Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал грек цагаан толгойн хаана хүрч дуусахыг бид мэдэхгүй

2021 оны 09 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд өнөөдөр /2021.09.13/ болж байна.

Зөвлөлдөх уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Түүхий эдийн ханш төсөөлснөөс өндөр өсөлттэй байгаа ч экспортыг эрчимжүүлж байж хүндрэлээс гарна. Цар тахлын нэн хүнд нөхцөлд та бид амьдарч байна. Энэ үеийг эвлэлдэн нэгдэж, эрсдэлийг боломж болгож байж даван туулна. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд асуудлыг нэг цонхоор харж байгаа. Тийм учраас өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс зөвлөмж гаргасан.

Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь дэлхийн улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд, улс орнуудын тавьж буй тээврийн шаардлага, дүрэм журам ялгаатай байна. БНХАУ гэхэд ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. Цар тахал гэдэг бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа.

Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй байснаас үүдэж инфляц өссөн байна.  Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 1990-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь том агшилт юм. Цар тахал дэлхийн бүх улсад хүндрэл учруулж байна. Өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй.

Цар тахал грек цагаан толгойн хаана хүрч дуусахыг бид мэдэхгүй. Эрүүл мэндээ анхаарахын сацуу эдийн засгаа ч хамтад нь анхаарч явах, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ” гэхчлэн хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top