Т.Мөнхсайхан: Одоо бол нэг хүний эмчилгээ 8,5 сая төгрөгөөс илүү байгаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа. Тэрбээр Эрүүл мэндийн сайдаар зургаан сар ажиллаад өөрийн хүсэлтээр огцорсон билээ. Иймд Ерөнхийлөгчийн зөвлөх гэхээс илүү Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан тухайд онцолж ярилцахыг зорилоо.

-Та сайдын ажлаа өгснөөс хойш эмчийн ажилдаа орсон байсан. Энэ хугацаанд нэлээд хэдэн хүнд хагалгаа хийх шиг боллоо?

-Сайдын ажлаа өгснөөс хойш өөрийнхөө мэргэжлийн дагуу хиймэл үений дурангийн мэс засал хийж байна. Одоо ч шаардлагатай иргэдэд үзлэг хийгээд, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.  

-Эрүүл мэндийн сайдын ажлыг богино хугацаанд хийсэн ч өөрийн төлөвлөж байсан зүйлээ эхлүүлж амжсан уу?

-Эрүүл мэндийн сайдын ажлыг зургаан сар гаруй хугацаанд хийсэн. Энэ хугацаанд салбарт маань ямар асуудал тулгамдаж байна, ямар томоохон өөрчлөлт хийх ёстой вэ гэдэгт анхаарч ажилласан. Энэ үед дотоодод КОВИД-19 халдвар гарч, халдвар авсан иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, халдварын тархалтыг хэрхэн бага хэмжээнд барих вэ гэдэгт чиглэж ажилласан.

-Сайдаар ажиллаж байхдаа “үүнийг эхлүүлж амжсангүй дээ” гэсэн бодол төрж байв уу?

-Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх томоохон ажлын эхлэлийг тавьсан. Цаашид энэ маань биеллээ олоод үр дүнгээ өгөөд, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт орох хүртэл илүү ихийг хийх шаардлагатай байсан. Маш олон жил явж ирсэн эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог өөрчилж байгаа учраас алдаатай оноотой зүйл гарч таарна. Тэр болгоныг цаг тухайд нь хурдан засах юм бол илүү үр дүнгээ өгөх ёстой. ЭМД-аар олгодог хөнгөлөлттэй эмийн тогтолцоо тэр чигтээ өөрчлөгдсөн. Энэ үйлчилгээ бол ард иргэдэд нэлээд хүрсэн үйлчилгээ. Гэхдээ сайжруулах зүйл байсан. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажил өргөн хүрээнд хэрэгжиж эхэлж байсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сум, өрх, аймаг, дүүргийн хэмжээнд хөгжүүлж байж нийслэлд төвлөрсөн үйлчилгээ саарна. Үүний зөвхөн эхлэл нь тавигдсан. Цаашид хөгжүүлэх юм бол эрүүл мэндийн салбар өндөр түвшинд хүрэх боломж байна гэж харж байсан. 

-ЭМД-аар олгодог хөнгө­лөлт­тэй эмийг сарын эхний хэдхэн өдөр биш, өдөр бүр авах боломжтой болсон нь иргэдэд илүү амар байгаа байх?

-Хөнгөлөлттэй эмийг сар бүрийн эхний хэд хоногт олгоод, дуусдаг байсан. Өндөр настай иргэд хөнгөлөлттэй эмийг авах гэж өглөө 5,6 цагийн үед эмийн сангийн гадаа дугаарладаг байлаа. Зарим нэгэн хүн үүнийг бизнес болгоод хөгжүүлээд явчихсаныг өөрчилж, бүх эмийн сангаар олгодог болсон. Ингэхдээ тухайн эмийн сан хөнгөлөлттэй олгосон эмийн хэмжээгээр эргүүлээд санхүүжилтээ авдаг болсон. Мөн бизнес болоод байсан асуудлыг хурууны хээтэй холбож, хяналт сайжирсан шүү.

-Эмчээс эхлээд эмнэлгийн дарга, сайд болтлоо дэвшсэн таныг салбартаа олон зүйл хийнэ гэдэг хүлээлт байлаа. Гэвч нэг л өглөө огцрох шийдвэр гаргасан нь тун харамсалтай?

-Миний хувьд эмчээр 10 гаруй жил ажилласан. Хоёр томоохон эмнэлгийг дөрвөн жилийн хугацаанд удирдсан. Иймээс эмч, эмнэлгийн ажилчдад тулгардаг асуудлыг өөрийн биеэр илүү мэдэрч байсан тул асуудлыг шийдээд явах боломж надад байсан.

Манай салбарын нийгмийн асуудал их хүнд байдаг. Эмч ажилчдын цалин мөнгө, орон сууцны асуудал хүнд байна. Үүнийг үндэс сууриар нь шийдэж байж ажилдаа илүү цаг зав зарцуулах боломж бүрдэнэ. Одоо бол “цалин нэмүүлнэ” гэж ярьдаг үе өнгөрсөн. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбарын санхүүжилт өөрөө гүйцэтгэлээр олгогддог тогтолцоо руу нэгэнт шилжсэн. Тиймээс зөвхөн цалин нэмүүлнэ гэж ярихад өрөөсгөл. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт нэмэгдэх ёстой. Жилийн төсөв хэдэн төгрөг юм бэ гэдэг тооцоо энэ жилээс л тодорхой болж байна. Бид ямар тусламж үйлчилгээг хэдэн төгрөгөөр үзүүлж болох юм бэ гэдэг тооцоог гүйцэтгэлтэй уялдуулснаар гаргаж чадлаа. Иймд тэр тооцоог салбарын төсөвт тавиулах талаар цаашид ярих ёстой. Санхүүжилтийг нь нэмээд өгөх юм бол эмч ажилчид хийсэн ажлын гүйцэтгэлээр одоо байгаагаас хэд дахин өндөр цалин авах нөхцөл бүрдэнэ. Манай салбарын санхүүжилт 2016 оноос хойш тасралтгүй нэмэгдэж ирсэн. Мөн үетэй харьцуулбал 2020 онд хоёр дахин нэмэгдсэн. Одоо энэ салбарт шаардлагатай санхүүжилтийн гуравны нэг хувь нь орж ирж байна. Тэгэхээр цаашид 2,5-3 их наяд төгрөгийн санхүүжилт өгснөөр тусламж үйлчилгээ тас­ралтгүй явагдах нөхцөл бүрдэх юм.

Гаднаас эм тариа, мөнгө төгрөг авдаг гэх асуудал байнга л яригддаг. Үүнийг шийдэхийн тулд салбарын санхүүжилтийг байх ёстой хэмжээнд нь олгох ёстой. Хүрэлцэхгүй мөнгөөр тусламж үйлчилгээг өдий хүртэл үзүүлж ирсэн. Өмнө нь эрүүл мэндийн салбарт яг хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэдэг тооцоог гаргаж байгаагүй. Гүйцэтгэлээр санхүүжилт олгоно гэж шийдэж өгснөөр 2,5-3 их наяд төгрөг шаардлагатай юм байна гэдэг нь тодорхой болсон. Хүрэлцэхгүй санхүүжилтээр өндөр түвшний тусламж үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй шүү дээ.

-Сайдын суудлаа өгсөн тэр мөчид танд харамсалтай санагдаж байсан уу?

-Үгүй. Яагаад гэвэл тухайн үед гаргасан шийдвэр маань зөв байсан. Иргэдийн жагсаал цуглаан халдварыг нэмэгдүүлэх маш том эрсдэл гэж харсан. Тэр том эрсдэлийг байхгүй болгож чадсан. Надад бол харамсаад байх зүйл байхгүй. Миний ажлаа өгөх шалтгаан болсон  дөнгөж төрсөн эмэгтэйд тохиолдсон үйл явдал нь өөрөө эрүүл мэндийн салбарт маш том өөрчлөлтийг авчрах цаг нь болсныг харуулж байгаа юм. Яагаад гэвэл төрөх эмнэлэг, дүүргийн эмнэлэг нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа юм. Одоогоор Эрүүл мэндийн сайдын хариуцах асуудалд багтдаггүй гэсэн үг. Тэгэхээр цаашид нийслэл дүүргийн эмнэлэг, төрөх эмнэлгүүдийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд оруулж, босоо тогтолцоо бий болгож байж жигд хөгжинө. Энэ тогтолцоог өөрчлөх ёстойг тодорхой хүмүүс нь харж, мэдэрсэн болов уу. Тэгэхээр цаашид бодлогын хувьд үнэхээр хариуцлага хүлээж байгаа бол тогтолцоогоо зөв болгох шаардлагатай.

-Ковидын халдварын үед эрүүл мэндийн салбарын зардал илүү өндөр гарч байх шиг байна. Халдвар авсан нэг хүнийг 8,5 сая төгрөгөөр эмчилдэг гэж та мэдэгдэж байсан. Гэтэл эмнэлэгт хэвтсэн хүмүүс ийм хэмжээний зардал гарахгүй гэдэг шүүмжлэл хэлсэн. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ талаар би тухайн үед маш их тайлбарлаж байсан. Уг тооцоог би гаргаж ирээд хэлчихсэн юм биш. Бүх тусламж үйлчилгээ, эмч ажилчдын цалин, хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжийн зардал, нэг удаагийн хувцас, эм, тариа, өдөрт өгч байгаа хоол гэх мэт бүх зардлыг оруулаад, дунджаар 8,5 сая төгрөг зарцуулж байна гэсэн судалгаа юм. Би цээжээр хэлсэн тоо биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нийтдээ 200 мянган төгрөгийн эм уугаад эдгэрсэн хүн бий. Гэтэл 24,25 сая төгрөгөөр эмчлүүлж байгаа хүн байна шүү дээ. Хүндэрч байгаа хүний тоо их байгаа учраас нэг хүнд ногдох зардлын хэмжээ илүү нэмэгдэж байгаа гэж би харж байна. Эрчимт эмчилгээнд ямар их зардал гардгийг хүмүүс мэдэхгүй шүү дээ.

-Халдвар аваад, эмнэлэгт хэвтсэн хүн бүрийн тоогоор 8,5 сая төгрөг шилжүүлнэ гэсэн үг үү?

-Үгүй. Гүйцэтгэлээр олгож байгаа санхүүжилт 2021 оны гуравдугаар сараас хэрэгжсэн. Иймд улсын эмнэлгүүд халдварын үеийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлж байна. Ингэснээр гүйцэтгэлээр санхүүжилтээ аваад, эмч ажилчдын цалин мөнгөө шийдэж байгаа юм. Хэрэв хуучин тогтолцоогоор явж байсан бол бусад эмнэлгүүд коронавирусний халдвартай өвчтөн авахад хүнд­рэлтэй байна. Бидний хийсэн хамгийн том бэлтгэл ажлын нэг нь гүйцэтгэлийн санхүүжилт юм. 2020 онд бол халдвартай хүнийг эмчлээд 8,5 сая төгрөгийн санхүүжилт хэзээ ч олгоогүй гэдгийг тодотгож хэлмээр байна.

-Улсын эмнэлгийн байр хуучирч, дээврээс нь ус дусдаг тул үнэтэй тоног төхөөрөмж нь эвдрэх эрсдэлтэй байна. Үүний нэг жишээ нь ХӨСҮТ. Тэр утгаараа ХӨСҮТ-ийг шилжүүлнэ, шилжүүлэхгүй гээд Д.Нямхүү эмчтэй нэлээд ширүүн маргах шиг болсон?

-Тухайн үед эмнэлгээс үүдсэн халдвар гарах эрсдэл өндөр байсан. Тиймээс ХӨСҮТ-д бүрэн ариутгал хийж, улаан шар, ногоон бүсийг тодорхой болгох шаардлага үүссэн. ХӨСҮТ-ийн өвчтөнүүдийг зөөх гээд байна гэж ойлгож болохгүй. Тухайн үед Цэргийн төв эмнэлэг халдвартай иргэдийг авч байсан. Иймд халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-өөс өөр эмнэлэгт хэвтүүлээд, ХӨСҮТ-д байгаа өвчтөнүүдийг эдгэрч гарсны дараа засвар хийх боломжтой гэж үзсэн. Үүнээс л үүдэж гарсан маргаан юм. Эмнэлгийг ямар түвшинд авч явах нь тухайн удирдлагаас их шалтгаална. Хоёрдугаарт, санхүүжилт зөвхөн ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар шийдэгддэг. Тэгэхээр үүнийг өөрчлөхгүйгээр улсын эмнэлгүүдийн тохижилт, стандарт ярихад хэцүү. Иймд эмнэлэг бүр санхүүжилтээ олох нөхцөлийг бид бүрдүүлж өгсөн. 

Миний хувьд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын I төв эмнэлгийн удирдлагаар ажиллаж байхдаа эмнэлгийн тохижилт, стандартад анхаарч томоохон өөрчлөлт хийж байсан. Гэхдээ ийм арга барилаар бүх улсын эмнэлэг хөгжих боломж хомс учраас  гүйцэтгэлээр санхүүжилт авах суурь боломжийг нь олгож өгсөн.

-Д.Нямхүү эмч та хоёрын маргаан нийтийн эрх ашгийн төлөө байсан ч таныг настай хүнтэй эвгүй харилцсан гэх шүүмжлэл байсан?

-Тэр хэрүүл өрнөх үед видео хурал болж байсан юм. Хурлын бичлэг ашиглаж засвар хийсэн байна лээ. Гэхдээ ажлаас болж муудалцах үе гарна. Тухайн үед нөхцөл байдал хүнд байсан учраас зөв арга хэмжээ авах ёстой. Ингэхийн тулд үзэл бодлын зөрчил гарахыг алийг тэр гэх вэ. Ажил хийж байгаа хүний хувьд байдаг л асуудал гэж харж байна.

-Нэгэнт маргаан ярьсаных дахиад нэг маргааны талаар асуумаар байна. Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл таныг цахим хаягаараа дамжуулан “Т.Мөнхсайхан юу ч хийгээгүй. Миний хийсэн ажлын суурин дээр байсан” гэдэг агуулгатай шүүмжлэл бичсэн байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Д.Сарангэрэл сайдын үед ковид-19 дөнгөж цар тахал гэж зарлагдаад байсан үе. Тухайн үед Д.Сарангэрэл сайд авах ёстой арга хэмжээнүүдийг маш сайн авч байсан. Түүний шийдсэн маш олон асуудал намайг сайд байхад биеллээ олсон. Тэгэхээр Д.Сарангэрэл сайдын үед маш олон ажил хийгдсэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би сайд хийж байх хугацаандаа дотооддоо халдвар алдахгүй байх, халдвар алдсан тохиолдолд бага хохиролтой даван туулах бодлого шийдвэрийг гаргаж ажилласан. Бодлогын хувьд томоохон өөрчлөлт хийсний үр дүнд өнөөдөр ковидын тусламж үйлчилгээ өдий хэмжээнд явж байгаад нь талархаж сууна. Нэгдүгээр сарын 30-ныг хүртэл халдварыг доод түвшинд барьж чадсан. Хамгийн өндөр халдвар илэрч байсан үе гэвэл өдөрт 40 гаруй тохиолдолд бүртгэгдэж байлаа. Энэ нь УОК болон ЭМЯ хамтарч зөв ажиллаж чадсаны үр дүн гэж харж байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Короно тараасан (172.69.219.135) 2021 оны 09 сарын 09

Улс үндэстнээр нь нэг корона болгож ХАЯЧААД төлбөртэй өөрийгөө магтуулаад ИЧЭЭЧЭЭ. Ямар нүүрээрээ мөнгөөр ярилцлага өгөөд яваад байдаг юм

0  |  0
Короно тараасан (172.69.219.135) 2021 оны 09 сарын 09

Улс үндэстнээр нь нэг корона болгож ХАЯЧААД төлбөртэй өөрийгөө магтуулаад ИЧЭЭЧЭЭ. Ямар нүүрээрээ мөнгөөр ярилцлага өгөөд яваад байдаг юм

0  |  0
hmmm(172.69.252.143) 2021 оны 09 сарын 07

chimej chimej hiimleer hiisen yariltslaga. yag munguur said bolson 60 terbumiin manuuhai. novsh.

0  |  0
hmmm(172.69.252.143) 2021 оны 09 сарын 07

chimej chimej hiimleer hiisen yariltslaga. yag munguur said bolson 60 terbumiin manuuhai. novsh.

0  |  0
hmmm(172.69.252.143) 2021 оны 09 сарын 07

chimej chimej hiimleer hiisen yariltslaga. yag munguur said bolson 60 terbumiin manuuhai. novsh.

0  |  0
ii(162.158.178.112) 2021 оны 09 сарын 07

hun hog

0  |  0
Z(202.9.46.79) 2021 оны 09 сарын 07

Uhaalag ireeduitei zaluu shuu, Amjilt amjilt

1  |  1
Z(202.9.46.79) 2021 оны 09 сарын 07

Uhaalag ireeduitei zaluu shuu, Amjilt amjilt

1  |  0
Дорж(103.212.119.127) 2021 оны 09 сарын 07

Цогцэцэг гэж бөөн шунал ер нь эмэгтэй эмч нар бүгд шуналтай шүү дарга болвол улсын хөрөнгө жавшана маш хэцүү хүмүүс ер нь эмэгтэйчүүд хүүхэдээ л өсгөж сайн хүн болговол тэр чихь дарга болсоос илүү шагнал дарга нарын хүүхдүүд яагаад хар тамхинд орж бна гэвэл эцэг эх нь албан тушаалынтөлөө үр хүүхдээ хаян явсан. Ядуу хүмүүс нь хоол олох гэж явдаг ийм нийгэмд амьдарч бна даа. Алтан дээр суусан гуйлгачин орон болсон бна шүү

1  |  0
100(66.181.171.26) 2021 оны 09 сарын 07

munguur darga said bolson jiheme pop hun dee ichihgui shuu

0  |  0
чи өөрөө жижиг гар(202.21.124.2) 2021 оны 09 сарын 07

Ишшшш Цогцэцэг гэнэ үү харьцуулах хүнээ мөн олов оо хэ хэ

1  |  0
зочин(119.40.98.153) 2021 оны 09 сарын 07

харьцуулах хүнээ мөн оловоо

1  |  0
Жижиг гар(202.126.90.53) 2021 оны 09 сарын 07

Энэ нөхөр Цогцэцэг сайдын хажууд өчүүхэн л дээ.

0  |  3
Top