Шинэ Зеландад цаазлуулсан ЦОРЫН ГАНЦ эмэгтэйн түүх

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Минни Дин бол нутгийн домог болон яригдсан эмэгтэй. Шинэ Зеландад эцэг эхчүүд хүүхдүүдээ дүрсгүйтвэл "Харгис Минни Дин ирээд там руу авч явна" гэж айлгадаг аж. Тэр Шинэ Зеландын түүхэнд цаазлуулсан цорын ганц эмэгтэй. Дин эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийг асрамждаа авдаг байсан ч сүүлд нь тэднийг хөнөөдөг байсан гэж дүүжлүүлсэн юм.

Вильямина Дин 1844 онд жирийн кондукторын гэр бүлд төрсөн. Дундаж давхаргын, боловсролтой эмэгтэй гэж өөрийгөө өргөмжилсөн Дин хүүхдүүдэд туслахдаа мөнгөний төлөө шунаж байжээ. Түүний асрамжид янз бүрийн цаг үед нийт 27 хүүхэд байсны 10 нь амьд үлдэж, 6 нь нас барсан бол үлдсэн хэдийнх нь хувь тавилан тодорхойгүй байдаг аж.

Тэр яг хэн байв?

Минни Дин тухайн үедээ “baby farmer” гэж нэрлэгддэг байсан хүүхэд асран хамгаалагч байв. Шотландаас Шинэ Зеландад ирсэн Дин хууль бусаар төрсөн хүүхдүүдийг гадуурхдаг байсан тухайн үеийн нийгэмд гэрэл гэгээ нэмсэн хүн гэгдэхээр байжээ. Түүний асрамждаа авсан 27 хүүхдийн 16 нь гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдүүд байв. Цөхрөнгөө барсан гэр бүлүүд Миннид мөнгө төлж, бүсгүй хариуд нь хүсээгүй хүүхдийг нь асардаг байж.

Тэр өөрөө Шинэ Зеландад хууль бус хүүхдээ нуух гэж ирсэн гэгдэж байжээ. Минни Чарльз Дин гэх ажилгүй, архичин эртэй ханилж, хэд хэдэн хотод амьдарч байв. Эцэст нь нөхөр нь аж ахуйдаа анхаарах болж, Минни хууль бус хүүхдүүдийг асран мөнгө олох ажлаа үргэлжлүүлжээ. Тэрээр сонинд “Нөхөртэй эмэгтэй хүүхэд үрчлэн авахыг хүсэж байна. Тосгонд тохь тухтай гэр оронтой” гэх зар тавих болжээ.

Удалгүй цагдаа нар Диний гэр бүлд анхаарал хандуулж эхлэв. Тэднийг очиж шалгахад бохир заваан гэр орон, 3 хүртэлх насны халтар хүүхдүүд угтжээ. Тэднээс нэг нь жилийн өмнө нас барсан байв. 1895 онд цагдаа нар сэжигтэй зүйл олж илрүүлжээ. Дин галт тэргэнд бяцхан охиныг дагуулан хайрцаг барьж орсон ч буцаад буухдаа хүүхэдгүй байхыг харсан гэрч мэдээлэл өгсөн байна. Асрагч эмэгтэй тухайн үед бүх өвчнийг эмчилдэг байсан лауданумаас хэмжээг нь тооцолгүй үхлийн тунгаар өгч, хийсэн хэргээ нуух гэж охины цогцсыг малгайны хайрцганд нуусан байжээ. Мөн өөр хоёр хүүхдийн цогцсыг цэцэрлэгээс олж, Минниг шүүхэд аваачсан байна.

Уг хэрэг дуулиан тарив. Нийгэмд хүүхдийн алуурчин хэмээн ад үзэгдсэн Динд цаазын ял оноосноор тэрээр Шинэ Зеландад цаазлуулсан анхны бөгөөд цорын ганц эмэгтэй болжээ. Тус улсад өмнө нь эмэгтэй хүн цаазын ял сонсвол бүх насаар нь хорих ял болгон өөрчилдөг байсан аж.

“Бурхан минь, намайг бүү зовоогооч”

1895 оны зуны өглөө Динийг дүүжилжээ. Сүүлчийн удаа ямар нэгэн хэлэх зүйл байгаа эсэхийг асуухад тэрээр “Би буруугүй гэдгээс өөр хэлэх үг алга” гэсэн байна. Сүүлд нь сонинуудад бичсэнээр Дин яг дүүжлэгдэхдээ “Бурхан минь, намайг бүү зовоогооч” гэж хашгирсан гэжээ.

Шинэ Зеландад он удаан жил хүүхэд айлгахад Минни Диний нэрийг ашиглажээ. Харин одоо Минниг үнэн хэрэгтээ хүүхдүүд хөнөөдөг аймшигт алуурчин бус боловсролгүй байдлаасаа болж алдаа гаргасан хөөрхий эмэгтэй байсан ч юм билүү хэмээн ярих болсон байна. 2009 онд түүний холын хамаатан шарил дээр нь чулуу босгоход зориулж мөнгө төлжээ. Урьдын адил Миннигийн шарил дээр цэцэг тавьдаггүй хэвээр байгаа ч түүний түүх өмнөхөөс өөрөөр харагдах болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top