр нь Тэрэлжийн Горхийн аманд 20 ханатай гэр аж. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөрхийн хаданд 20 ханатай гэр хийж өгснөөрөө бахархаж байв.  Аяны гэр, илүү гэр, жижиг гэр, том гэр гээд бүхий л төрлийн гэрүүдийг хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хийдэг байна. Тэрбээр “Сийлбэрт хуш, хар мод, хус, нарс аль аль нь сайн л даа. Гэхдээ хамгийн сайн хатсан мод л сийлбэрт сайн бай­даг. Өөрөөр хэлбэл давирхайг нь шүүгээд зөөлрүүлчихсэн мод хамгийн сайн. Дээр үед голын урсгалд модоо үйгээд бэхлээд тавьчихдаг байсан. 14 хоноод л хамаг давирхай нь шүүгдэнэ шүү дээ. Одоо бол усаар шавшаад, халуун агаараар үлээлгээд давирхайг нь гоожуулдаг. Ийм болсон мод хэв дүрсээ алдах, хагарах, ангайна гэж байхгүй. Сийлбэрч хүн модоо л сайн таньдаг байх хэрэгтэй. Модоо Сэлэнгэ аймгаас нийлүүлдэг,  30 куб.метр модоос гуравхан куб.метр мод ялгаж авна. Мод гэдэг цагтаа ургаж, цэцэглэж, найгаж, ганхаж байсан амьтай эд шүү дээ. Тиймээс хүнд гэр хийж өглөө гэхэд насаараа эдлэх, олон үеэрээ удам дамжин ирэх гэр хийж өгөх хэрэгтэй. Тэгж байж тэр мод мөнх амьдарна, олон хүнийг гэр оронтой болгоно гэдэг буян хэмээн өөрийгөө цайруулж боддог” гэх нь түүнийг ямархан нягт нямбай зантайг, ямархан сүсэг бишрэлтэйг илтгэв. Мөн тэрбээр “Бидний урлаж буй гэрийн ур хийцэд тусгаар тогтнол оршдог. Нэг зураас татлага бүр өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Сүүлийн үед гэр урлаачид механик аргаар машинаар сийлээд байна. Гэтэл гарын ур дүй тэнд шингэхгүй. Үнэнхүү чин сэтгэлээр гараараа сийлж байгаа урлаачдыг урд зүгийнхэн мөнгө цохиод Өвөрмонголд нутагшуулчихаад байна шүү. Хамаг сортой, шимтэйг нь суралцаж аваад хожим хойно нь хятадууд морин хуур манайх аа,  сийлбэртэй гэр манайх аа гээд дэлхийд бүртгүүлэх гэх вий дээ гэхээс л зүрх ёгхийдэг” гэж шимшрэн өгүүлэв. Тиймдээ ч өвөрмонголчууд хэчнээн зоос амласан ч хил давж гүйгээгүй гэдгээ онцолж байв. Амьдралд ахиухан зоос нь хэрэгтэй боловч Монголынхоо өв соёлыг, тусгаар тогтнолоо худалдахгүй гэж хэлжээ. Мөн энэ ташрамд зарим сийлбэрчид өнөө маргаашийн таван төгрөгний төлөө хил давж эдийн засгийн хаалт боолт хийдэг тухай ч учирлаж байв. Зүй нь Өвөрмонголд гэр хийж өгөөд тэндээ зарах нь зөв үү, Монголд хийсэн сийлбэрчдийн гэрийг урагшаа зарах нь зөв үү гээд бодохоор эдийн засгийн хувьд хоёр дахь нь ашигтай гэлээ. Үгүйдээ л хэдэн хүний ажлын байр нэмэгдэж эх орондоо үйлдвэрлэгчид хөгжих боломж бүрдэх юм байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн нэг зовлон нь дээрх шалтгаан хэмээн өгүүлж байлаа.

ТҮМЭН НАСТ ХЭЭГ БОСГОН ДЭЭРЭЭ УРЛАСАН ТЭР ГЭРТ БИ ЦЭЭРЛЭЭД ОРЖ ЧАДААГҮЙ

 

Гарын ур дүй гэдэг нутаг орны байрлал, удам судартай салшгүй холбоотой. Ялангуяа Завхан, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь зэрэг нутгаар гайхамшигтай урлаачид олноороо төрөн гарсан нь түүхийн хуудаснаа бэлхнээ бий. Нэг үе улс орны түүхэн бүтээн байгуулалтад орд өргөө, музей, гэр, шашин номын газруудыг 21 аймгийн урлаач сийлбэрчдийг цуглуулан хийлгэж байсан. Эртний хийцтэй, чамин сийлбэр, хээ хуар бүхий түүхэн газруудыг бид мэддэг ч түүнийг өвлөж авсан удам судар нь хэр байгаа бол гэдэг дээр анхаарлаа хандуулдаггүй. Төр засаг ч энэ тал дээр хайхрахаа байж ганц нэг гэр л захиалгаар хийлгэдэг болсон нь харамсалтай. Зүй нь бол монгол гэдэг өнгө төрх, онцлогийг хадгалсан эртний хэв загвартай ур ухаан шингэсэн гайхамшигт барилга байшинг бодлогоор барьж дэлхийн жуулчдыг татах өв соёл нь бидэнд бий.  Сийлбэрчин  маань “Сүүлийн үед төрмөл сийлбэрчид цөөрч байна. Дээр үед бурхан урладаг зураач Ламжав гэж байсан. Түүний хүү Дарамрагчаа, түүнээс улбаалж Цэен-Иш үе уламжилж явж байгаад олзуурхдаг. Энэ мэтчилэн удам дамжсан урлаачид л монгол өв соёлыг тээж явдаг юм” гэлээ. Тэрбээр  Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөө гэрийг хийж байснаараа бахархаж байв. Сийлбэрч маань нэг удаа түмэн наст хээг босгон дээр урласан байхыг хараад ихэд цээрлэж ийм сайхан хээн дээгүүр алхаж гарч чадахгүй гээд буцаж байсан гэдэг. Хээ бүхэн учир утгатай. Жишээ нь түмэн наст хээ нь эхлэлгүй төгсгөлгүйн бэлгэдэлтэй бөгөөд үхэшгүй мөнхийг бэлгэддэг. Тэднийх Баянзүрх дүүрэгт иж бүрэн сийлбэртэй гэрт тохилог амьдардаг аж. Айл гэрийн буян хойморьтоо оршдог. Хойморьтоо бодь гөрөөс, дөрвөн хүчтэн, хорол эрдэнэ, эвтэй дөрвөн амьтан бүхий сийлбэртэй авдар, бурхан тахилгатай. Униндаа түмэн наст хээг урлаж, тоонондоо алхан хээ, хорол эрдэнийг сийлсэн байв. Алхан хээ бол бат бөхийн бэлгэдэл юм. Дөрвөн хүчтэн нь гаднаас муу энергийг оруулахгүй хамгаалж байдаг бол эвтэй дөрвөн амьтан тухайн айлын эсэн энх, эв найрамдалтай амар амгалан байхыг бэлгэднэ. Гэрийн багана дээр хөөцөлдүүр, сүлжмэл, угалзан хээг урласан нь чамин тансаг харагдуулж байлаа. Хөөцөлдүүр хээ нь сайн сайхныг үргэлж урин дуудсан утгатай аж. Зарим сийлбэрчид эвтэй дөрвөн амьтан, заан, яст мэлхийг гэрийн баганан дор тулаад хийчихсэн байдаг. Энэ нь тухайн амьтдад их ачаа үүрүүлж, зовлон эдлүүлж буй хэрэг аж. Мөн сийлбэрч маань баганагүй гэр буюу цомцог хийх дургүй гэв. Учир нь гэр баганатай байх ёстой. Багана бол эр, эмийг бэлгэдсэн гэрийн түшиг тулгуур юм гэлээ. Зарим зүйлийг хэт гоёчилж, чамин болгох гээд учир утгыг нь алдагдуулж болохгүй гэдгийг онцолж байлаа. Өлзий хээ нь идээ ундаа элбэг байхын бэлгэдэлтэй учир эргэнэг, зуух, хаалган дээр зохицдог аж. Ч.Даваадорж “Сийлбэрчдийн дунд үндэсний хэмжээний томоохон наадам зарлаж тэдний авьяас чадварыг алдаршуулж, урамшуулж байх хэрэгтэй. Тэр ч бүү хэл төр засгаас хөдөлмөр авьяасаа үнэлүүлсэн хүн тун ховор байдагт сэтгэл гундуу явдаг. Сийлбэрч М.Бат-Очир, н.Дамсрайсэлнэн зэрэг олон сайхан уран хүн бий. М.Бат-Очир бол олон хүнийг хоолонд нь хүргэсэн ач буянтай хүн. Би ч бас тэр хүний ачаар л өдий зэрэгтэй яваа” гэлээ.

ГАДААД ХҮМҮҮС МОНГОЛ ГЭРИЙГ ИХ СОНИРХОЖ ЗАХИАЛДАГ БОЛЖЭЭ

 

Тэднийх хоёр хүүхэдтэй, тусдаа гараад ажил амьдралынхаа мөрийг хөөжээ. Түүний хань Д.Цэцэгдэлгэр ханийнхаа ажилд тусалж дэмжиж явсаар өдийг хүрчээ. Монгол гэрийн үйлдвэр нь Баянзүрх дүүрэг дэх хашаанд нь бий. Гэрийн бүрээс, өрх шиддэг оёдолчин, мужаан, сийлбэрч гээд 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Тэр ч бүү хэл 30 шахам гарынхаа шавийг бэлдэж тусдаа гарган гурав, дөрвөн хүн өөрийн гэсэн үйлдвэртэй болоод амжжээ. Ажилчдадаа боломжийн цалин өгөхийн сацуу хоол байраар хангаж ажилладаг аж. Тэднийх гурван ч айлыг өргөө цагаан гэртэй болгож амьдралыг нь дэмнэсэн буянтай. Гэрийн захиалга гэдэг улиралын чанартай, урин дулааны цагт захиалга нэмэгддэг аж. Харин корона гарсан хоёр жилд гэрийн захиалга эрс нэмэгджээ. Хөл хорионы үед монгол гэрийнхээ үнэ цэнийг мэдэрсэн хүмүүс гэр захиалах нь ихэсжээ. Тэднийх Япон, Канад, Герман, Авсрали зэрэг улсууд руу гэр захиалгаар гаргадаг бөгөөд 2019 онд Японд очиж гэрээ хэрхэн барихыг зааж өгчээ. Гадаад хүмүүс монгол гэрийг тун их сонирхож ийнхүү хийлгэдэг байна. Ч.Даваадоржийнх анх нийслэлд ирээд шавар тагз түрээсэлж байгаад 10 гэрийн хаалга хийж, хөлсөөр нь гэр авч өрхөө татаж байжээ. Түүний хань Д.Цэцэгжаргал “Би нөхөртэйгөө ханилаад 27 жил болж байна. Ханийнхаа ажилд тусалж, мужаан хийж, зүлгэх, замаскдах, өнгөлөх, лакдах, хөрөөдөх, харуулдах гээд бүхий л ажилд нь тусалж ирсэн. Гэрийнхээ бүрээс, өрхний оёдол эсгэнэ. Ажилчдынхаа хоолыг хийж өгнө. Ажилчидтайгаа нэг тогооноос хоол идээд л нэг гэр бүл шиг ажиллацгаадаг. Манай ажилчид танай хоол сайхан шүү гэдэг” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэв. Тэрбээр ажилчдынхаа цалинг боломжийн өгдөг шигээ хийж байгаа ур чадварыг нь ч чанартай, чансаатай байхыг шаарддаг аж. Түүний дүү Ч.Баярбат ахыгаа дагаж сийлбэрчин мужааны ажил эрхлээд 10 гаруй жил болж байна. Ахынхаа ар талын гол ажлыг нугалдаг хүн нь. “Ах маань аавын минь оронд аав болж яваа. Ахаасаа амьдралын ухаан, ажил төрөл суралцаж өдий зэрэгтэй яваадаа бахархдаг. Ах маань үндсэн хээг хийж, би нарийн ажилбарыг нь хийдэг. Залуу хүн ажилдаа хайртай, дуртай байвал амжилт өөрөө ирдэг. Анзаараад байхад залуучууд архи тамхи хэрэглэж алт шиг цагаа дэмий өнгөрөөж байгаад халагладаг. Миний хувьд ямар ч завгүй ажилладаг болохоор зүгээр сууж байгаа хэр нь мөнгө яриад байгаа хүмүүст шүүмжлэлтэй ханддаг” гэсэн юм.  Ч.Даваадорж “Манай нийгэмд дээд сургууль их байна. Дээд сургууль төгсчихөөд надаас дор амьдарч байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд гарын дүйтэй мужаан сийлбэрчдийг их олноор бэлтгэх хэрэгтэй. Хэрэв би тэр сургуулийг нь төгссөн бол өдийд МСҮТ ажиллуулаад үндэсний үйлдвэрлэлээ илүү цараатай ажиллуулж, олон хүнийг ажлын байртай болгох байсан гэж харамсдаг. Монгол өв уламжлалаа илүү олон хүнд түгээх байсан гэж дандаа боддог. Манай улсад халамж өгч байхын оронд тэр мөнгөөрөө үйлдвэр барьж улс орноо хөгжүүлж байх ёстой. Эрдэмтэд гэхээсээ илүү инженер эх оронд минь чухал шүү” гэсэн юм. Диплом өвөртлөөгүй ч хүнээс дутахгүй хөдөлмөрлөж, олон хүнийг ажлын байртай болгож, монгол өв уламжлалаа тээж хөгжүүлж яваа дархан уртай, бурхан ухаантай нэгэн хүмүүний ажил амьдралыг сурвалжиллаа. Мод гэдэг амьтай учир түүний сийлсэн хээ бүхэнд сэтгэл шүншиг шингэж мөнхийн шидийг олдог ажгуу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Symiya(172.69.252.134) 2021 оны 09 сарын 17

Mundag sain siilber hiideg yum shvv. Amjilt hvsie. Mon ger bvl vr hvvhedvvded n az jargal hamgiin sain saihan bvhniig hvsie

1  |  0
Top