Б.Баянбат: Цөмийн хаягдлыг аюулгүй болгох технологи дэлхийд байхгүй

2021 оны 09 сарын 11

Монгол Улсад ураны хайгуул, олборлолтын компани үйл ажиллагаа явуулсан цагаас эхлээд уран гэгч ашигт малтмал олны анхаарлыг татах болсон. Учир нь уран олборлолт нь байгаль экологид ноцтой хөнөөл дагуулдаг. Тиймээс ч ураны лиценз олгогдсон орон нутгийн иргэд, иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн төлөөлөл энэ талаар олон жилийн туршид тууштай тэмцсээр ирсэн. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл болсон тэмцэгч Б.Баянбаттай ярилцлаа.


-Таны хувьд Монголд уран олборлуулахын эсрэг тууштай тэмцдэг хүний нэг. Ярилцлагаа уран гэж яг юуг хэлээд байгаа талаар эхлүүлье?

-Уран бол байгальд дангаар оршдоггүй, дэлхийн дулааны хэмийг тэнцвэржүүлэн хадгалдаг цацраг идэвхт бодис. Дэлхий дээр түгээмэл. Байгалийн тунгаар бол гайхамшиг. Нөгөө бидний эрчим энерги авахаар очдог бүх газарт байдаг. Харин түүнийг задралд оруулж, тун хэмжээг өөрчилснөөр нөгөө л үхэл сүйрлийн гол буруутан болчихоод буй.

-Манай улсад одоогийн байдлаар ашиглалтын болон хайгуулын хэчнээн лиценз олгогдоод байгаа вэ?

-Монгол Улс уран буюу цацраг идэвхит бодисын ашиглалтын ес, хайгуулын 33-42 тусгай зөвшөөр­лийг олгосон гэсэн мэдээлэл бий.

-Хаана, хаана олгогдсон байдаг юм бэ?

-Архангай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь зэрэг найман аймгийн нутагт олгосон. Дандаа тахилга шүтлэгт уул ус, байгалийн үзэсгэлэнт газрууд, улс орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ойр хавь, сав газрууд, хамгаалахаар төлөвлөгдсөн газрууд орчихсон. Тухайлбал, Дорноговь аймагт Хамрын хийд, Бүрдэнэ булаг рашаан, Хар Загийн шугуй, Дундговь аймагт Говь гурван сайхан, Хэнтий аймгийн Онон Балжийн сав газар, Сүхбаатар аймагт Дарьгангын байгалийн цогцолборт газар Алтан-Овоо, Хатиганы тахилгат Зотолхаан уул, Дорнод аймагт Яхь нуур, Архангай аймгийн Хүннүгийн гол модны булш, Далтын овоо гэх мэт монголчуудын шүтээн болсон газар оронд ураны лиценз олгогдсон байдаг.

-Одоогийн байдлаар ураны олборлолт хайгуулын ажил хаана хамгийн их идэвхтэй хийгдэж байна вэ?

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэр дээр Францын Арева компанийн охин компани “Бадрах энержи” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн үйл ажиллагаа явуулж байгаа Зөөвч овоо орд дээр урьд өмнө Аревагийн охин компани “Кожеговь” туршилтын олборлолт хийсэн байдаг. Энэ хоёр компани хоёулаа Аревагийн охин компани юм. Өнгөрсөн хугацаанд туршилтын олборлолт хийхдээ тус компани технологийн горим алдаж, тухайн бүс нутаг химийн бодист хордсон байдаг. Учир нь тус компани нь байгаль дээр уусган баяжуулах аргыг ашигладаг  юм билээ.

-Газар доогуур уусган баяжуулж олборлох гэж юуг хэлээд байна?

-Хамгийн хачирхалтай нь  өнгөрсөн хугацааны олборлолтыг туршилтын олборлолт гэж нэрлэсэн байх юм. Уран олборлох аргыг  л Монголд туршиж буй бололтой. Нарийвчилсан үнэлгээнээс үзэхэд гүний усаар хүхрийн хүчлийн уусмал хийж, өндөр даралтын шахуургаар шахан ураныг нь уусгаж авах юм байна. Ямарч байсан төслийн талбайн орчмын усыг хоол унд, мал аж ахуй, хөдөө аж ахуйд хэрэглэх боломжгүй гэж бичиж. Чулуулгийг их өөрчлөхгүй гэж томьёолж, их бага нь ямар ойлголт болохыг мэдэж чадсангүй. Гүний усанд оруулсан химийн бодис нь байгалийн жамаар концентрац нь буурч зохиролдоо орно гэжээ. Ямар хугацаанд гэдэг нь бас л алга. Цацраг идэвхийн нөлөөлөл мянга, сая жилээр яригддаг юм билээ. Төслийн хугацаанд хор нөлөөгүй гэжээ бас. Юутай ч нөхөн сэргээлтийг байгаль ээж өөрөө хариуцах юм байна, уранаа аваад явснаас хойш юу болохыг тэнгэр л мэдэх юм байна гэж л ойлголоо.Уусгах хугацаагаа богино 2-5 жил гэжээ. Тэдний төлөвлөгөөгөөр 2017 онд үйлдэрлэлийн туршилт эхэлнэ гэжээ. 2018 оноос хэсэг зогсоож, үр дүн, нөлөөллөө хянана гэсэн байна. Өртөг зардал нь 6.6 сая доллар бөгөөд туршилтын хугацаанд 20 тонн уран олборлоно гэж байжээ. Хугацаагаар нь бодох юм бол туршилтаа хийчихсэн, энэ 20 тонноо гаргаад авчихсан юм биш үү. Хэдхэн торх л болох юм гэж бичсэн байна. Компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь нэг иймэрхүү. Хамгийн гол нь байгаль экологид асар их нөлөөтэй энэ ашигт малтмалыг манай улс үйлдвэрлэснээр Монголын ирээдүй, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх нь бүрхэг байгаа юм.

-Улс эндээс хэдэн төгрөгийн ашиг олсон, олох гээд байгаагаа ард түмэндээ хэлэх цаг болсон. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Францын санхүүгийн прокуророос Арева буюу Орано компани зөвлөх Eurotradia international компаниараа дамжуулан Монголын төр засгийн албан тушаалтнуудыг авлигадсан талаар шүүхэд хэрэг үүсгэж, 2018 оны 12 дугаар сард хурал нь болсон байна. Энэ юу болоод өнгөрчихөв өө. Улсад төлөх ашгийг тэглэчихсэн юм биш биз дээ. Дундаас нь очиж авлига нэхэж аваад нөгөө оффшортоо хийчихэж чадах хүмүүс бий шүү.

-Улаанбадрахчуудыг уранд хордсон, хордоогүй гэж ярих юм. Таны бодлоор?

-Улаанбадрахчууд одоо айгаад, нуугаад байлгүй гарч буй нөлөө, үхэл зовлонгоо бүртгэж, гаргаж тавьсан дээр. Нөхөн төлбөрөө олж ав. Ураныг уусгана гэхээр хагас задрал явагдаж, дагалдах металлууд, цацраг идэвхт хаягдал болох эрсдэлтэй гэж яриад байна. Юутай ч мал олноор үхэж үрэгдэн, гаж төл хэвийн үзэгдэл болсон. 2014 онд намайг газар дээр нь очиход малынхаа дотор гэдсийг идэх боломжгүй болчихсон байсан. Ашигласан ус шалбаагаас уусан үхэр тугал хордож үхсэн хэрэг мандаад дарагдсан. Хүний өвчлөлийг бол судлаагүй. Улсын дунджаас хоёр дахин өндөр гэсэн статистик харагдсан.

Ямар ч байсан ийм бүрхэг “нарийвчилсан үнэлгээ”-гээр асуудал шийдэхгүй байх аа. Энэ үнэлгээндээ БОАЖЯ хянан магадлагаа хийх шаардлагатай.

-Уран бол цөмийн зэвсгийн гол түүхий эд. Монгол Улс Цөмийн зэвсэггүй байх Олон улсын тунхагт нэгдэн гарын үсэг зурсан байдаг. Гэтэл ураны энэ үйлдвэрлэл нь цөмийн зэвсэггүй байх статусаа биелүүлж байна уу?

-Монгол Улс 2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар Цөмийн зэвсэггүй статусыг зарлан баталгаажуулсан бөгөөд тус Тунхаглалд АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц Улс гарын үсэг зурж, НҮБ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл манай улс цөмийн зэвсгийн анхдагч түүхий эд болох ураны исэл буюу “шар нунтаг”-ийг хайх, олборлох үйл ажиллагааг явуулж байгааг юу гэж ойлгох вэ. Харин одоо үй олноор хөнөөх цөмийн зэвсгийн материал үйлдвэрлэхгүй гээд зарлачихвал дэлхийг дэлдийлгэх гээд байдаг. Ийм үлгэр жишээ эко улс од болох цаг ирлээ.

-Манай улсад ураныг олборлох ёстой, дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр учраас энэ төрлийн ашигт малтмалын олборлолт явуулах нь дэл­хийд гайхагдсан дэвшилтэт үйлдвэрлэл гэж тайлбарлах хүмүүс байдаг. Гэтэл дэлхийн хөгжингүй улс орнууд өөрийн газар нутагтаа ураныг олбор­лохоос татгалздаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Үнэхээр ураны үйлдвэрлэл хоргүй юм бол томоохон их гүрнүүд өөрийнхөө газар нутаг дээр уран олборлоод байх нь яасан юм.  Та бүхэн Германыг хар.  Германчууд цөмийн эрчим хүчнээс татгалзсан агуу ард түмэн гэж ХБНГУ-ын Бундестагийн индрээс омог бардам тунхаглахыг хүн төрөлхтөн харсан. Өдгөө дэлхий нийтэд уран олборлосон улс орнууд хаягдлаа яах вэ гэсэн том асуудалтай нүүр тулж, толгойгоо гашилгаад байна. Уран гэдэг бодисоосоо илүү ураныг олборлох процесс, түүний хаягдал нь хамгийн их хортой юм билээ. Эх сурвалжуудаас өгч буй мэдээллээр Монгол Улсад ураны хаягдал булшлах том гэрээ  байгуулагдсан байхыг ч үгүйсгэхгүй юм. Тийм болохоор энэ асуудлыг манай төрийн эрх мэдэлтнүүд онцгой анхаарч, ирээдүй хойчоо бодсон төрийн бодлогыг хэрэгжүүлэх учиртай юм.

-Ураны асуудлаар ард түмэн, иргэний нийгмийн төлөөллүүд үргэлж тэмцдэг. Гэвч өдийг хүртэл үр дүнд хүрсэнгүй?

-Үндсэн хуульд маань төрийн эрх барихад ард түмэн төлөөлөгчөөрөө болон шууд оролцоно гэж байдаг даа. Тэрхүү “шууд оролцох” гол механизм нь Өргөдлийн байнгын хороо юм билээ. Тиймээс манай ард иргэд энэ асуудлаар Өргөдлийн байнгын хороонд өөрийн хүсэлтээ илгээх хэрэгтэй.

-Уран бол онцгой ашигт малтмал. Энэ ашигт малтмалын олборлолт хийгээд төрөөс баримтлах бодлогын талаар тодорхой хууль журам батлагдсан байдаг уу?

-Цөмийн энергийн хууль 2009 онд жинхэнэ гурилдаж батлагдсан гэгддэг. 2015 оны хоёрдугаар сарын 13-нд буюу Цагаан сараар нөгөө баяр далимдуулдаг хулгайн замаар орж, ноцтой нэмэлт өөрчлөлтүүд орсон. Цөмийн болон цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүхий л зохицуулалтыг хийж аваад хаягдал булшлах олон улсын гэрээгээ байгуулж, 2016 оны хоёрдугаар сард мөн Цагаан сараар ээлжит бус чуулган зарлаж, УИХ-аар соёрхон батлуулах гэж байгаад нэг юм баригдаж түр хойшилсон. Цөмийн зэвсгийн эсрэг конвенц гээд байхаар итгэчихсэн явж байтал нэг хүн юу ч гэсэн чи үзээч гэхээр нь ухаад үзтэл, цусгүй алах юм явж байж билээ. Тэр үеийн УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хэлтэл тэр дороо хэвлэлийн хурал хийж, бид хэд ордон дотор чадлаараа гүйж, ордны гадаа тэмцэгчид шар нунтаг цацаж олны анхаарлыг татсанаар нэг юм тормоз гишгэж байлаа. Эгзэгтэй шүү. Стратегийн ашигт малтмал гэж нэр өгөөд гол мөрөн нуур усны эх, ойн сан бүхий газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх хууль үйлчлэхгүй гээд хүртэл заачихсан. Хор аюулаар нь бол харин ч эсрэгээр хоригломоор л юм.

-Ураныг олборлуулахгүй гэж байгаагийн гол асуудал нь түүний хор хөнөөл байдаг. Энэ талаар?

-Цацраг идэвхит бодисын хор нөлөө нь генийн мушгиаг задлах, мутаци үүсгэж, хорт хавдар, үргүйдэл, зулбалт (амьгүй ураг) ургийн гажиг, саажилт, оюун ухааны хомсдолд хүргэхээс гадна удамшдаг болохыг шинжлэх ухаанаар тогтоосон. Ураны хайгуул, олборлолт эхэлмэгц л мал, амьтан олноороо хордож үхэх, гажигтай төл гарах, мал өвчлөх явдал газар авсан. Малынх нь хашаа өтөг бууц, малын хөрзөнгөөс цацрагийн идэвхжилт өндөр хувиар илэрч байна. Мал, амьтныг байгалийн индикатор гэж үздэг бөгөөд тус бүс нутагт малын төдийгүй, хүний өвчлөл, хорт хавдар, үр зулбалт улсын дунджаас өндөр байна. Улаанбадрах сум дээр жишээлэхэд ойр орчмын долоон сумын нутагт тархсан нь илэрч байна. Орон нутагт бэлтгэгдсэн мал мах, хүнсний бүтээгдэхүүн аймаг сумаар тогтохгүй, Улаанбаатар хот руу шууд нийлүүлэгдэж буй билээ. Улсын хэмжээнд зөвхөн хорт хавдрыг авч үзэхэд л аюулын харанга дэлдэж байна. Дэлхий дээр цөмийн хаягдлыг аюулгүй болгох технологи байхгүй бөгөөд хэдэн сая жилээр хэмжигдэх насжилттай тэрхүү аюулт бодисыг хаана булшлах нь хүнд асуудал болоод байна.

-Ураны эсрэг тэмцэгчдийг үгүйсгэх хүмүүс олон байдаг. Та бүхний тэмцлийн гол зорилго нь юу вэ?

-Ураныг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Яг үнэндээ хүмүүс энэ асуудлыг огт судалж үзээгүй байж дураараа олон юм ярьдаг. Тэр хүмүүст хандаж хэлье.  Та хоёрхон цаг зарцуулаад юу болоод байгааг өөрөө судлаад үзчих. Тэгээд байр сууриа илэрхийл. Ардчилал гэж хүн бүрийн оролцоо, хариуцлагыг хэлдэг шүү. “Тангадын хараал”-ыг дуусгах цаг болсон. Юу байдаг юм бэ гэж үү. “Бүү мэд, мэдсэнийгээ бүү сонс” гэдэг юм гэнэ. За тэр хараал энэ тэр байдаг ч, байдаггүй ч бай, өнөөдөр ийм л байгаа.

Уранаа Улаанбадрахаар цэглэх цаг болсон шүү. Туршилт юм бол зогсооё. Газар нутаг, хүн, малаа хордсон хордоогүйгээр нь ялгаж, тогтоож, корона вирус дээр ажилласан туршлагаараа ажиллаж, авран хамгаалах яаралтай арга хэмжээ авмаар байна. Хүн амыг нь шинжилгээнд хамруулж, төрөөс зардлыг дааж эмчилье. Генийн өөрчлөлт мутацийн хэмжээг тогтоож, урьдчилан сэргийлье. Хордсон малаа өсгөхгүй, цэвэр бүс нутгаас малжуулья. Хохирсон малчдынхаа хохирлыг барагдуулья. Хориотой бүсүүдийг тогтоож, хүн мал ойртохоос сэргийлье. Цөмийн зэвсэггүй бүсээ батал­гаажуулж, дэлхийд зарлаж, цөмийн бүх хөтөлбөрөөс татгалзья. Германы туршлагыг авья. Үнэ цэнэтэй бүх газар нутгуудаа тусгай хамгаалалтад эхлээд авчихмаар байна. Ирээдүй үр хойчийнхоо төлөө өнөөдөр л бид хариуцлага хүлээе.  Эхчүүд, бүсгүйчүүд минь энгэр дулаан зөөлөн сэтгэлд чинь шивнэж хэлье. Энэ дэлхийг ухааруулаач, сэрээч, босооч.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АМЖИЛТ(172.69.45.138) 2021 оны 09 сарын 16

Маш чухал сэдэв шүү. Монголчууд сэрэмжтэй байх хэрэгтэй

0  |  0
mnbvc(88.116.92.142) 2021 оны 09 сарын 12

оросуудын бууны нохой,германууд хэзээ ч тэгэнгүй

1  |  0
Top