Н.Батнасан: Монгол улс зарим түүхий эдээ Солонгос руу гаргаснаар шинэ түвшинд хөгжих боломжтой

2021 оны 09 сарын 15

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр хоёр орны Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт харилцан тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргасан. Тус тунхаглалд таван тулгуур чиглэлээр хоёр орны харилцааг хөгжүүлэхээр тусгасан байна. Үүнээс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хөгжилд стратегийн түншлэлийн харилцаа хэрхэн нөлөөлж болох талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Батнасантай ярилцлаа.


 

-Хоёр улс хоорондоо улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, технологи, олон улсын түвшинд харилцаагаа өргөжүүлэн, хамтран ажиллахыг стратегийн түншлэлийн харилцаа гэж ойлгоод байгаа. Монгол Улс тоотой хэдэн улстай стратегийн түншлэлийн түвшинд харилцаж байгаагийн нэг нь Бүгд Найрамдах Солонгос улс болж байна уу?

-Монгол Улс нь ОХУ, Хятад улстай стратегийн түншлэлийн харилцаатай. Үүн дээр Солонгос улс нэмэгдэж байна. Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг ердийн худалдаа, эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын хамтын ажиллагаанаас илүү өргөн хүрээтэй. Олон салбарт хамтран ажиллах түншлэлийн хэлбэр. Дээд түвшний урт хугацааны хамгийн найдвартай хэлэлцээр гэж ойлгож болно.

-Монгол Улс Солонгос улсын стратегийн түншлэлийн харилцаанаас манай улсад ямар боломжууд үүсэх вэ?

-Манай улсын талаас хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, Монгол Улс уул уурхайд тулгуурласан хөгжлийн замаар 20-30 жил явж байна. Гэсэн ч Монгол Улсын нийгмийн өмнө тулгамдсан олон асуудал шийдэгдээгүй хэвээрээ. Гадаад өр зээл ихтэй. Хүн амын олонх дунджаас доогуур амьдралтай. Гадаад худалдааны алдагдал саяхнаас л дээрдэж байна. Олон жил гадаад худалдааны алдагдалтай явсан. “Энэ бол бидний хүсэж байсан хөгжил мөн үү” гэдгийг бодох цаг хэдийн болсон байсан. Өөрсдийнхөө замаар хөгжих ёстой юу, гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлоор хөгжих ёстой юу гэдэг ч асуулт юм. Сүүлийн хэдэн жил Монгол Улс гадаад түүхий эдээ идэвхтэй худалдаалж байна. Голдуу Хятад улс руу худалдаалж байгаа. Энэ худалдаа дэлхийн зах зээлийн дундаж үнээс хэр ялгаатай байгаа вэ гэж үзэхээр сүүлийн 10 жилд жил бүр нэг тэрбумаас 1.5 тэрбумын алдагдалтай үнээр түүхий эдээ худалдаж ирсэн байдаг. Гэсэн ч эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэсээр, түлхүү уул уурхайг ярьсаар байсан. Мэдээж аль болох нөөц баялгийг багаар зарцуулж, нэмэгдсэн өртөг бүтээдэг эдийн засагтай болох нь Монгол Улсын чухал зорилтын нэг. Орос, Хятад улсыг харахаар нэг нь түүхий эдийг их хэмжээгээр авдаг, нөгөө улс нь манайхтай адил түүхий эдийг зардаг улс юм. Эдгээр улс манай улстай худалдааны салбарт өргөн хүрээтэй хамтарч ажиллах ч гэсэн хөрөнгө оруулалтын тал дээр сонирхол нь харьцангуй бага. Хүсэж байгаа хамтын ажиллагаа үүсэж өгөхгүй байна.

-Тэгэхээр гарц гаргалгааны хувьд Солонгос улстай холбогдож байна уу?

-Тиймээс уул уурхайн том төслүүдээ яаж хөдөлгөх вэ, зөвхөн дээрх хоёр түншээс гадна өөр түнш улсуудтай болох, түншүүдтэй хөрөнгө оруулалтын баталгааг үүсгэх асуудал чухлаар тавигдсан. Орос, Хятад улс хил залгаа гэдгээрээ давуу талтай ч эдийн засгийн илүү таатай орчин нөхцөлийг бий болгохын тулд бусад харилцаа үгүйлэгдэж байгаа юм. Нөгөө талаас Монгол Улсын түүхий эд хаана, хэнд илүү хэрэгтэй вэ гэдгийг харах ёстой. Бидэнд түүхий эдээ түүхийгээр нь борлуулна гэвэл Хятад улс илүү хэрэгтэй бололтой. Нүүрс, төмрийн хүдрээ ашиглаад боловсруулаад эхэлбэл зах зээл өөр орнууд руу чиглэнэ. Зэсийг автомашины үйлдвэрлэл, цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, барилгын салбарт хамгийн их ашигладаг. Төмөр ч адил. Эдгээр бүтээгдэхүүний эрэлтийг харвал Япон, Солонгост хамгийн их эрэлттэй. Хэрвээ манай оронд эцсийн үйлдвэрлэлийг хөгжүүлбэл тэр зах зээл нээлттэй байх ёстой. Тэдгээрийг авах хүсэл эрмэлзлэлтэй оронтой нэгдэж чадвал, сонирхол нэг байгаа учраас Монгол Улсад ач холбогдолтой байж магадгүй гэж харж байгаа. Үүнтэй зэрэгцүүлээд харвал Эдийн засгийн чөлөөт бүс, татваргүй бүсийг хэрэгжүүлэх, Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах зэрэг хавсарч байж илүү хөгжинө.

-Солонгос улстай харилцаагаа дээд түвшинд хүргэсэн нь эдийн засгийн талаас үр ашиг арвинтай юм байна. Энэ нь бусад салбартаа яаж нөлөөлөх бол?

-Ялангуяа боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд нэлээд чухал. Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлээд дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд эхэлбэл, түүний шууд ба шууд бус нөлөө нь бусад салбартаа нөлөөлнө. Тухайлбал, орлого нэмэгдэхийн хэрээр технологи сайжирна. Технологи сайжрахад бүтээмж дээшилнэ. Бүтээмж дээшлэх нь амьжиргаанд эергээр нөлөөлнө шүү дээ.

-Аливаа харилцаа аль аль талдаа ямар нэг ашигтай байж таарна. Монгол Улстай стратегийн түншлэл байгуулсан нь Солонгосын талд ямар ашигтай бол?

-Харилцаанд нэг тал хожиж байгаа бол нөгөө тал нь алдана. Гэхдээ аль аль талдаа хэрэгтэй, сөрөг талаасаа давуу тал илүү байгаа тохиолдолд хэлэлцээр байгуулна. Шууд худалдаа хийхэд Солонгос улсад айхтар нөлөө байхгүй. Монгол Улстай хийж байгаа Японы худалдаа жилийн 500 сая ам.доллар, Солонгосын худалдаа 300-400 сая ам.доллараас хэтэрдэггүй. Солонгос өөрөө жилийн бараг 500 гаруй тэрбумын экспорттой улс. Үүнд, Монгол руу гаргаж байгаа бүтээгдэхүүн гэхээр 0.1 хувь хүрэхгүй. Солонгосын хувьд манай улстай хийж байгаа худалдаа нь далай дотор дусал гэдэг шиг бага гэсэн үг. Харин манай улсын хувьд Солонгосын хийж байгаа худалдаа том хувь эзэлж байгаа. 300 сая ам.доллар гэхэд гайгүй хэмжээний мөнгөнд орчихно. Солонгосын талаас гол харж байгаа зүйл гэвэл аж үйлдвэрүүдэд нь түүхий эд хэрэгтэй. Хамгийн ойрхон улс нь Монгол Улс байна. Монголд байгаа түүхий эдийг энэ байдлаар нь Солонгос руу хүргэх боломж байхгүй. Тэгэхээр хоёр талын ашиг сонирхол нийцэж чадвал хэн хэндээ хэрэгтэй хөрөнгө оруулалт хийх боломж байгаа гэж харж байна.

-Манай улс Солонгосын технологиос суралцах нь бас нэг боломж болов уу?

-Солонгос улс технологийн хувьд өндөр хөгжилтэй. Технологиудаас нь Монголд орж ирэх нөхцөл бүрдэж магадгүй. Тухайлбал, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд талууд ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүний мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх зэрэг хөдөө аж ахуйн шинэ технологийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтсон байна лээ. Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох хорио цээрийн стандартыг тохирох чиглэлд хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэн ажиллах саналтай байгааг манай талаас илэрхийлсэн байсан.

-Стратегийн түншлэлийн харилцаатай Хятад, Орос улсаасаа Солонгос улстай харилцах харилцаа нь ямар давуу талтай вэ?

-Солонгос улсын сонирхол хоёр хөрш улсынхаас арай өөр юм. Жишээлбэл, Орос улс манайд боловсруулсан нефтиэ заръя гэдэг, Хятад улс түүхий нефть авъя гэдэг. Ингэхээр Монголд нефтийн үйлдвэр хөгжих үү гэдэг асуудал. Зэсийн хувьд ч Монгол, Орос улс нь Хятад улсын зах зээлд түүхий эдээ өрсөлдөж борлуулдаг. Солонгос улсад хар металлыг ашиглаж хөлөг онгоц хийдэг үйлдвэр болон барилгын үйлдвэр асар хөгжсөн. Дэлхий дээр барьж байгаа хөлөг онгоцны 30-40 хувийг Солонгос улс дангаараа үйлдвэрлэж байна. Дэлхийд үйлдвэрлэж байгаа автомашины 10 гаруй хувийг Солонгос улс дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Зэсийг ашиглаж бүтээгдэхүүн хийдэг hybrid машины үйлдвэр, цахилгааны томоохон тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд Солонгост байгаа. Тэнд Монголын түүхий эд, бүтээгдэхүүн эрэлттэй. Хүч бас хүсэл эрмэлзлэл байвал боломжийг үүсгэж болохоор байна.

-Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд олон талт харилцааг хөгжүүлэх чиглэлээр тусгайлсан чиглэлүүд байсан. Үүнд, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хэрхэн хөрөнгө оруулалт хийхээр байсанд дүгнэлт хийвэл?

-Улс орнууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбартаа ямар бодлогыг яаж барьж ажиллаж байгааг бусад улс орон ч анхааралтай ажиглаж, ил, далд хэлбэрээр судалдаг. Тэгэхээр Монгол, Солонгосын хувьд харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр ярилцсан нь маш таатай. Солонгос улсын дэвшүүлсэн “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” санаачилга болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос хэрэгжүүлж буй “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ” санаачилгыг уялдуулан хөгжүүлж, “Шинэ Умардын бүс нутаг” дахь хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон. Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын ЭКСИМ банк хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн шугамаарх хамтын ажиллагааг мөн дэмжиж ажиллахаар харилцан тохиролцлоо. Түүнчлэн ногоон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, газрын тосны чанарыг сайжруулах, монголын тал ухаалаг хот байгуулах төслийг хэрэгжүүлэх, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд Солонгос улстай хамтран ажиллахаар тогтоод байна. Цаашлаад хоёр орны хоорондын харилцаа сайн байтал Монгол Улсаас Солонгос ажиллах хүчний асуудалд ч эерэг нөлөөллүүд гарч магадгүй.

-Стратегийн түншлэлийн харилцааны дараагийн шат нь юу вэ?

-Стратегийн түншлэлийн харилцааг нэг шатаар ахиулах хэлбэр нь Чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Энэ талаар хамтарсан судалгаа хийгдсэн. Цаашдаа гэрээ хэлэлцээр явагдах ёстой. Процесс дөнгөж эхлээд явж байгаа гэсэн үг. Монгол Улстай Чөлөөт худалдааны хэлэлцээртэй улс гэхээр зөвхөн Япон улс л байгаа. Гэвч энэ хэлэлцээр төдийлөн сайн хэрэгжиж чадахгүй байна. Хэрвээ чөлөөт худалдааны хэлэлцээрийг Монгол, Солонгосын хооронд хийвэл нийт худалдааны бараа эргэлтийн 90-ээс илүү хувийг татвараас чөлөөлөх зэргээр олон улсын хэмжээнд систем явдаг. Хоёр орны хөрөнгө оруулагчдын сонирхол нийлвэл татвараас чөлөөлөх, бараа чөлөөтэй орж гарах орчин бүрдэх боломжтой юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mm(66.181.161.33) 2021 оны 09 сарын 15

sonuud tom tom yraad suulden hoolnii gazar ajilluuldag hytduud harin zorigtoo shuu

0  |  0
Ард (162.158.179.216) 2021 оны 09 сарын 15

Энэ хүн нэг гарч харж байна аа, амжилт

0  |  0
h(124.158.68.139) 2021 оны 09 сарын 15

huts novshoo

0  |  0
Top