Абдулрашид Садулаев: Ерөнхийлөгч В.Путин миний барилдааныг үзсэн гэсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

ОХУ-ын чөлөөт бөхийн шилдэг тамирчин, олимпын аварга Абдулрашид Садулаевын хувьд 2021 он тун онцгой жил болж байна. Тэр энэ жил хэдэн сарын дотор Олимпын наадам, ДАШТ-д түрүүлсэн. Хорин хоногийн дараа дахиад дэлхийн аваргын тэмцээн эхлэх гэж байна.

Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев сэтгүүлч Тигран Аванянтай уулзан ярилцахдаа ойрын үеийн төлөвлөгөөгөө ярьсан байна.

-Энэ сарын 11-нд Ерөнхийлөгч В.Путин олимпын медальтнуудаа хүлээн авч уулзсан. Та Хүндэтгэлийн одонгоор шагнууллаа.

-Олимпын наадмын дараа Кремльд Ерөнхийлөгчтэй уулздаг сайхан уламжлал тогтсон. Манай чөлөөтийнхөн шигшээ багт хамгийн олон медаль авчирсан. Энэ багийн гишүүн байсандаа баяртай байна. Хаалтын ёслолд тугчаар ажилласан минь нэр төрийн хэрэг.

-Та Владимир Путинаас гарын үсэг авсан уу?

-Авсан. Тамирчид медалийнхаа туузан дээр гарын үсэг авч байгааг хараад би ч гэсэн зуруулсан. Дурсгалын гарын үсэг. Энэ медалиа ач нартаа үзүүлээд Кремльд Ерөнхийлөгч В.Путин яаж гарын үсэг зурж байсныг хуучлах болно. Эсвэл дуудлага худалдаанд оруулж, их мөнгө олж болох юм. Бод л доо. Путиний гарын үсэгтэй Садулаевын медаль. Доод тал нь сая доллар хүрнэ.

-Ерөнхийлөгчтэй ганцаарчлан ярилцаж чадсан уу?

-Чадсан. Владимир Владимирович миний барилдааныг үзсэн гэж хэлээд надад баяр хүргэсэн.

-Ойрын үед таныг их завгүй байна гэж сонссон.

-Тиймээ, төлөвлөгөө их байгаа. Урт удаан олимпын цикл дууслаа. Биднийг улс эх орны өнцөг булан бүрт хүлээж байна. Кремлийн уулзалтын дараа бид ерөнхий дасгалжуулагч Замболатом Тедеевийн хамт багаараа Дагестанд зочиллоо. Тэнд хүүхдүүдтэй уулзаж, олимпын талаар ярилцлаа. Олимпын аваргуудтай уулзах нь хүүхдүүдэд их хэрэгтэйг би өөрийн жишээн дээр сайн мэднэ. Бүх амьдралынх нь дурсамж болон үлддэг. Дараа нь Карачаево-Черкест очиж, уулзалт хийсэн.

-Та энэ жил барилдах уу? ДАШТ эхлэх дөхөөд байна.

-Хэдэн өдрийн дараа Сочид шигшээ багийн цугларалтад нэгдэнэ. Тэнд л шийднэ дээ.

-Токио олимпод та бэртэлтэй байрилдсан. Одоо яаж байна?

-Зүгээр ээ, олимпын үеийнхээс илүү дээр болсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.52) 2021 оны 09 сарын 15

АУГАА ОРОС ТАНК

0  |  0
Top