Афганистанд шариатын хууль үйлчилнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

“Талибан” хөдөлгөөн Афганистаны түр засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлажээ. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн тэргүүн, гадаад хэргийн сайд асан мулла /исламын зэрэг дэв/ Мохаммад Хасан Ахунд, шадар сайдаар тус хөдөлгөөний улс төрийн хорооны тэргүүн Абдул Гани Барадар, батлан хамгаалахын сайдаар “Талибан” хөдөлгөөний удирдагчийн орлогч Мохаммад Якуб нар томилогджээ. Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Сиражуддин Хаккани нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжлагдаж байгаа юм. Түүний тэргүүлдэг “Хаккани сүлжээ” бүлэглэл 2017 онд 150 гаруй хүний аминд хүрсэн халдлагыг зохион байгуулсан гэж үздэг.

Шинэ засгийн газар томилогдсоны дараа тус улсад шариатын хууль үйлчилж эхэлнэ гэж “Талибан” хөдөлгөөний тэргүүн Хайбатулла Ахунзада мэдэгдсэн байна. Афганистан нь исламын хууль, үндэсний үнэт зүйлсэд нь харшлаагүй олон улсын бүхий л гэрээ, хэлэлцээрийг даган мөрдөж, хүний эрх, цөөнх болон эмзэг бүлгийн эрхийг исламын шашны шаардлагын хүрээнд хамгаалах болно гэж мэдэгдэлд дурджээ. Талибууд хөрш болон бусад улс орнуудтай хэвийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар, Панжшир муж талибуудын хяналтад ороогүй цорын ганц муж болоод байна. Талибууд болон эсэргүүцлийн фронтынхон ялалт байгуулсан хэмээн ээлж дараалан мэдэгдэж байна. Талибууд тус мужид бүрэн хяналт тогтоосон талаар өмнө нь мэдэгдэж байсан бол эсэргүүцлийн фронтынхон энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wow(64.119.27.243) 2021 оны 09 сарын 09

za saihan eh zahgui ongon hoshnogodolt ch ehelleedee,,

0  |  0
Top