“АШУҮИС-ийн спортын алдартнууд” ном гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Ирэх жил АШУҮИС-ийн 80 жилийн ой тохионо. Тус сургуулийг төгсөгчдийн холбооноос түүхт ойгоо угтан таван боть ном цувралаар гаргахаар төлөвлөсний дөрөв дэх нь өнөөдөр нээлтээ хийв. “АШУҮИС-ийн спортын алдартнууд” нэртэй энэхүү номонд тус сургуулиас төрөн гарсан спортын зэрэг цолтой 200 гаруй хүнийг намтар түүх, гаргасан амжилттай нь оруулжээ.

АШУҮИС хэдийгээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэн гаргадаг ч спорт, олимпизмтэй тун ойр байдаг, спортлог хамт олон. Өнгөрсөн жилүүдэд тус сургуулиас улсын цолтой бөх дөрөв, улс, аймгийн мэргэн цолтой харваач дөрөв, улс, аймгийн алдар цолтой уяач зургаа, ОУХМ цолтой тамирчин 22, спортын мастер 120, дэд мастер цолтой есөн хүн төрөн гарсан байна.

Номыг АШУҮИС-ийн профессор, биологийн ухааны доктор, гавьяат багш А.Гүрбадам, АШУҮИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн, анагаах ухааны доктор Ц.Түвшинжаргал, АУИС-ийн 1994 оны төгсөгч, “Ивээл буудай” ХХК-ийн ерөнхий захирал О.Баттөр, АШУҮИС-ийн АУС-ийн багш, сагсан бөмбөгийн ОУХМ М.Бадрах нар хамтран бичиж, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар хянан тохиолдуулжээ.

Номын нээлтийн үеэр спорт, олимпизмийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж зарим хүнийг МҮОХ-ны дээд шагналаар шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулан өгөв. Тухайлбал, “Алтан очир” одонгоор номын зохиогч А.Гүрбадамыг, Олимпийн алтан медалиар Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, клиникийн профессор А.Аюурзана нарыг шагнаж урамшуулсан юм.

МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top