Цэргийн цол, урамшуулал горилсон ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИД иргэдийг хохироосоор...

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Сүүлийн жилүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгч нар ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэдийн тоо нэмэгдэх боллоо.

Манай сайтад ирүүлсэн иргэний гомдол мэдээллийн мөрөөр бид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг зорилоо. Биднийг очих үед, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хохирлоо барагдуулах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байх ба өрөөндөө тухлан суусан шийдвэр гүйцэтгэгч нар дотоод ажилтай хэмээгээд хохирсон иргэдэд үйлчлэхээс татгалзаж байх аж. Бидний мэдэж байгаагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “дотоод ажил” наймдугаар сарын 2-ны өдрөөс есдүгээр сарын 5-ны өдөр хүртэл хоёр долоо хоног орчим үргэлжилсэн. Мэдээлэл өгөх эрх хэмжээний нэг ч хүн байсангүй. 

Үнэхээр л дээд газрын захирамжаар дотоод ажил, хяналт шалгалт нь ажлын арван хоног үргэлжилдэг гэхэд эргэлзээтэй. Харин ажил хийхээс цааргалсан шийдвэр гүйцэтгэгч нар энгийн иргэдийн амыг таглах гэсэндээ ийн хэлж суудаг юм биш биз гэх бодол төрж байсан юм.

Хот хөдөөнөөс ирсэн, хэдэн төгрөгөө олж авах гэсэн хохирогч иргэд төрийн албаны хүнд сурталд дарагдаж, ажил төрлөө алдаж хөрөнгө мөнгөө үрэн таран хийж байгааг доорх хэргийн жишээгээр дурдая.

Монгол Улсын иргэн Т.Сарангуа 2009 онд бусдад 19 сая төгрөг залилуулжээ. Залилагч этгээд Г.Долгорсүрэн гэгч нь нийт дөрвөн хүнээс 100 гаруй сая төгрөг залилан авсан болох нь тогтоогдож, гурван шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн  Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр  буруутгаж, 11 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн гэмт этгээдээс хохирогч Т.Сарангуад 17 сая төгрөг гаргуулах тогтоол гарсан байдаг.

Хэрэг 2014 онд шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүнээс хойш бүтэн долоон жилийн хугацаа өнгөрсөн ч энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэг ч удаа явуулаагүй байна.

Энэ талаар хохирогч Т.Сарангуа хэлэхдээ “Одоогоор долоон жилийн өмнө шүүхийн тогтоол гарч, Г.Долгорсүрэн шоронд суусан. Мөн шүүхээс миний хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд гурван шийдвэр биелүүлэгч энэ хэргийг хариуцаж байсан. Одоо Баянгол дүүргийн 181-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Урангоо хариуцаж байгаа. Хэн нь ч ямар ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна.

Миний олж мэдсэнээр Г.Долгорсүрэн ял авснаасаа хойш хэдхэн жилийн дараа өршөөлийн хуулиар суллагдсан байсан. Их хэмжээний хохиролтой, залилангийн гэмт хэрэгтэн ямар ч байдпаар өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй, гэтэл яагаад энэ хүн эрх чөлөөтэй явж байгаа юм бэ. Хорих ангид байхдаа ямар нэг ажил хөдөлмөр эрхэлж байсан уу. Хэрэв хийж байсан бол түүний цалин хөлсийг хохирол барагдуулахад өгөх ёстой. Өнгөрсөн хугацаанд шийдвэр гүйцэтгэх ямар ямар ажиллагаа явуулсан бэ гээд шийдвэр гүйцэтгэгчээсээ асуухад “Шоронд байгаа үгүйг нь бид нар мэдэх боломжгүй, хаана байгааг нь мэдэхгүй. Хаяг мэдээлэл нь бид нарт харагддаггүй” гэдэг тайлбар өгсөн. Хэргийн явцын тухай асуух бүрд “Манайх дотоод ажилтай, утсаар ярь” гэдэг.

Нөхцөл байдал ийм болсон болохоор би хувийн шугамаар хөөцөлдөж байж Г.Долгорсүрэнгийн тухай мэдээллийг олж авсан. 2014 онд өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан гэсэн мэдээлэл олоод, оршин суугаа хаяг, утасны дугаарыг нь хүртэл өгсөн. Ядаж энэ хүнийхээ дансыг битүүмжлээд ямар нэг арга хэмжээ явуулж өгөөч гэдэг.

Намайг ингэж хөөцөлдөж эхэлснээс хойш, Г.Долгорсүрэнгийн байршил хаягыг мэдэхгүй гэж байсан нь өөрчлөгдөөд “Хорих ангиас сүрьеэгийн оношоор суллагдсан. Хаяг руу нь бичиг явуулсан” гэх мэтээр ярьж эхэлсэн. Анхнаасаа надад худал ярьж, албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байсан гэж бодож байна. Цаашлаад өмнөх шийдвэр гүйцэтгэгч болон гэмт хэрэгтэнтэйгээ үгсэн тохиролцож, хохирол барагдуулахаас зайлсхийж байна гэж хардаж байгаа. “Та ингэж яваад өөртөө ч бид нарт ч ажил удаж байна. Ирэх бүрдээ доор хураамж төлж байгаа чинь бараг авах мөнгөнөөсөө их зардал болно” гэж хэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт надтай адилхан асуудалтай тулгарсан олон хүн шийдвэр гүйцэтгэгч нарыг хүлээгээд суудаг. Яг ижилхэн тайлбар сонсоцгоогоод байж байна. Энэ бүх хүмүүс төрийн алба, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдолтой байгаа. Энэ асуудлаар хэнд хаана хандах ёстой юм. Ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь гомдол гаргах л бодолтой байна” гэж ярьлаа.

Ганцхан хэргийн жишээг дурдахад л энэ байна. Төрийн албаны хүнд суртал иргэдийг ингэж л “тамладаг”.

Одоогоос 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинээр батлагдсан. Энэ хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын урамшууллын системийг хассан байдаг. Өмнө нь буюу 2002 оноос хойш үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэгчид нь гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгээр урамшууллын мөнгө авч байсан. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч барагдуулсан мөнгөнийхөө тодорхой хувийг өөртөө урамшуулал хэлбэрээр цалингаас гадуур авдаг байсан гэсэн үг.

Тэгвэл 2017 онд хууль шинэчлэн батлагдсанаар энэ эрхзүйн зохицуулалтын үйлчлэл дуусгавар болж, урамшуулал авахаа больсон тэр цагаас хойш шийдвэр гүйцэтгэгчид ажлаа хийхээс цааргалах болсон тухай хуулийнхан дотроо ярилцдаг юм билээ. Бүр дээд шатандаа хүртэл энэ тухай судалгаа гаргаж, 2019 оноос эхлээд нийт шийдвэр гүйцэтгэгч нартаа цэргийн цол олгож эхэлсэн байдаг.

Гэлээ гээд энэ албаны ажил сайжирсан гэвэл үгүй. Шийдвэр гүйцэтгэх газрын үүдэнд нэг л өдөр өнжихөд л хэн бүхэн үнэлгээгээ тавьчихна.

Харин энэ байдал хэзээг хүртэл үргэлжлэх вэ?

Зэрэг цол, цалин урамшуулал горилж ээж аавдаа “эрхэлсэн” хүүхэд шиг суугаа алба хаагчдад хэн хариуцлага тооцох вэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хэзээ ажлаа хийх вэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудаас дээрх асуултуудад иргэдийн өмнөөс хариулт нэхэж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(172.69.252.140) 2021 оны 09 сарын 15

Ajilaa hiij chadahgui bol chaddag hvmvvsiig ni tawimaar yum

0  |  0
Zochin(172.69.252.140) 2021 оны 09 сарын 15

Ajilaa hiildee neeh hvnd surtaltai yrwaisan yumnuud l bdin

0  |  0
Зочин(172.69.252.138) 2021 оны 09 сарын 15

Төрийн албан хаагч гэж төрөөс цалин цол цолны мөнгө авч төрөөс унаа хоол ажлын байраар хангуулж бас хохирсон хүмүүсээс ажиллагааны зардал гэж авдаг байж юун урамшуулал вэ. Сайн ажиллаж байж авдаг юм биш үү хэл амтай ажил хийсэн гэж авах юм уу хийхгүй л байгаач.

0  |  0
bii(172.69.45.138) 2021 оны 09 сарын 15

shiidver guitsetgel mash muu udaashraltai yavagddAG GAZAR BNLEE.HUULIA ZASAJ SAIJRUULAHGUI BOL BUTEHGUI E.BI BAS ENE GAZRAAS SHIIDVER GUITSETGEGCHIIN BURUUTAI AJILLAGAANAAS BOLJ HOHIROOD YAVJ BGA HUN BN.

1  |  0
зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 15

шийдвэр гүйцэтгэгч нар одоо цаг үед ажиллахад хэцүү болсон.Их хэмжээний зээл авсан ,залилан хийсэн улс урьдаас бэлдэж өмч хөрөнгө юу ч байхгүй юмнууд болсон.Шүүх шийдвэрээ гаргана ялаа эдлэнэ хохирол.барагдуулна гэж байхгүй. Шийдвэр гүйцэтгэгч нар.их л бодож данс битүүмжилнэ, мэдэгдэл өгнө өөр.аргагүй болсон шүү дээ. Хохирсон нь ч ,хохирол.барагдуулж байгаа нь хэцүү болсон. Харин өрийн шорон байгуулж хохирол.барагдаж дуустал.нь.барилга зам гэх мэт бүтээн байгуулалт дээр албадан хөдөлмөр.эрхлүүлж хохирол барагдуулдаг хуультай болох хэрэгтэй

2  |  0
зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 14

шийдвэр гүйцэтгэгч нар одоо цаг үед ажиллахад хэцүү болсон.Их хэмжээний зээл авсан ,залилан хийсэн улс урьдаас бэлдэж өмч хөрөнгө юу ч байхгүй юмнууд болсон.Шүүх шийдвэрээ гаргана ялаа эдлэнэ хохирол.барагдуулна гэж байхгүй. Шийдвэр гүйцэтгэгч нар.их л бодож данс битүүмжилнэ, мэдэгдэл өгнө өөр.аргагүй болсон шүү дээ. Хохирсон нь ч ,хохирол.барагдуулж байгаа нь хэцүү болсон. Харин өрийн шорон байгуулж хохирол.барагдаж дуустал.нь.барилга зам гэх мэт бүтээн байгуулалт дээр албадан хөдөлмөр.эрхлүүлж хохирол барагдуулдаг хуультай болох хэрэгтэй

0  |  0
зочин(192.82.80.66) 2021 оны 09 сарын 15

шүүхийн шийдвэр гэж биелэгдэхээ больсон юм биш үү урамшуулал өгөх үү гүйцэтгэсэн ажлаас нь хувь өгөх үү л гэж авч хэлэлцэх хэрэгтэй дээ хэл амтай ажлыг хэн зүгээр хийхэв дээ

2  |  0
Top