“Иргэн баян бол улс баян” гэдэг дээ

2021 оны 09 сарын 07

Ардын хувьсгалын анхдагчдын нэг С.Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээсэн нь бий. Өнөө цагт зарим иргэн баян байгаа ч улс орон нь ядруухан болжээ гэх хүн цөөнгүй. Үнэн ч байх. Жишээ нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Хувийн амьдрал минь аз жаргалаар бялхаж байгаа ч улс орон уруудаж байна” хэмээн цахим орчинд жиргэжээ. Тэгэхээр түмэн олон зөв харж, зөв л ярьж байгаа хэрэг. С.Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн өдгөөгөөс 100 жилийн өмнө хэлж, үүнээс хойш 70 орчим жилийн дараа монголчууд ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд хөл тавьж, өмч хувьчлал нэртэй дээрэм ч явагдаж, өмч хувьчлалаас төрсөн тэрбумтнууд өнөөдөр Монгол Улсын тэргүүн баячууд болжээ. Баян ядуугийн ялгаа улам л их болох төлөвтэй. Өнөөдөр Монгол Улсад дундаж давхарга гэж байхгүй. Хэт их баяжигчид, эсвэл ядуус бий болсныг статистик дүнгээс ч харж болно, бодит нөхцөлөөс ч харж болно.

Харин улс орны хэмжээнд гадаад өр 32.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж, шатахуун түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ төрөл тус бүрдээ өсч, ядуусын эгнээ тэлсэн ийм л орчинд амьдарч байгааг нуух аргагүй. Тиймдээ ч гишүүн асан Г.Уянга миний амьдрал баян байгаа ч улс орон ядуу байна хэмээн жиргэсэн биз ээ. Гаднаас авч байгаа энэ их зээл, тусламж чухам хаана очдог вэ. Зээл тусламжаас гадна уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирж байгаа хөрөнгө мөнгө хаашаа орж байна. Гурван сая гаруйхан иргэнд хангалттай хүрэлцэх эх үүсвэр байдаг хэмээн эрдэмтэд хэлдэг ч хүртэж байгаа нь маш цөөн аж. Өнөөдөр Монгол Улсад байгаа баячуудыг төрөөс төрсөн тэрбумтнууд, уул уурхайгаас төрсөн баячууд хэмээн хоёрхон ангилахад болно. Бусад нь бизнесмэн нэртэй зээл төлбөрт баригдсан хүмүүс бий. Үндэсний том том группууд, тэдний эздийг тэрбумтан, баячууд хэмээн сүрхий нэрлэх ч үнэн хэрэгтээ улс төр бизнесийн бүлэглэлд багтсан хэдэн нөхөд байдаг.

Тэд улс төрөөс дэмждэг авахгүйгээр өөрийнхөөрөө тоглолт хийх нь ховор бөгөөд боломжоор хомс. Бүгдээрээ улс төрөөс дэмжлэг авч ажлаа явуулна. Тийм ч учраас том группын эзэд болон зарим төлөөллүүд нь парламентад орж ирээд суучихаж байна. Нэгэнт улс төрөөс хамаарал бүхий бизнестэй хүмүүс түүнийгээ хамгаалах замаар ийн орж ирж байгаа нь цаашид баячууд нь улам баяжиж, ядуусын хүрээ тэлэх төдийгүй улс орон ч ядуу хэвээрээ байхыг учир мэдэх хүмүүс сануулан тэмцсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top