ОЛОН ӨНГӨ: Дутуугийн зовлон

2021 оны 09 сарын 10

Биднийг багад хов зөөдөг хүүхдийг томчууд тэвчдэггүй байж билээ. “Чиний л буруу биз” гээд зэмлээд явуулдаг. Тэр хүмүүжил төлөвшлөөр хов ярих, гомдол тоочих, зовлон ярих дургүй. Хүн бүхэнд асуудал, амьдрал бий. Тэр бол бидний өөрийн л сонголт болохоос хэн нэгэн албадаж ийм ачаа үүрүүлээгүй шүү дээ. Бид ч бас энэ зарчмаараа хүүхдүүдээ өсгөж буй. Хайраар дүүрэн өссөн болоод ч тэр үү хүнд атаархах, ялих шалихгүй хэрүүл хийх, явган яриа, хов живэнд тун дургүй.

Бидний өвөг дээдэс бурууд хатуу, зөвд зөөлөн, үнэн явахыг сургадаг. Тиймдээ ч, хэлмээр үг байвал шуудхан улаан нүүрэн дээр нь хэлж орхидог. Энэ нь ч сэтгэлд тээшгүй амар байдаг юм. Гэтэл өнөө цагт шударга шулуун зан тийм ч зохимжтой биш болсон шиг. Бага зэрэг дулдуйдаж, ая тал зассан, дүр эсгэсэн, инээж ханиасан нэг нь л хол яваад байх шиг. Бас их гоё ярьдаг, гэмгүй дүртэй, хүний төлөө юм шиг хэр нь хөнгөхөөн шиг тэр хүнээ магтангаа матаж, замаасаа дэвшүүлэн зайлуулдаг ч хүмүүс байна.

Чимээгүйхэн суух атлаа үнэн халуун сэтгэл нь аргалын цог шиг дотроо нуугиж байдаг хүн байдаг даа. Наанаа налж, наалинхайтаад, сүжирхэж сүйд болоод байхгүй хэр нь үнэний өнгийг ялгадаг, үгний ухаан таньдаг хүмүүс л их сайхан. Тийм хүмүүс бусдад дандаа сайн сайхныг хүсэн ерөөж, харц нь гэрэлтэй явдаг юм. Итгэл, сэтгэл, хайраар элбэг хангалуун бялхаж өссөн байдаг.

Заримдаа хоёр, гурван баг зүүгээд хорвоогоор нэг хов хутгаж яваа хүмүүсийг харахаар ээж, аав нь багад нь хов зөөгөөд ирэхээр нь их л өмөөрдөг, өөгшүүлдэг байж дээ гэж бодогдох, эсвэл дутуугийн зовлонд хатаж, атаархлын сүүдэрт жиндэж өсөж дээ гэж санагдах.

Ээ дээ, хүний мөн чанар гэдэг өссөн хүмүүжил, орчин мөн ч их чухал шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top