Афганы Засгийн газар Гуантанамогийн хоригдол, толгойлогчдын хүүхдүүдээс бүрджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Талибууд Афганистаны шинэ түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлажээ. Афганистаны дээд удирдагч буюу амир нь талибуудын тэргүүн, шейх Хибатулла Ахунзада байх ажээ. Тэрбээр шашиндаа үнэнч, шариатын хуулийг нэвтрүүлэхийг дэмждэг гэдгээрээ алдартай. Ахунзадагийн амь насыг хөнөөх оролдлого хоёронтоо гарч байсан бөгөөд 2019 онд үйлдэгдсэн халдлагын үеэр түүний дүү болон эцэг нь амиа алдсан юм. Харин шинэ Засгийн газрыг Хасан Ахунд тэргүүлэх бөгөөд түүний орлогчоор Абдул Гани Барадар, Абдул Салам Ханафи нар ажиллах юм байна.

• Ерөнхий сайдын үүргийг Шура буюу талибуудын  удирдлагын зөвлөлийн тэргүүн Хасан Ахунд гүйцэтгэнэ. Тэрбээр талибуудын өлгий нутаг гэгддэг Кандагараас гаралтай бөгөөд тус хөдөлгөөнийг 1996-2001 онд засгийн эрх барьж байх үед Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, Гадаад хэргийн сайд, Кандагар мужийн захирагчаар ажиллаж байжээ.

• Шадар сайд Абдул Гани Барадар нь бүлэглэлийн  улс төрийн албаны удирдагч нь юм.

• Өөр нэг Шадар сайдаар талибуудын Катар дахь улс төрийн газрын орлогч дарга Абдул Салам Ханафиг томилжээ.

• Батлан хамгаалахын сайдын үүргийг Мухаммед Якуб Мужахид буюу Мулла Якуб гүйцэтгэнэ. Тэрбээр  уг хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Мулла Омарын хүү юм. Мулла Омар 2013 онд нас барсан.

• Гадаад хэргийн сайдын үүргийг гүйцэтгэх Амир Хан Моттаки өмнө нь  Талибан хөдөлгөөний удирдагчдын комиссын даргаар ажиллаж байжээ.

• Гадаад хэргийн дэд сайдын албыг Шер Мохаммад Аббас Станикзай хаших юм байна. Тэрбээр Талибан хөдөлгөөний улс төрийн газрын орлогч даргаар ажиллаж байсан.

• Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэх Сиражуддин Хаккани нь  “Хаккани сүлжээ” террорист байгууллагыг үүсгэн байгуулагч Желалуддина Хакканигийн хүү юм.

• Абдул Хак Васик Тагнуулын даргаар томилогджээ. Тэрбээр 2002-2014 онд Гуантанамо дахь Америкийн шоронд хоригдож байжээ.

• Сангийн сайдын үүргийг Кари Дин Мохаммад Ханиф гүйцэтгэх юм байна.

• Соёл, мэдээллийн сайдын үүргийг Хайрулла Хайрхва гүйцэтгэх юм байна. Тэрбээр 2002-2014 онд Гуантанамод хоригдож байжээ. Өмнө нь  талибууд Засгийн газраа бүрдүүлэхдээ олон талын оролцоог хангасан, Афганистаны угсаатны нарийн бүтцийг төлөөлсөн хүмүүс багтаана гэж амлаж байлаа. Гэтэл эмэгтэйчүүд энэ засагт багтаагүй бөгөөд сэтгүүлчид шалтгааныг нь асуухад танхим бүрдүүлж хараахан дуусаагүй гэж бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Иргэд талибуудын шинэ эрх баригчдаас аюулгүй байдлын баталгаа, хилээр чөлөөтэй зорчих эрх шаардаж, Кабул хотын төвд жагсаад байна. Талибуудын дэглэмийг хамгийн их дэмждэг улс нь Пакистан бөгөөд сүүлд 2001 онд АНУ-ын цэрэг Афганистаныг эзлэхэд тус бүлэглэлийн удирдагчдыг нутаг дэвсгэртээ орогнуулж байсан юм.

Пакистаны Тагнуулын албаны дарга Файз Хамед өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд ирээд буцсан тухай мэдээ Афганий олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Тэрбээр өөрийн Элчин сайдтай уулзах гэж ирсэн хэмээж байгаа ч талибуудтай уулзсан байх магадлал өндөр аж. Өнгөрсөн мягмар гарагт болсон  жагсаалыг  тараахын тулд талибууд агаарт хий буудаж анхааруулга өгсөн байна. Мөн үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчдийг түр саатуулаад суллажээ.

Өнгөрсөн даваа гарагт тали өөрийнх нь дэглэмийг эсэргүүцэгч сүүлчийн хүчийг Панжширийн хөндийд ялснаа зарласан юм. Энэ үеэр Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихуллах Мужахид “Бослого тэмцэл гаргахыг санаархсан хэнийг ч бид хатуу шийтгэнэ. Дахин бослого гаргуулахгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top