Ялдаг биш, нэр дэвшдэг Б.Найдалаа

Ж.Баяр | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Ирэх аравдугаар сард УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль болно. Тодруулбал, Хэнтий аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сонгинохайрхан дүүрэгт хотын дарга Д.Сумъяабазарын зай онгойчихоод байгаа юм. Уг сонгуульд өрсөлдүүлэхээр УИХ-д суудалтай намуудын илгээсэн нэр дэвшигчдийг манай сонин онцлон сонирхуулж байгаа. АН, МАН-ын нэр дэвшигчдийн тухай өмнө нь өгүүлсэн. Энэ удаа ХҮН буюу Зөв хүн-Электорат эвслээс УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Бадрахын Найдалаагийн тухай дурдана. Монголын улс төрд хачин, содон дүрүүд олон бий. Ийм дүрүүдийн талаар ярихдаа хүмүүс мандан бадралыг нь эсвэл уналт доройтлыг нь онцолдог. Харин Б.Найдалаагийн хувьд зүгээр л улс төрд байдаг хүн гээд танигдчихсан нөхөр л дөө. Учир нь 2015 оноос олны анхаарлыг татаж эхэлсэн Хөдөлмөрийн үндэсний намын удирдаж явсан энэ эр удаа дараагийн том, жижиг сонгуульд нэр дэвшдэгээрээ алдартай. Гэвч өнөөгийн байдлаар Чингэлтэй дүүргийн ИТХ-д л ялалт байгуулсан амжилттай яваа юм. 

Улсын Дээд шүүхийн бүртгэлээр бол ХҮН 2011 онд байгуулагдсан юм билээ. Яахав, Эх орон нам, Ард түмнээ хайрлая нам, Бүгд найрамдах нам гэдэг шиг нэг хүн төлөөлдөг халаасны нам байж. Тэгтэл 2015 оноос энэ нам хэсэг өндөр боловсролтой хэмээгдэх залуусын гарт шилжиж байгаагаа зарлалаа. Дарханы төмөрлөгийн гэдэг алдартай Тордойн Ганболд ч давхиж очсон, “Босоо” хэмээх С.Ганбаатарыг ч 2016 оны сонгуулийн өмнө урив. Өөрсдөө толгой дааж явахын оронд мөнгөтэй хүн рүү ч нэг очиж наалдаад, улс төрд “поп” гэдгээрээ алдартай хүнийг ч урьж залсаар дотроо хагаралдаж орхив. Үүнээсээ болоод 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо тултал “нам ч үгүй, мам ч үгүй” болчих нь тэр. Тухайн үед хотоор нэг таран нэр дэвшсэн ХҮН-д байсан гэх тодотголтой бие даагч залуусын манлайд энд дурдагдаж буй Б.Найдалаа байлаа. 2016 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын 65 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч тэр тойргоос Ө.Энхтүвшин УИХ-д суусан байдаг. Мань эр танигдаж ч амжаагүй явсан болохоор нэлээд хойгуур давхиж л дээ.

2020 оны УИХ-ын сонгуулийн босгон дээр ирэхдээ ХҮН-ынхан бусдын хүчинд дулдуйдаж явах хэрэггүй юм байна гэдгээ ойлгосон бололтой. Гэвч тэр шийдвэр нь тэднийг нам гэхээсээ найз нөхдийн клуб маягийн бүтэцтэй болгочихсон мэт харагддаг. ХҮН гэхээр л Т.Доржханд, Б.Найдалаа гэж ойлгогдоод байдаг нь өнөө л “халаас”-ны тодотголтой намуудыг санагдуулж байгаа биз дээ. 2020 оны сонгуулиар Т.Доржханд нь УИХ-ын гишүүн болж чадлаа. Харин уг сонгуульд ХҮН-ын дарга статустай орсон Б.Найдалаа ялагдав. Тэрбээр, УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн боловч гурван мандаттай тус тойргоос 14.8 хувийн дэмжлэг авсан үзүүлэлтээр долоодугаарт жагссан юм. Тус тойргийн эхний гуравт МАН-аас нэр дэвшигчид байсан бол дөрөвт “Буян”-гийн хэмээх Б.Жаргалсайхан жагсаж байж. 

Хамгийн сонирхолтой нь, ХҮН-аас УИХ-д нэр дэвшээд ялагдсан цөөнгүй хүн залгаад аравдугаар сард болсон аймаг, дүүрэг, сум, хорооны ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байлаа. Намын дарга Б.Найдалаа ч мөн адил. Тэдний намаас хоёр хүн НИТХ-д ялалт байгуулж чадсан. Харин Б.Найдалаа Чингэлтэй дүүргийнхээ ИТХ-д өрсөлдсөн тойрогтоо 875 хүний санал авч, хоёроор гарсан юм. Улс төрийн намтар гэвэл ингэсгээд болох байх. Сонгуульд том нам удирдаж ороод ялагдсан хүмүүсийн хувь төөрөг ер нь их адармаатай. Ихэвчлэн хараал зүхэл, хорсол зэвүүцэл дунд ажлаа өгөөд чимээ алдрах замыг сонгодог. Тэгвэл Б.Найдалаагийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард баяр ёслолын байдалтай, инээд цалгисан орчинд өөртөө цаашдын замдаа баяр хүргүүлээд УИХ-ын гишүүн болсон Т.Доржханд найздаа албан тушаалаа өгч байлаа. Нам нь жижиг болохоор өөр юу ч хүлээх билээ дээ.

Увсаас гаралтай гэж өөрийгөө тодорхойлдог, Чингэлтэй дүүрэгт болсон сонгууль бүрд өрсөлддөгөөрөө танигдсан тэрбээр энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд нэр дэвшихээр шийджээ. Сонгинохайрхан дүүрэгт нэртэй зүстэй явсан АН, МАН-ын олон эрчүүд намаасаа нэр дэвшиж чадалгүй “нулимсаа нуугаад” үлдсэн тойрог гэхээр Чингэлтэйн Иргэдийн хурлын төлөөлөгчид нэлээд хатуу л тусах байх. Б.Найдалаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа улс төрийн өнгө аясыг Сонгинохайрханыхан шийдэх боллоо гэх мэтээр ярьжээ. Бас ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлсэн үзүүлэлтээрээ улс төрийн хоёр дахь хүчин болсон гэсэн байна лээ. Улс төрийн өнгө аяс 2024 он хүртэл өөрчлөгдөх нь өнгөрсөн. Харин өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН-аас нэр дэвшсэн “Датаком”-ын гэх Д.Энхбат 20 хувийн санал авсан нь ХҮН-ын нэр хүнд гэхээсээ АН-ын хагарал, МАН-ын улс төрийн найрууллын үр дүн юм. С.Эрдэнэ үзэн ядагдаж, Д.Энхбат сонжуулсаар л таарсан биш бил үү. Б.Найдалаагийн хувьд Санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн, Японы Кобэ их сургуульд Эдийн засгийн ухааны магистр хамгаалжээ. СЭЗДС-д багшилж, Анод банк, ХААН банк, МСS групп, Ногоон зээлийн санд ажиллаж, ХҮН-ын дарга явсан намтартай нэг гялалзсан эр нөхөн сонгуулийг ч алгасахгүйгээр шийдсэн юм байна. Энэ сонгуульд амжилт үзүүлэхийг нь таахад эрт байна. Гэхдээ гарсан үр дүнгээс үл шалтгаалан ирээдүйд ХҮН-аас дахин нэр дэвших нь бол ойлгомжтой зүйл юм даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top