Жан-Поль Бельмондо Францын шигшээгийн боксчин байлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Өчигдөр Францын алдартай жүжигчин Жан-Поль Бельмондо 88 настайдаа энэ ертөнцийг орхин одлоо. Кино, театрын од болохоосоо өмнө тэрээр спортоор хичээллэж, Францын боксын шигшээ багт багтаж байжээ.

Бельмондо нэг бус удаа боксчны дүр бүтээж байсан бөгөөд 2001 онд цус харвасных нь дараа бокс түүний амийг аварсан гэдэг. Тэрээр хөлбөмбөг, дугуйн спортоор хичээллэж байсан ч бокс түүний зүрх сэтгэлийг бүрэн татаж чадсан юм. Жан-Поль багаасаа хулиган байсан тул байнга зодоон цохион хийдэг, гурван удаа сургуулиасаа хөөгдөж байв. Гудамжинд зодолдсоноос рингэн дээр хүч чадлаа гаргаг гэж бодсон эцэг эх нь түүнийг боксын секцэнд оруулжээ. Бельмондо дунд жингийн од тамирчин Марсель Серданыг шүтэн биширдэг байв.

Бельмондо хагас дунд жинд тоглож эхэллээ. 15 дараалсан ялалтын дараа тэр Парис хотын аварга болж, Францын шигшээ багт багтсан байлаа. Мэргэжлийн бокст орохоор шийдэн, бэлтгэл хийж байсан ч эцэст нь жүжигчний мэргэжлийг илүүд үзсэн байна.

“Би бокст дуртай байсан ч өөрийгөө театрт зориулахаар шийдэн, их спортоо орхисон. Боксын аварга болохын тулд бүх юмнаас татгалзах ёстой. Харин би тэгэж чадахгүйгээ ойлгосон” гэж тэр дараа нь дурссан байдаг.

Ээлжит нэгэн тулааны үеэр өрсөлдөгч нь Бельмондогийн хамрыг хугалсан бөгөөд энэ маягаараа кино дэлгэцэнд гарах царайгүй болж мэднэ гэсэн айдас ч нөлөөлжээ. 1963 онд тэр “Фершо” кинонд боксчны дүр бүтээхэд түүнд дүрдээ ороход ямар ч хүндрэл байсангүй. Бельмондо боксын тэмцээн үзэх дуртай байлаа. 2012 онд тэр Жан Реногийн хамт Дюссельдорфт ирж, Францын  Жан-Марк Мормек, Украины Владимир Кличко хоёрын тулааныг үзэж байв.

Бельмондо мөн хөлбөмбөгийн спорттой салшгүй холбоотой. Өнөөгийн алдарт Пари Сен Жермен багийг дөнгөж байгуулагдаж байхад хөрөнгө оруулж, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байснаас гадна өөрөө ч хаалгачийн байрлалд тоглодог байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
К(172.69.252.137) 2021 оны 09 сарын 07

Хайртай жүжигчин мнь

0  |  0
Top