Эрдэмтэд эртний Египетийн маалинган даавууны нууцыг тайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Судлаачид эртний Египетийн маалинган даавууны утасны бүтцийг судалсны дүнд онцгой чанарынхаа тусламжтай дөрвөн мянга гаруй жилийн турш хадгалагдан үлдсэн болохыг тогтоожээ. Судалгааны ажлыг “Nature Plants” сэтгүүлд нийтэлсэн байна.

Судлаачид Дундад хаанчлалын үеийн эртний Египетийн занданшуулсан шарилын маалинган даавууны бүтэц болон механик чанарыг орчин үеийн маалинган даавууныхтай харьцуулан судалжээ. Эрт үеийн даавууны бат бөх бөгөөд зөөлөн чанар нь маалинган даавууны утсыг боловсруулах аргатай холбоотой байжээ.

Орчин цагийн ойлголтоор, анхны даавууг зэрлэг маалингаар 30 мянган жилийн өмнө хийжээ. Маалингыг нилээн хожуу буюу найман мянган жилийн өмнөөс тариалж эхэлсэн гэж үздэг. Эртний египетчүүд маалингыг өргөнөөр тариалж, энэ төрлийн даавууг шарил занданшуулахад болон нийгэм, соёлын амьдралдаа өргөнөөр ашигладаг байжээ. Эртний Египетийн маалианган даавуу өнөөг хүртэл бараг төгс хадгалагдан ирсэн тул түүхч, археологичид төдийгүй химич, физикч болон инженерүүдийн сонирхлыг ихэд татдаг байна.

Францын Өмнөд Бретанийн их сургуулийн профессор Ален Бормо тэргүүтэй судлаачид цахилгаан болон лазерын микроскоп, рентген томограф ашиглан авсан гэрэл зургаас эртний Египетийн даавууны хэд хэдэн сонирхолтой шинж чанарыг илрүүлсэн байна. Эртний маалинган даавууны илүү бат бөх, уян хатан чанар боловсруулалтын сүүлийн шатанд маалингыг усанд дэвтээдэг байсан аргатай холбоотой гэж судлаачид таамаглаж байна. Энэ аргын талаар  эртний Ромын зохиолч, түүхч Гаиус Плиниус Секундус бичиж байжээ. Эртний египетчүүд маалингын ишийг савтай усанд хийх эсвэл голд чулуугаар даран 5-7 хоногийн турш дэвтээдэг байсан тухай түүхч өгүүлжээ. Дэвтсэн ишийг хатаасны дараа чулуугаар нүдэж, маалинган утас гаргаж авдаг байсан аж. Харин орчин цагт хураасан маалингыг хэдэн долоо хоногоор талбайд орхин хатаадаг болсон тул цаг агаарын улмаас утас хэмжээ, чанарын хувьд янз бүр болдог нь орчин үеийн маалинган даавууны чанарт нөлөөлдөг болжээ. Үүний сацуу эрдэмтэд эртний Египетийн маалинган даавууны хөнгөн бөгөөд бат бөх чанарыг эртний Египетийн хуурай цаг ууртай холбон тайлбарлажээ.

Бормо тэргүүтэй судлаачид тэдний нээсэн эртний сүлжмэлийн онцлог арга техник орчин үеийн маалинган даавуу үйлдвэрлэлд тусгалаа олж, даавууны чанар бөгөөд эдэлгээг нь уртасгана гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.114.93) 2021 оны 09 сарын 14

olsni daavuu mangar buh shd

0  |  0
Top